Шүлснээс covid-19 илрүүлэх оношлуурыг ашиглах гэрчилгээг олголоо

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 өвчнийг илрүүлэх PCR оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олголоо. Уг гэрчилгээг өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, оношлуур бүтээх эрдэмтдийн багийн зөвлөх АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар нарт гардуулан өглөө.

Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуур нь covid-19 өвчнийг оношлох ажилд томоохон ахиц авчрах боломжтой. Учир нь хугацааны хувьд богино. Мөн зардал нь харьцангуй хямд зэрэг олон давуу талтай.

Энэхүү оношлуурыг бүтээх ажил 2020 оны аравдугаар сарын 1-ны өдөр эхэлсэн бөгөөд эхний санхүүжилтийг БСШУ-ны яам гаргаж, эрдэмтдийг дэмжсэн байна.

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар дэмжлэг үзүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд том түлхэц болсонд талархаж буйгаа АШУИС-ын удирдлага илэрхийлж байлаа.

Шүлснээс covid-19 өвчнийг илрүүлэх оношлуурыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэлсэн үгэндээ тодотгож байсан юм.

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс covid-19 өвчнийг оношлох оношлуурын нэгж өртөг нь 31,200 төгрөг бөгөөд одоо ашиглаж буй ПСР шинжилгээнээс ойролцоогоор 2-3 дахин бага гэдэг тайлбарыг эрдэмтдийн төлөөлөл өглөө.

Оношлуур бүтээх эрдэмтдийн багт АШУИС-ын дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар, Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, академич Г.Болдбаатар болон АШУҮИС-ын 10 гаруй эрдэмтэн багш нар ажилласан байна.

Санал болгох мэдээ

А.Баясгалан: Хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурваст нэвтрэх зөрчил цөөнгүй гарч байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус …