Турах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу

Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг.

Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний биеийн эрүүл, эмгэг байдалд нөлөөллөө үзүүлдэг. Тиймээс уламжлалт анагаах ухаанд амтны тухай гүн гүнзгий онолын ойлголт байдаг бөгөөд эм найруулах арга, хоол хүнсний эрдэм, чадлыг амт түүний махбодын онолоор судлаж үздэг.
Амт нь хүний хий, шар, бадганы 20 бэлгэ чанарт нөлөөлж байдаг. Амт нь хүний бие махбодод нөлөөлөхөөс гадна сэтгэлзүйд бас нөлөөлдөг. Тухайлбал, амтлаг амт нь хүний сэтгэлзүйд тааламжтай, дахин амтлах хүсэл төрүүлж байдаг бол гашуун амт нь дуршлыг бууруулж дахин амтлах хүслийг буцаадаг онцлог чанартай. Гашуун амт нь сэтгэлд тааламжгүй санагдах боловч хүний биед сайн нөлөөллөө үзүүлэх нь бий.
Амтлаг амт шороо, усан махбодын хувь дийлэнх байдаг. Тиймээс амтлаг амтыг хэтрүүлэн хэрэглэвэл шороо, усан махбод хүний биед ихсэж, бадганы өвчнийг үүсгэнэ. Харин амтлаг амтыг тохируулж хэрэглэвэл тустай. Хий өвчний үед, цус шарын халуун төрлийн өвчинд амтлаг амт тустай. Гэхдээ түүнийг тэнцвэртэй хэмжээнд хэрэглэхгүй бол тухайн өвчнийг эдгээх боловч дахиад өөр өвчнийг үүсгэх магадлалтай.
Сүүлийн үед хүмүүс давсгүй хоол идвэл турна гээд хоолондоо давс хэрэглэхгүй байна. Энэ бол маш буруу. Давсыг хоолондоо заавал хэрэглэх хэрэгтэй. Давслаг амт нь ус, гал махбодын хувь их байдаг учраас хүний биед хий, цус, бадган сальс хуйларч бөөгнөрөхөөс сэргийлнэ. Мөн галын илчийг тэтгэж, хоол ундны шингэлтийг сайжруулж, бодисын солилцоог идэвхжүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Бид хоол ундандаа иодтой давс, жамц давс, улаан давс, хужир зэргээр давслаг зүйлүүдийг хэрэглэдэг. Харин уламжлалт эмэнд 20 гаруй төрлийн давсыг хэрэглэдэг. Эдгээр төрөл бүрийн давсанд давслаг амтны нийтлэг чанар агуулагдахаас гадна, өөр өөрийн мөн чанарын чадлууд агуулагдаж байна. Гэхдээ давслаг амтыг хэрэгтэй гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэрэв давслаг амтыг байнга хэтрүүлэн хэрэглэвэл үс унаж халцрана, үс цайж цагаан үс ургана, нүүрний арьс болон бүх арьс үрчлээтэнэ, мөн цус, шараас үүдэлтэй олон өвчнийг үүсгэх эрсдэлтэй. Яг үүнтэй адил бүх амтанд хүний биед үзүүлэх сайн чанар агуулагдах боловч хэтрүүлж хэрэглэвэл янз бүрийн өвчнийг үүсгэдэг.
Хийн бэлгэ чанар хямарсан үед буюу яс, чих, зүрх, амин судас зэрэг хийн орнуудад эмгэг өөрчлөлт орсон үед амтлаг, исгэлэн, давслаг, халуун амт зонхилсон хоол унд, эмийг хэрэглэнэ. Харин шарын бэлгэ чанар хямар цус, шар, халуун язгуурын өвчний үед гашуун, амтлаг, эхүүн амт зонхилсон идээ, унд, эмийг хэрэглэнэ. Бадганы бэлгэ чанар хямарсан үед халуун, исгэлэн, давслаг амттанг зонхилон хэрэглэнэ. Ер нь аливаа улс үндэстэн өөрийн уламжлалт хоол, ундаа л хэрэглэх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг олон орны анагаах ухааны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь тэрхүү уламжлалт хоол нь тухайн орны байгаль, цаг уурын онцлог, түүнтэй зохицон хэдэн мянган жилээр амьдарч үр, удам нь болж амьдарч байгаа хүмүүсийн бие махбодын онцлог, өвөрмөц чанартай уялдсан байдаг. Тиймээс хүмүүс аль  болох байгалийн гаралтай хүнсний цэвэр бүтээгдэхүүнээр гэртээ, өөрсдөө бэлтгэсэн хоолоо түлхүү хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, 
АУ-ы доктор Г.Одонцэцэг

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. зочин says

    Хий өвчин шар,бадгана гэж чухам юу юм бэ.Анагаахын шинжлэх ухааныг монголчилсон нэр юм уу.Дэлхийн анагаахын шинжлэх ухаанд ийм нэр томьёо эрээд ч олохгүй.Бид чинь дэлхийн анагаахын шинжлэх ухаантай хөл нийлүүлж алхах ёстой.Угаасаа анагаахын нэр томьёог эртнээс латин хэлээр голдуу хэрэглэж ирсэн байдаг.Уламжлалын гэх зохиомол хачин нэр томьёогоо орчин үеийн дэлхийд хэрэглэдэг нэр томьёотой жишиж үз дээ.

  2. Зочин says

    Жаахан шинжлэх ухаанч тайлбар өгөх гэж оролдъё. Хүний биеийн үлэм хэсэг уснаас бүрддэг. Усаар дамжуулан эрдэс бодисоор эс тэжээгддэг. Тэгвэл үүнээс өчүүхэн нэгж хүний биед асар их үүрэгтэй. Энэ бол цахилгаан цэнэг. Хүний бүх булчин цахилгаан цэнэгийн хүчээр ажилладаг. Булчингийн оролцоогүй эд эрхтэн гэж бараг байхгүй шүү дээ. Тэгэвл хүний биеийн шингэн тодорхой давс, эрдсийн агууламжаар баяжиж электролизын уусмалын үүрэг гүйцэтгэснээр цахилгаан цэнэг дамжихад саадгүй болох буюу бидний булчингийн ажиллагаа идэвхжиж байдаг. Тэгэхээр давс бол амьдралын үндэс байх нь. Гол нь тааруулж хэрэглэх ёстой. Тааруулах тунгийн талаар ДЭМБ-с гаргасан зөвлөмж байдаг. Түүнийг мөрдөхөд л болно. Мөн хэт их давсны агууламжтай нөөшилсөн самар, хагас болон бүтэн боловсруулсан давсалсан махан бүтээгдэхүүн, нийтийн хоол, чипс, түргэн хоол, сода буюу хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн дарсан хүнсийг аль болох бага хэрэглэж байх чухал. Мөн аливаа хүн өдөрт зохих хэмжээгээр хөдлөж, дасгал хийж илүүдэл давсаа хөлсөөр гаргаж байх ёстой. Үгүй ядаж 7 хоногт 2-3 удаа идэвхтэй дасгал хийж байх. Давс нь уйлах, хөлс гарах зэргээр гадагшилдаг. Илүүдэл давсыг гадагшлуулахгүй бол бас бие хямарна.

    1. Зочин says

      Нэмэрт нь хэлэхэд манай бүсгүйчүүд голдуу ардууд 3 хор хэмээн идэхийг цээрлэдэг. Энэ бол маш буруу явдал бөгөөд тэр чинээгээр манай эмэгтэйчүүд мунхаг байгаагийн нотолгоо юм. Тэд үүгээрээ өөрсдийгөө ердөө алж байна. Ингэснээр тэдний биеийн хүчил шүлтийн тэнцвэр алдагдаж яс сийрэгжих, уймраа болох, эрт цэвэрших, элдэв өвчинд тэсвэргүй болж дархлаа муудах зэрэг аюулд өртдөгөө тэд анзаардаггүй. Чихэр бол биеийн чухал тэжээл. Энэ нь цусны даралтын тогтвортой байдлыг хангах ба сэтгэл ханамжийн дааврыг өдөөдөг. Зохих хэмжээний чихрийг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчлөлөөс сэргийлж, залуу, толиотой байдлаа хадгална. Өөх бол нэн ялангуяа монголд амьдарч буй иргэдийн хувьд амин чухал. Өөх тархины өөхөн эдийг сэргээж, тослог байдлаар хангаснаар тархи чулуужих байдлаас сэргийлнэ. Мөн ой ухааны эрүүл байдлыг дэмжиж сэтгэх чадварт эерэгээр нөлөөлнө. Мөн хүний биед зохих хэмжээгээр өөхний агууламж байх нь тамир тэнхээ, чийрэг байдалд ихээхэн нэмэртэй. Ер нь монголд амьдарч буй хүн өөрийн зохист жинг 5-10 кг-аар илүү байхаар тооцож хоол хүнснээсээ илчлэгийг авч байх ёстой.

Reply To зочин
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.