Д.Оюунбилэг: Хүүхдийн номын сан өөрийн байртай болно

Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэгтэй Хүүхдийн төв номын сангийн шинэ барилгын асуудлаар ярилцлаа.

-Хүүхдийн төв номын сан хэдийд байгуулагдсан бэ. Анх байгуулагдсанаасаа эхлэн өөрийн байртай болох асуудал яригдаж байсан ч хойшлоод байсан шалтгаан юу вэ?

-2003 оны тавдугаар сард Хүүхдийн төв ном сан байгуулагдсан. 2000-2004 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хүүхдийн төв ордон байгуулахаар тусгасан байдаг юм. Үүний дараа 2012-2016 оны Засгийн газар Соёлын яам тавьсан хэдий ч хойшилсоор байсан. Үндсэндээ манай номын сан барилгатай болох тухай асуудал гурван Засгийн газар дамнан яригдаж байсан юм шүү дээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Магадгүй сэтгэл дутуу байгаагаас үүдэн энэ ажил гацаад байна уу гэж хардаг. Энэ удаад дахин Соёлын яамтай болсноор хүүхдийн номын сангийн барилгыг барихаар ажлаа эхлүүлж байгаад маш их баяртай байна.

-Хүүхдийн номын сангийн онцлог нь юу вэ. Анх байгуулагдсан статусыг өөрчилж байсан гэж сонссон.

-Тийм ээ. Анх байгуулагдахдаа салбар номын сангийн статустай байсан. Гэвч энэ нь номын фонд бүрдүүлэхээс эхлээд асуудал тулгарч байсан учраас бие даасан статустай болгох нь зүйтэй гэж үзсэн хэрэг. Ер нь хүүхэд гэдэг өөрийн гэсэн онцлогтой уншигчид байдаг.

Манайх жилдээ 200 гаруй  соёл танин мэдэхүйн ажлыг зохион байгуулдаг. Учир нь соёлын ажлаар дамжуулан хүүхдүүдийг номд дуртай болгоход Хүүхдийн номын сангийн онцлог байдаг.

Анх хоёр танхимтай байсан бол өдгөө зургаан танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд номын сангийн мэргэжилтэй хэдий ч энэ  байгууллагадаа ажиллаад эхлэхээр  хүүхдийн номын сан нь нийтийн номын сангаас илүүтэй нарийн ажиллагаа шаардлагатай гэдгийг харж байгаа юм. Манайх жилдээ 200 гаруй  соёл танин мэдэхүйн ажлыг зохион байгуулдаг. Учир нь соёлын ажлаар дамжуулан хүүхдүүдийг номд дуртай болгоход Хүүхдийн номын сангийн онцлог байдаг.

Анх номын сан байгуулагдахад Засгийн газрын тэргүүнээр Н.Энхбаяр ажилладаг байсан. Тухайн үед хүүхдийн номын сангийн онцлог хийгээд номын фонд бүрдүүлэх зэрэг зайлшгүй шаардлагатай асуудлуудаа танилцуулсны дүнд бид бие дааж ажиллах боломжтой болсон хэрэг. Манай улсын хувьд анхны бие даасан хүүхдийн ном сан үүсгэн байгуулагдсан гэж болно.

Номын сангийн барилга барих асуудал хэдийд хөндөгдөж эхэлсэн бэ?

-Анх байгуулагдахаас эхлэн бие даасан үйл ажиллагаа эрхлэх болон зориулалтын номын сангийн барилгатай болох асуудлыг ярьж байсан. Гэхдээ Соёлын яамтай болох үед илүү түлхүү яригдаж бас анхаарлаа хандуулж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Анх 2000-2004 оны Засгийн газрын гишүүн А.Цанжид сайдын үед барилгын асуудлыг хөндөж байсан. Түүний дараа 2012-2016 онд Ц.Оюунгэрэл сайдын үед мөн эрчимтэй яригдаж концессын гэрээгээр барих боломжтой гэж байсан ч чадаагүй. Тухайн үед хүүхдийн номын сангийн барилгын  үзэл баримтлалыг боловсруулсан юм. Харин энэ удаа Соёлын яамтай  болсноор хүүхдийн номын сангийн барилга эхлэх боломж бүрдэж байгаа нь сайшаалтай.

Хүүхдийн номын сан заавал шинэ барилга бариулах шаардлага бий юу. Магадгүй эдийн засаг хүнд байх үед энэ ажлыг эхлүүлэх нь зөв шийдвэр мөн үү?

-Би дээр хэлсэн анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төв өргөө нийслэлийн өмч. Жилдээ 138 сая төгрөг төлдөг. Мэдээж улсын төсөвт суулгаж өгдөг. Хэдийгээр бид улсын төсвөөс татаас авч санхүүждэг ч  төсвийн маань 30 хувийг түрээсийн төлбөр эзэлж байна. Нөгөөтээгүүр барилгын чанар муудсан. Сантехник, галын аюулгүй байдал алдагдсан объект.

Гэтэл бид уншигчдад үйлчлэх үйлчилгээний хүрээгээрээ нэлээд дээгүүрт орно. Үндсэн суудал маань 300. Үүнийг өргөжүүлэх шаардлага бий. Учир нь номын санд суух хүүхдүүд өдөр өдрөөр нэмэгдэж байна. Тийм боловч бид өөрсдийн хүчин чадалд тааруулж ажилладаг. Түүнчлэн соёлын ажил явуулахад зориулалтын танхимгүй учраас зайлшгүй уншигчийн танхимаа чөлөөлөх хэрэг гардаг. Мөн хүүхэд зөвхөн ном унших гэж ирдэггүй. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор ирнэ. Би дээр хэлсэн хүүхэд томчуудаас ялгаатай уншигч гэж.

Тэд цаг үеэ дагаад өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлдэг болсон. Зөвхөн ном унших нь тэдэнд хангалтгүй. Тиймээс  гэр бүлийн уншлагын танхим, интерактив болон технологийн танхим тэр ч бүү хэл хүүхдийн тоглоомын танхимтай байх зайлшгүй хэрэгцээ тулгарч байгаа юм. Тэгэхээр хүүхдийн ном сан нь хүүхдэд ээлтэй, хөгжлийг нь хөхүүлэн дэмжсэн, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн зориулалтын байртай байх хэрэгтэй. Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад энэ тал руугаа түлхүү хөгжүүлж байгааг онцолмоор байна.

Хэдийгээр бид зориулалтын байргүй, талбай хүрэлцэхгүй байгаа ч хүүхдүүдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа.

Тэгэхээр шинээр баригдах барилга энэ бүх шийдлийг агуулсан байна. Одоо манай номын санд хүүхдийг гадаад хэлээр уншуулж сургах танхим бий. Гэхдээ зарим тохиолдолд хүүхэд ганцаарчилж суухыг чухалчилдаг. Гэтэл бид энэ боломжийг бүрдүүлж чадахгүй байна. Мөн багаар ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлдэг. Харамсалтай нь бидэнд бас үүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаа юм. Энэ бүх асуудлыг шинэ барилгад тусгаж өгсөн.

Жишээлбэл, БШУЯ-ны соёл урлагийн сангийн санхүүжилтээр “Утгын оньс” танхим байгуулсан. Энд хүүхдийн зохиолчдын гар бичмэлээс эхлээд бичгийн машин, үзэг зэрэг хэрэглэж байсан эд зүйлсийг олон нийтэд үзүүлж, сурталчлахаас гадна хадгалах юм. Ийнхүү байнгын ажиллагаатай танхимаар дамжуулан хүүхдүүдэд “Зохиолчид бүтээлээ хэрхэн туурвидаг. Ямар зэмсэг хэрэглэдэг. Тухайн шимтэн уншдаг зохиол нь хэрхэн бүтсэн бэ гэдгийг” таниулж, мэдүүлэхийг зорьж байна. Энэ мэтчилэн хийхээр төлөвлөсөн, хийж хэрэгжүүлж байгаа олон ажил маань өөрийн онцлогт тохирсон танхимтай болно. Тэгэхээр хүүхдүүдийн чөлөөт цагаа  бүтээлчээр үр ашигтай өнгөрүүлдэг, өөрийгөө хөгжүүлдэг цогц төв орчин үеийн стандартад нийцсэн тохилог, дулаан байртай байх нь чухал.

Хүүхэд гэлтгүй ер нь хүмүүс ном, сонин уншихаа больсон тухай олон нийт шүүмжилдэг. Тэгэхээр номын санд зорьж ирээд үйлчлүүлэх уншигчийг татах нэг хэлбэр нь орчин үеийн тохилог байр гэж ойлгож болох уу?

-Одоогоор бидэнтэй хамтран идэвхтэй ажилладаг 40 гаруй хүүхдийн зохиолч бий. Мөн хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Бид олон арга хэмжээг  хамтран амжилттай зохион байгуулдаг. Орчин үеийн хүүхдүүд ном уншихгүй байна гэдэг шүүмжлэлтэй би санал нийлдэггүй. Аливаа зүйл сонголттой байх хэрэгтэй. Тиймээс хэрэв хүүхдийн ном унших орчныг нь бүрдүүлбэл, хүүхэд бүр номд дурлах болно.

Хүүхдийн төв номын сан байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхэдтэй ажиллах арга барилдаа анхаарч ирсэн. Энэ хугацаанд нэлээдгүй ажлыг зохион байгуулж байнгын уншигчтай болж чадсан юм шүү дээ. Хэдийгээр бид зориулалтын байргүй, талбай хүрэлцэхгүй байгаа ч хүүхдүүдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Сүүлийн үед зөвхөн хүүхэд төдийгүй эцэг эхчүүд рүү хандсан ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн  орчинд хүүхдийг номтой нөхөрлүүлэх боломжийг бүрдүүлэх учиртай.

-Хүүхдийн төлөө хэмээн хандив цуглуулсан нь хэл ам дагуулж байгаа. Тэнд цугларсан хөрөнгөөр хүүхдийн номын сангийн байр барих гэж байгаа юм байна. Тийм үү?

-Хүүхдийн төлөө хөрөнгө оруулалт хийх нь бид ирээдүйн сайн сайхны төлөө хийж байгаа зүйл шүү дээ. Гурван Засгийн газар дамнан яригдсан ч ажил хэрэг болж чадаагүй. Харин энэ удаа Соёлын яам хүч тавьж хүүхдийн номын санг өөрийн байртай болгохоор ажиллаж байгаад нь талархаж байна. Би энэ байгууллагыг үүсгэн байгуулсан цагаас нь эхлэн өнөөдрийг хүртэл ажилласан.  Яг энэ удаагийнх шиг  дорвитой  үйл ажиллагаа хийсэн үе байгаагүй юм шүү.

Тэгэхээр бид хүүхдүүддээ зориулж байгаа хөрөнгийг бас тэдний  ирээдүйн сайн сайхны төлөө хийж байгаа ажлыг улстөржүүлж байгаад гацаачих вий гэдэг болгоомжлол төрж байна. Одоо манай  номын сангийн барилгын зураг төсөл,  барилга баригдах газрын зөвшөөрөл нь бэлэн болсон. Монголын хүүхдүүдийн төлөө сайхан үйлс хийх гэж байгаа хүмүүсийн итгэл, сэтгэлийг бүү мохоогоосой гэж  л би бодож байна.

-Хүүхдийн зохиол төрөх нь ховор болсон гэлцдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нийлэхгүй. Хүүхдийн зохиол бичдэг олон зохиолч бий. Харин сурталчилгаа мөн төрөөс дэмжих бодлого  дутаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …