Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүллээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл Алматы хотын “Балуан Шолак” аренад боллоо.

Манай улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй багаа сойж, нийт долоон медальтай өндөрлүүлэв.

Тодруулбал, 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн.

Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв.

Тэгвэл манайхнаас ердөө таван оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд (4 алт+1 мөнгө+2 хүрэл) аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) 156 оноогоор гутгаар байрт оров.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

50 кг: 1. Валентина Исламова (Казахстан) 2. Жасмина Иммаева (Узбекистан) 3. Сеема (Энэтхэг)

53 кг: 1. Винеш Фогат (Энэтхэг) 2. Мен Шуан Хие (Тайвань) 3. Ассилзат Сагымбай (Казахстан)

55 кг: 1. Мөнхболдын Дөлгөөн (Монгол), 2. Мадина Усмонжонова (Узбекистан) 3. Айша Уалишан (Казахстан)

57 кг: 1. Аншу (Энэтхэг) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 3. Алтынай Сатылган (Казахстан)

59 кг: 1. Сарита (Энэтхэг) 2. Баатаржавын Шоовдор (Монгол) 3. Нураида Анаркулова (Кыргызстан)

62 кг: 1. Айсулуу Тыныбекова (Кыргызстан) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Ирина Кузнецова (Казахстан)

65 кг: 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Сакши Малик (Энэтхэг) 3. Ли Хан Бит (БНСУ)

68 кг: 1. Меерим Жуманазарова (Кыргызстан) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол) 3. Жёон Сун Ун (БНСУ)

72 кг: 1. Дивья Какран (Энэтхэг) 2. Жамила Бакбергенова (Казахстан) 3. Энхбаярын Цэвэгмэд (Монгол)

76 кг: 1. Эльмира Сыздыкова (Казахстан) 2. Айпере Медет Кызы (Кыргызстан) 3. Поожа (Энэтхэг)

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …