Д.Ганзориг:Цэргийн алба хаагчдаас энэ сарын 20-ны өдрөөс эхлэн түвшин тогтоох шалгалт авна

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр /2021.04.05/ Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим уулзалтыг явууллаа. Уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар тэргүүтэй ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, төрлийн цэргийн командлалын холбогдох удирдлагууд байлцсан юм.

Уулзалтаар хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, харилцаа, хандлага, цэргийн алба, сахилга хариуцлага, ёс зүйн хүрээнд дагнан ярилцаж, тодорхой хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөн юм.

“Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо бид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон бүтээлч ажил өрнүүлж, Зэвсэгт хүчнийхээ түүхэн гавьяа, дайчин замналын талаар олон нийтэд алдаршуулах чиглэлээр тодорхой ажлуудыг явуулсан.

 Харамсалтай нь, 100 жилийнхээ дараагаар Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр ирсэн идэр сайхан байлдагчийг бид зүй бусаар алдлаа. Ийм асуудал яагаад гарах болов. Яагаад гэхээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар алба хаагчидтайгаа тулж ажиллахгүй байгаагийн жишээ.

Ялангуяа, хугацаат цэргийн алба хаагчидтай ажилладаг салаа, салбарын захирагч нартайгаа ярилцахгүй, сургахгүй, хөгжүүлэхгүй байна гэж харагдаж байна.

Байнгын бүрэлдэхүүнтэй анги ч гэсэн ялгаагүй.

Хоёрдугаарт, та бүхэн хэвшмэл болсон сургалтын тогтолцоондоо өөрчлөлт оруул. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалуудаас цэргийн алба, сахилга хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, ёс зүйн чиглэлээр хангалттай дүрэм, журам, заавар, үүрэг даалгаврыг өгч ирсэн ч энэ нь нэгтгэл, анги дээрээ очоод хадгалагдах бичиг баримт болж байгааг сүүлийн гарсан асуудлаас харж болохоор байна. Саяхан Зэвсэгт хүчний бүх алба хаагчдаасаа социологийн судалгаа авлаа.

 Судалгааны дүнг харахад та бидэнд ярилцмаар олон асуудал хөндөгдсөн байна. Өнөө маргаашгүй төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиуд руу судалгааны дүнг явуулна.

Та бүхэн ирэх долоо хоногийн дотор багтаж, судалгааны хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, ЗХЖШ-т ирүүл.

Дараагийн удаад Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу цэргийн алба хаагчдаас энэ сарын 20-ны өдрөөс эхлэн түвшин тогтоох шалгалт явуулна.

Шалгалтаар офицер, ахлагчийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун, сэтгэл зүйн бэлтгэл, ажил үүргийн гүйцэтгэлт олон талыг багтааж авна. Хэрэв нэгдсэн дүнгээрээ тааруу дүн авбал тухайн ангийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэл, цэргийн алба, сахилга хариуцлага сул байна гэсэн үг. Мэдээж хариуцлага ч давхар яригдана.

 Мөн удахгүй Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдоор ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг ажиллана.

Үргэлжлүүлээд хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ангиудад ажиллана. Шалгалтын нэгдсэн дүн 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд гарна. Эдгээр шалгалтуудаас олон зүйл шалтгаална гэдгийг ойлгоорой.

Ялангуяа, нэр бүхий зарим нэгтгэл, ангиудын захирагч нарт анхааруулж хэлэхэд 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сайн ажилла. Та нарт хугацаа өгье. Хэрэв алба хаагчдадаа анхаарал, хяналтаа бүрэн тавьж чадахгүй асуудал гаргавал уучлаарай, танд бид дахин итгэхэд бэрх болно.

 Цэргийн албаны харилцаа ямар ч үед дүрмийн хүрээнд явагдах ёстой. Найзан дундаа орчихсон, нэгэндээ шаардлага тавьж чадахгүй, бие бүрэлдэхүүнээ хөгжүүлж чадваржуулахад ч анхаарахгүй тийм нэг урсгалаараа байвал бид хөгжихгүй.

Бидэнд төсөв шаардлагагүйгээр хэрэгжүүлэх даалгавар бол манлайлал юм. Манлайлагч хүн хамгийн наад зах нь зөв шаардлага тавьж, зөв үлгэрлэл үзүүлж, зөв шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Хэрэв алдаа гаргасан бол алдаагаа бас хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Хамгийн гол нь та удирдагч хүнийхээ хувьд бие бүрэлдэхүүнээ бүрэн хянаж, хөгжүүлж, удирдан чиглүүлэх ёстой шүү” гэв.

Үргэлжлүүлэн ирэх зургаадугаар сараас эхлэн олон улсын болон хамтарсан сургалт дадлагууд явагдана.

Долоодугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал болно. Цэргийн зэвсэглэл, техник оролцсон ёслолын жагсаал ч мөн энэ үеэр явуулна, бидний өмнө асар их ажил байгаа хэмээн тодотгоод бие бүрэлдэхүүнээ цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж ажиллахад онцгой анхаарахыг захилаа.

Үүний дараа ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар Дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн 2021 оны нэгдүгээр улирлын тайлангийн хурлыг цахимаар явуулах тухай болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд цэргийн алба, сахилга, хариуцлагын чиглэлээр тодорхой үүргүүдийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өгөх талаар мэдээлэл өгсөн юм.

Ахлах дэслэгч Д.Болормаа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.