Д.Сумъяабазар: Цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Тухайлбал, “Тэнгис” кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж байгаа аж. Мөн онлайнаар тасалбараа захиалах нөхцөлийг бүрдүүлж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлүүлэхээс татгалзаж байгаа гэдгийг “Тэнгис” кино театрын Үйлчилгээний менежер Д.Дуулал хэллээ. Мөн ундаа, уснаас бусад идэх зүйлсийг танхимд оруулахыг хориглосон байна.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ гуравдугаар сард олон нийтийн баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан иргэдийн ачаалал нэмэгдэх учраас мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж ажиллаарай. Хотын удирдлагын зүгээс бүх талаар дэмжиж, зөвлөн тусална. Энэ цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой. Дэм дэмэндээ явж байгаад эдийн засаг, бизнесээ босгож ирнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллаарай” гэлээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн “Соёмбо” кино театрын хувьд энэ сарын 9-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдээ цаашид бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд санал, хүсэлтээ 1800-1200 тусгай дугаарт өгөхийг зөвлөлөө.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …