“Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн ОУ-ын цахим наадам болно

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан, Монголын Контемпорари балетын хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. 

“Моушин Монголиа” наадмыг 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар цахимаар явуулна. 

Хотын хэмнэлийг юу тодорхойлдог вэ?

Өнгөрсөн үеийн түүх, дурсгал, хөгжил цэцэглэлт, харилцаа холбоо, иргэний сэтгэл оюун тухайн үеийн хэмнэлийг бий болгох ба энэ нь нөхцөл байдлаас үүдэн тогтмол хувьсан өөрчлөгдөнө: түчигнэнэ, шаагилдана, чихцэлдэнэ тэгээд гэнэт зогсоно. Яг л бүжиг мэт… Өнөөгийн хотынхоо хэмнэлийг бүжгээр илэрхийлэхийг зорино.

“Хотын хэмнэл” бүжгийн наадам нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд,

  • “Хотын хэмнэл” нээлтийн тоглолт
  • “Хотын хэмнэл” бүжиг. “Сүлд” чуулгын бүжиг дэглээч Ё.Дамчаабадгарын цахим найруулгаар хүрнэ.
  • “Хотын хэмнэл” олон улсын бүжгийн хөтөлбөр
  • Наадмын уралдаант бус хэсэг тус тус багтана. 

МУЗ нь олон улсын мэргэжлийн бүжгийн байгууллага, хамтлаг, уран бүтээлчдийн дунд 2021 оны нэгдүгээр сард хотын хэмнэлийг илэрхийлсэн богино хэмжээний  видео бичлэгийн урладаан зарласан. Олон улсын бүжгийн богино хэмжээний  видео бүтээлийг “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн олон улсын наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia  фэйсбүүк хуудсаар үзэгчдэд цахимаар хүргэнэ.

Тус хөтөлбөрийн шилдэг бүжгийн тоглолт нь “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болно.

Тусгай хөтөлбөр

Өмнөд Солонгосын “Libre Joven” хамтлаг болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан “A Meeting Hands” цахим тоглолтыг “Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн олон улсын наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ.

“Хотын хэмнэл” Монгол бүжигчдийн уралдаант хэсэг

Тус уралдаан нь Монголын мэргэжлийн бүжгийн байгууллага, чуулга, хамтлагийн дунд 2021 оны нэгдүгээр сард зарлагдсан.

Богино хэмжээний видео бүтээлүүдийг “Моушин Монголиа” наадмын албан ёсны фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ. Мөн эдгээр бүтээлүүдээс наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн ”Шилдэг бүжиг дэглээч”, “Шилдэг эрэгтэй гоцлол”, “Шилдэг эмэгтэй гоцлол”-ийг тус тус шалгаруулна.

Сургалт, мастер класс

Олон улсын хэмжээнд орчин үеийн бүжгийн салбарт тэргүүлж буй шилдэг уран бүтээлч, сургагч багш болох Жөү Алегадо, “Акрам Хан” бүжгийн компанийн бүжиг дэглээч, Ричард Сийгалын бүжгийн компанийн бүжиг дэглээч, СУИС-ийн БУС-ийн ахлах багш, бүжиг дэглээч, судлаач М.Мөнгөнцэцэг, уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулгын бүжигчин, бүжгийн багш Т.Содгэрэл нар мэргэжлийн бүжигчид болон оюутнуудад бүжгийн сургалт,  мастер класс зохион байгуулна.

Кино үзвэр

Бүжгийн сэдэвт кино үзвэрийг Гёте-Институт болон АНУ-ын Элчин сайдын яамны “Америк кино үзвэр” хөтөлбөртэй хамтран зохион байгуулна.

Санал болгох мэдээ

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ …