Цэцийн хоёр гишүүн албажаагүй худал мэдээлэл тараасныг Цэц баталлаа

“Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй” гэж Цэцийн шийдвэр гарсан мэт мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Цэцийн хуралдаан гэхээсээ хуйвалдаан хэмээн нэрлэгдээд байгаа Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын хоёр гишүүний шийдвэрлэсэн гэх энэхүү асуудалд Үндсэн хуулийн Цэцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба болон Ш.Цогтоо нар тус тусдаа тайлбар тодруулга өгчээ.


Цэцийн гишүүн Ш.Цогтоо urug.mn сайтад  “Шийдвэр бүр хууль ёсных. Ямар нэг хуурамч тамга тэмдэг бланк ашиглаагүй. Хуурамч сонин мэдээлэл байна. Хууль дүрэм журмаа мөрдөхгүй ажиллана гэж байхгүй. Цэцийн гишүүд хоорондоо санал зөрөлдөх байх л асуудал. Маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгосон” гэсэн тодорхойгүй тайлбар өгчээ.

Харин Цэцийн албан ёсны хэвлэлийн мэдээгээр бол Цэцийн Бага суудлын хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Хуралдаан үргэлжилэх юм байна.

Энэ нь Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нар бүрэн эрхээ ашиглан эцэслээгүй, албажаагүй өөрсдийн байр суурийг хэвлэл мэдээллээр тараасан гэдгийг баталгаажууллаа. Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны дэгд зааснаар Цэцийн хуралдаанаас өмнө гишүүд байр сууриа урьдчилан илэрхийлэхийг хориглодог аж. Хэрэв урьдчилан илэрхийлсэн тохиолдолд тухайн асуудалтай холбоотой Цэцийн хуралдаанд оролцох эрхгүй дүрэм журам байдаг юм байна.

Тиймээс үүсээд байгаа “Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эсэх ” маргаанд Цэцийн гишүүн Ш.Цогтоо болон Ц.Нанзаддорж нар оролцох эрхгүй болж байна.

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас хэвлэлүүдэд өгсөн мэдээллийг бүрэн эхээр нь нийтлэв.      


           ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН БАГА СУУДЛЫН ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛНЭ                          

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүний холбогдох тогтоолыг  хянан хэлэлцэж байгаа билээ.

Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн  асуудлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэх үүднээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх болсон үндэслэл, нотлох  баримт, бусад мэдээлэлтэй танилцаж байгаагийн хамт мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаас хянан хэлэлцэж байгаа маргаантай холбоотой  шийдвэр гаргаагуй байна гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Санал болгох мэдээ

Л.Наранбаатар: Төмөр замын гацаанаас болж Монголын 3,2 сая иргэн бүгдээрээ хохирогч болсон

Эдийн засагч Л.Наранбаатар залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний ярих гэж байгаа гэмт …