Д.Адъяабазар: Цэргүүдээс нэр, хаяггүй нууцлал хангасан байдлаар социологийн судалгаа авч, дүн шинжилгээ хийж байна

Цэргийн ангид хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлсэн. Гэвч 326 дугаар ангийн цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж, нас барсан эмгэнэлтэй тохиолдол 3 дугаар сарын 31-нд гарсан тул ХЭҮК-ын гишүүний шаардлагын биелэлтийн талаар ЗХЖШ-аас тайлбарлахыг шаардсан билээ.

Өнөөдөр /2021.04.06/ Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Адъяабазар ХЭҮК-т ирж, тайлбар өглөө.

Тэрээр цэргийн амь нас хохирсон явдалд харамсч, шуурхай арга хэмжээ авч, дотоодын хяналт шалгалтуудыг хийсэн. Шалгалтын явцад тухайн ангийн удирдлагыг ажилдаа тэнцэхгүй байгааг тогтоож, шийдвэр гаргах хооронд ийм харамсалтай хэрэг гарлаа. Салбарынхаа зөрчлийг арилгахын тулд цэргүүдээс нэр, хаяггүй нууцлал хангасан байдлаар социологийн судалгаа авч, дүн шинжилгээ хийж байна. Судалгаа, хяналт шалгалтын мөрөөр цэргийн бодлогыг шинэчлэх, дүрэм журмыг өөрчлөх, хөндлөнгийн хяналтын нэгжийг шинээр бий болгох зэргээр хүний эрхийг хангасан арга барил, дэг жаяг, харилцаа, хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхний шаардлагын мөрөөр тодорхой ажлуудыг эхлүүлж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд тус тайлбарыг сонсоод цэргийн номлол, үзэл баримтлалыг хүний хөгжилтэй уялдуулан шинэчлэх, цэргийн ангид үйлчилж буй дүрэм журмыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, цэргийн иргэний хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.