Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн шийдвэрлэв

 Улсын  Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов.

“Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар танилцууллаа.

    Монгол Улсын Их Хурлаас 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдөр баталсан “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолыг хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хориг тавьсан.

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар 1 дэх хэсгийн 1-т заасан эрхийнхээ хүрээнд дээрх хоригийг тавьсан болохыг Ө.Шижир дарга танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байдаг Үндсэн хуулийн цэцийг байгуулах, гишүүдийг нь томилж, чөлөөлөх асуудалд хууль тогтоомжийн дагуу хандах нь зүйтэй гэдгийг хэлж байв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заасан байдаг. Энэхүү заалтыг эрх бүхий байгууллага хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг нэр зааж, эгүүлэн татах саналаа Улсын Их Хуралд тавихаас биш, Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль зөрчсөн тул санал болгож, томилуулсан хүмүүсийнхээ аль нэгийг эгүүлэн татья гэх байдлаар санал тавих боломжгүй гэж үзсэнийг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.

    Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг санал болгох болон томилуулах бүрэн эрхийг тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг дээрхийн адил хэрэгжих ёстой гээд “Бүрэн эрхийн хугацаа дууссан гишүүдийн аль нэгийнх нь оронд томилоорой” гэдэг саналаар асуудлыг шийдэх нь хуульт ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа аж.

    Дамдинсүрэнгийн Солонго, Шарын Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу Монгол Улсын Их Хурал 2013 оны арван хоёрдугаар сарын 26-ны өдрийн 70 дугаар тогтоолоороо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилжээ. Үндсэн хуулийн цэцийн эдгээр гишүүд нэг өдөр, нэг тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дууссан байна. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна гэлээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий Үндсэн хуулийн цэцийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүйгээр байгуулах нь талуудын хүлээсэн үүрэг гэдгийг онцолж байв.

    Хууль зүйн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр уг асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцсэн болохыг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтдээ дурджээ.

    Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлаарх Улсын Их Хурлын шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно.

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоол нь төрийн эрх мэдлийн тэнцлийг алдагдуулж, шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Байнгын хороогоор хэлэлцээгүй тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан нь хууль зөрчсөн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нараас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөн нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хийсэн улс төрийн шийдвэр гэж харж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийддэг бөгөөд томилох асуудал дэмжигдсэн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцдэг жишигтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэр нь цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай давхцсан нь тус шийдвэрийг улс төрийн шинжтэй харагдуулж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хоригийг хүлээн авсан тохиолдолд Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болж, Улсын Их Хурлын шийдвэр нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалтныг томилж, чөлөөлсөн Улсын Их Хурлын шийдвэрт хориг тавьсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар санал хэлсэн байна. 

    Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувь нь “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзсэн талаарх санал, дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаарх танилцуулга болон энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь, Ц.Туваан, М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, хариулт авлаа.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай энэ удаагийн шийдвэрийг эрх мэдлийн төлөөх тэмцэл мэтээр харагдуулах сонирхол талуудад байгаа ч үнэндээ Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдсан зүйл огт байхгүй гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн хэлсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх мэдлийн хяналт-тэнцлийг зөв хуваарилалт, зохистой байрлалд оруулахад чиглэсэн бүхнийг Ерөнхийлөгчийг шахалтад оруулаад байгаа мэтээр тайлбарлаж, ийм харагдуулахыг оролдоод байгаа гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлсэн. Монголын ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг “булаах” гэж тайлбарлаад байгаа шиг зүйл огт байхгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг бөгөөд сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага болох Улсын Их Хурлаараа уламжлан энэхүү эрхээ эдэлдэг гэдгийг онцлон тайлбарласан юм.

    Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгүүд урьд өмнөх жишгийн дагуу явагдсан гэдэг хариултыг С.Бямбацогт гишүүн өгөв. Энэхүү шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг зөрчөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад 1.4 жил өнгөрсөн, энэ хугацаанд Улсын Их Хурал санал болгосон байгууллага руу удаа дараа шаардлага хүргүүлж байсныг хэлж байв.

    Ийнхүү асуулт, хариултын дараа “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т “Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно” гэж байдаг. Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийг үг хэлэх, асуулт асуух, байр сууриа илэрхийлэх боломжийг нь олгох үүднээс энэхүү асуудлыг хэлэлцэх хуралдаануудыг танхимаар явуулах саналыг би гаргасан. Хуралдаан танхимаар явагдах тохиолдолд Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх, мөн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байх хуулийн зохицуулалттай гэлээ. Ингээд тэрбээр, нэгдсэн хуралдаан таван танхимд болох үед төхөөрөмжөөр санал хураалт явуулах боломжгүй байдаг тул гар өргөж явуулах горимын санал гаргав. Энэхүү горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Иймд “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээх Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжлээ.

    Ингэснээр “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …