О.Дашпагма:15432 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.05-НИЙ 11:00 ЦАГ/-ийн нэгдсэн мэдээллээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дараах зүйлийг хэллээ.

Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл: Улаанбаатар хотод коронавирусийн өндөр идэвхтэй 20 гаруй голомт бий. Сүүлийн өдрүүдэд хавьтал, тохиолдлуудын тоо нэмэгдэж байна. Тиймээс иргэд агааргүй битүү орчинд орохгүй байх, хүнтэй хэт ойрын зайнаас харьцахгүй, гэртээ байх зэрэг нь коронавирусээс сэргийлэх гол арга зам юм. Дэлхийн 110 гаруй орон коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хийлгэж, 6.5-7 сая хүнийг вакцинд хамруулжээ. Иргэд коронавирусээс сэргийлж гараа угаан, зайгаа барьж, маскаа зүүх шаардлагатай байна.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Одоогоор 15432 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Тухайлбал, эрүүл мэндийн 10148 ажилтан, холбогдох мэргэжлийн буюу хариу арга хэмжээний багийн 3568 мэргэжилтнийг вакцинжуулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 41 хувьд нь вакцины дараах урвалууд илэрсэн. Нийт хүмүүсийн 15.6 хувьд нь халуурах, 13 хувьд нь тариулсан газар хөндүүрлэх, 14.4 хувьд нь үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч буй. Иймд вакцины дараах илрэх урвалууд хэвийн байна. Ноцтой хүндрэлүүд илрээгүй. Цөөн ажилтантай эрүүл мэндийн байгууллагууд харьяа дүүрэг дээр вакцинд хамрагдана.

Сэтгүүлчдийн асуулт:

Вакциныг стандарт тариураар тарьж байгаа юу. Вакцины дараа ноцтой шинж тэмдэг илэрсэн үү? /Парламент ТВ/

-Илрэх ёстой урвалууд илэрч 2-3 хоногт өөрөө аяндаа арилж байгаа. Ноцтой хүндрэл илрээгүй.

Орон нутагт дархлаажуулалт хэзээ эхлэх вэ? /МҮОНРТ/

-Үе шаттайгаар вакцинжуулна. Бид халдварын голомт ихтэй, хүн ам бөөгнөрсөн, цаашдаа халдвар тархах өндөр эрсдэлтэй Улаанбаатар хотод вакцинжуулалтыг эхэлсэн. Дараагийн үе шатанд коронавирусийн халдвар гарсан эрсдэлтэй аймгуудыг дархлаажуулна.

-Вакцин төлөвлөсөн хугацаанаас удааширч байгаа шалтгаан нь юу вэ? /ТВ6/

-Цар тахлын үед вакцинжуулж байгаа учраас хүн хоорондын зай барих, дархлаажуулсны дараа 30 минут ажиглалтад байлгах зэрэг арга хэмжээ авч байгаа тул дархлаажуулалт удааширч байгаа. Богино хугацаанд хүн амаа дархлаажуулахыг зорьж ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …