“Токио-2020” олимпын наадам гадаад үзэгчгүй зохион байгуулагдана

“Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулагч Япон улс “Олимпын наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Энэ нь олимп, паралимпийн наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах, нийт оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч буй зайлшгүй арга хэмжээ болно” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн.

Тэгвэл “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тоог эрс бууруулахаар болсон тухайгаа мэдэгдлээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 20-ний бямба гарагт болсон Олон улсын олимпын хороо (IOC) болон Олон улсын паралимпийн хороо (IPC) -ны уулзалтын үеэр “Токио-2020” наадмыг зохион байгуулагчид энэ тухайгаа мэдэгдэж, дээрх байгууллагууд хүндэтгэн хүлээн авч буйгаа мэдэгджээ.

Улмаар энэхүү уулзалтын дараа ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл цахимаар хуралдаж, хурлаас гарсан шийдвэр болон, үр дагаварын талаар хэлэлцээд нийт оролцогчид тамирчид, бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс үзэгчгүй, цөөн тооны төлөөлөгч оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Үүний зэрэгцээ ОУОХ-ноос энэхүү шийдвэрийг нэгдсэн бодлогоор журамлах, зөвхөн үйл ажиллагаанд биечлэн оролцогчдод итгэмжлэх эрхийн мандат олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр ОУОХ буюу үйл ажиллагааг удирдан явуулж буй гишүүдийн шийдвэрээр ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын холбоодын удирдах албан тушаалтан, Спортын сайд нар гэр бүлийн гишүүд, дагалдах зочид “Токио-2020” олимпын наадамд оролцох боломжгүй боллоо.

Түүнчлэн олимпын наадамд оролцох эрх бүхий нийт төлөөлөгчдийг “Токио-2020” Олимпын наадамд оролцох журамд КОВИД-19-ийн урьдчилан сэргийлэх зааварчилгааг чанд дагаж мөрдөхийг заажээ. Энэхүү журамд “Олимпын наадам зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэн, ордон, танхимуудад орох эрхийг хязгаарлахаас гадна зоогийн газар, урлаг болон жуулчны үзвэр үйлчилгээнд хамрагдахгүй байх, өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөг урьдчилан гаргаж танилцуулах, биеийн халуун болон КОВИД-19-ийн шинжилгээнд тогтмол хамрагдах, нийтийн тээвэр таксигаар үйлчлүүлэхгүй байх, маск зүүх, хүн хоорондын зайг баримтлах” зэргийг тодорхой журамлажээ.

Мөн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн зүгээс зочдын хөтөлбөр, домогт тамирчдын хүлээн авалт зэрэг уламжлалт арга хэмжээний хөтөлбөрүүдийг цуцлахаар болсноо мэдэгдээд “Хэдийгээр энэ бүхэн олимпын хөдөлгөөнд томоохон цохилт болж байгаа ч Та бүхнийг энэхүү шийдвэрийг гаргахад хүргэж буй нөхцөл байдлыг ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. 2021 оны долоодугаар сарын 20, 21 болон наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Токиод болох 138 дугаар хурал болон долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд болох “Токио-2020” олимпын наадмын үеэр уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ОУОХ-ноос хүндэт гишүүд болон нийт гишүүддээ хандан мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.