Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаан 14 цаг 13 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуулгын хариу, Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав. 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” асуулгын хариуг хэлэлцлээ. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.

Танилцуулгадаа, “Ховд аймагт оршдог Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар Эрчим хүчний яамны зүгээс үйлдвэр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд ТЭЗҮ батлагдсаны дараа барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулна. Шахмал түлшний үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2021 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Батлагдсан төсвийн дагуу үйлдвэрийн эхний ээлжийг 2022-2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Жилд 50-90 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байна. Энэ нь Ховд хотын гэр хорооллын 7960 айл өрхийн хэрэглээг бүрэн хангах хэмжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн төв, сум, суурин газрын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэж үзэж байна” хэмээлээ.  

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд, Ж.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. 

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх зорилгоор асуулга тавьсан. Нүүрс түлдэг аймгийн төвүүдэд агаарын бохирдол Улаанбаатарынхаас дутуугүй, хүнд боллоо. Хөшөөтийн уурхайг түшиглэн үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгасан. Гэтэл зөвхөн Ховд аймгийн төвийг түлшээр хангах хүчин чадалтай үйлдвэр барихаар салбарын сайд хариулт өгч байна. Энэ үйлдвэр хүчин чадлын хувьд Ховдоос гадна ойролцоох аймгуудыг хангах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд Хөшөөтийн уурхайн нүүрс сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардлага хангах уу гэдгийг тодруулав. энэ асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нүүрс нь илчлэгийн хувьд шаардлага хангаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болж чадна. Уурхайн хүчин чадлыг ТЭЗҮ хийгдсэний дараа тодорхой хэлэх боломжтой. Өмнөх Баянтээгийн уурхайг түшиглэж барьсан үйлдвэрт алдаатай зүйл бий. Энэ алдааг давтахгүйн тулд ажиллаж байна хэмээн хариуллаа. 

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ТЭЗҮ хийх явцдаа нүүрсээ угаах, хүчин чадал өндөртэй үйлдвэр болгох тал дээр анхаарах, Баянтээг болон Таван толгойн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн аль аль нь гаднаас барьцалдуулагч авч байгаа учир дотоодын материалыг ашиглаж түлшний барьцалдуулагчийн үйлдвэр хамтад нь барих боломжийн талаар тодрууллаа.

Энэ асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх  Хөшөөтийн нүүрсийг угаавал анхны хөрөнгө оруулалт болоод ашиглалтын зардал өснө. Шаардлага хангаж байгаа тохиолдолд заавал угаах шаардлагатай юу гэдгийг бодолцох ёстой. Барьцалдуулагчийн үйлдвэр барих талаар судалгаа, тооцооны шатанд ажил явж байна гээд барьцалдуулагчийн стандарт тогтоох нь сайжруулсан шахмал түлшний чанарт онцгой ач холбогдолтойг тэмдэглэв. 

Түүнчлэн Байнгын хорооны гишүүд ТЭЗҮ хэзээ хийж дуусах, нийт ямар өртгөөр үйлдвэр байгуулах, Ховд аймгаас гадна ойролцоох Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудыг түлшээр хангах үйлдвэр болгоход ямар хүндрэл тулгарах зэрэг асуудлуудыг тодруулж, салбарын сайдаас хариулт авлаа. 

Ийнхүү хэлэлцсэнээр асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ТЭЗҮ дууссаны дараа зарим асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргах санал гаргасан бол Байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэн эхний ээлжинд бүх талууд ойлголтоо нэгтгээд, ажлаа шахаж хийх чиглэл өгөв. 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …