Өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг боллоо

2020 оны 8 дугаар сард Эрүүл мэндийн хуулиудад өөрчлөлт орсон билээ. Уг өөрчлөлтийн зүйл заалтууд 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021оны 1 дүгээр сарын 21 өдрийн 03 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам батлагдаж Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.
Дээрх тогтоол хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбарт хэд хэдэн шинэчлэл эхэлж буй бөгөөд иргэд эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй авах боломж нээгдэж байна. Тухайлбал өндөр өртөгтэй хагалгааны зардлыг иргэнээс гаргуулах бус Эрүүл мэндийн даатгалын сангаас шийддэг болж байна. 2021 оны 3 дугаар сарын нэгний өдрөөс өндөр өртөгтэй хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг тогтолцоо хэрэгжиж эхэллээ.

2021 оны 3 дугаар сарын өдөр Сонгдо эмнэлэгт 4,5 сартай нярайн зүрхний цоорхой нөхөх хагалгаа болов. Уг хагалгааны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж буй бөгөөд Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт журмын хэрэгжилтийн үр дүн юм. Ийнхүү иргэд өндөр өртөгтэй хагалгаанд зардалгүйн улмаас амь насаа эрсдэлд оруулан хойшлуулдаг байсан бол эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж байна.


Хорт хавдар, харвалт, шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм.
Гадаадын оронд хийгддэг өндөр төлбөртэй хагалгааг эх орондоо даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж давхар нээгдэж байгаа юм. Үүнээс гадна төр, хувийн гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлт үйлчлэх учраас иргэн өөрийн эрүүл мэндийн төлөө хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж нээгдэж байна. Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллахаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр онцоллоо.

Ташрамд сонирхуулахад Сонгдо эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь 2020 оны 5 сараас Зүрх мартахгүй төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр 99 дэх хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийсэн байна. Зүрх мартахгүй төсийн багт талархал илэрхийлж эрүүл мэндийн сайд С.Энхболд батламж гардуулан өглөө.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.