“Шилүүс” богино хэмжээний кино Аспен хотын кино наадамд шалгарлаа

Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино Америкийн Нэгдсэн улсын Колорадо мужийн Аспен хотын кино наадам, Нидерланд улсын алдарт богино хэмжээний кино наадамд тус тус шалгарлаа.

ЗОчир Филмз, Гуру Медиа студи болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол туслах дүрд МУГЖ Ш.Дэлгэржаргал, Сити их сургуулийн багш СТА С. Сарангэрэл болон СУИС-ийн Театр Урлагийн Дээд Сургуулийн багш СТА П.Мөнх-Од нар чадварлаг тогложээ.

Уг бүтээлийн зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер ажиллаж, Португалийн Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг хийсэн байна.

Найруулагч, продюсер П.Лхагвадуламын “Шилүүс” богино хэмжээний киноны гаргасан амжилтууд:

-2020 оны Каннын олон улсын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т шилдэг 11 бүтээлийн нэгээр шалгарсан

-Канад улсын Торонто Олон Улсын кино наадамд шалгарсан

-Бусаны Олон Улсын Кино Наадмын “Өргөн Өнцөг” Азийн Богино хэмжээний киноны уралдаант хэсэг болон Лондон Олон Улсын Кино наадам, “Louis le Prince- Лийдс Принс” , “Таллин” Олон Улсын Кино наадмын уралдаант хэсэг, Америкийн Нэгдсэн Улсын “Санданс” кино наадамд  тус тус шалгарсан билээ.

Сонирхуулахад киноны найруулагч П.Лхагвадуламын хувьд Турк улсад кино найруулагчийн мэргэжил эзэмшиж, МҮОНРТ-д Монгол Улсын Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнгийн туслах найруулагчаар уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн түүхтэй нэгэн.

Тэрбээр кино зохиолын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан бөгөөд одоо Португалийн Лиссабон хотод дээрх чиглэлээр докторын зэрэг горилж байна. “Шилүүс” кино П.Лхагвадуламын гурав дахь богино хэмжээний бүтээл юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …