Б.Бумдэлгэр:Батлагдсан тохиолдлын ойрын хавьталд шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.15/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр мэдээлэл өглөө.

Б.Бумдэлгэр“Халдвар нэмэгдэхийн хэрээр шинжилгээний ачаалал нэмэгдэж байгаа. Дүүргүүдийн сорьц цуглуулах цэгүүд дээр шинжилгээний цаг дууссан, хэд хоног хүлээж байж шинжилгээ өгөхөөр байна гэсэн гомдол их ирж байна.Гэтэл халдвар хүн амын дунд тархчихсан байгаа одоогийн нөхцөлд хүн бүрээс PCR шинжилгээ авах боломжгүй.

Тус шинжилгээ нь хугацаа их шаарддаг. Тухайлбал, лабораторид таван хүний сорьцыг нийлүүлж шинжлээд сөрөг гарвал бүгд сөрөг, эерэг гарвал аль сорьц нь эерэг вэ гэдгийг дахин шинжлээд халдвартай сорьцыг тодруулдаг. Энэ үйл явц нэлээд хугацаа шаардагдана.

Иргэд зайлшгүй шаардлагатай биш бол сайн дураараа шинжилгээ өгч ачаалал нэмэх хэрэггүй. Үүнээс болоод шинжилгээний хариу гарах хугацаа удаашраад байна. Тиймээс аль болох эрсдэлд бүлгийнхэн буюу хавьтлуудаас шинжилгээ авах тактик барьж байна.

Иргэд маань шууд л PCR шинжилгээ хийлгэе гэхээсээ илүү коронавируст халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна уу гэдгээр нь өөрийгөө үнэлэх хэрэгтэй.

Халдвартай нь батлагдсан хүнийг гэрээс нь очиж авахдаа халдвар авсан хүний ойрын хавьтал болсон хүний шинж тэмдгийг ажиглаад, шинж тэмдэг илэрсэн бол түргэвчилсэн оношлуур тавина. Засгийн газрын зүгээс мэдрэг чанар өндөртэй түргэвчилсэн оношлуур олох, нийлүүлэх ажил дээр эрчимтэй ажиллаж байгаа.

Түргэвчилсэн оношлуурын хариу 10 минутад гарна. Халдвартай нь батлагдсан хүнийг гэрээс нь очиж авахдаа гэр бүлийн гишүүдийг нь үлдээх үү, халдвар авсан тохиолдолд биеийн байдлыг нь хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр шинэ стратеги гаргахаар ХӨСҮТ, НЭМГ гээд мэргэжлийн байгууллагууд ажилласан.

Халдвартай нь батлагдсан хүний ойрын хавьталд шинж тэмдэг илэрсэн бол түргэвчилсэн оношлуураар оношлоод эерэг гарвал батлагдсан өвчтөнтэй цуг эмнэлэг рүү хүргэнэ.Гэхдээ хүндрэх магадлал байна уу гэдэг эмнэлзүйн үнэлгээг хийнэ. PCR шинжилгээгээр батлагдсан хүмүүс тодорхой хугацааны дараа хүндэрч ирж байна. Тиймээс анхнаасаа гэрт нь очоод хүндрэх магадлалтай хүмүүсийг эмнэлэгт хүргэх тактик барьж байна.”гэлээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …