Японы уран бүтээлч Чихару Шиота

Урлагийн сургуулийн лекцийн заал хөл тавих зайгүй болтлоо сурагчдаар дүүрчээ. Индэр дээр нэгэн даруухан эмэгтэй орчуулагчын хамт суух бөгөөд намуухан хоолойгоор зөөлхөн ярихад танхим анир чимээгүй болж бүгд түүнийг анхааралтай сонсоно. Энэ бол 2019 онд Hangzhou Fiber Art Triennial -д оролцон улмаар Хятадын Урлагийн академид уригдан лекц тавьж буй өрөг урлагийн бүтээлч (installation artist) Чихару Шиота. Энэ лекцийн үеэр өөрийн хувь намтраас эхлэн яагаад өрөг урлагийг илүү сонгох болсоноо хуваалцсан юм. Тэрээр анх тосон зургаар хичээллэдэг байсан боловч ямар нэг зүйл дутуу байгааг мэдэрсээр байжээ. Нэг удаа өөрийгөө тосон зураг дотор орчихсон будагтай холилдсон байгаагаар зүүдэллэсэн байна. Тэр зүүднээсээ санаа авч өөрийн анхны үйл хөдлөлийн урлагийн (performance art) бүтээл болох “Becoming Painting” -ээ хийсэн ажээ. Тэрээр нэгэн ярилцлагандаа энэ бол анх удаа өөрийн биеийг бүтээлийн нэгэн хэсэг болгон ашигласан явдал бөгөөд миний хувьд чөлөөлөлт (liberation) болсон гэж хэлсэн байдаг. Шиотагийн урлагийн боловсрол чамлахааргүй, сонирхуулвал тэрээр Германы визуал уран бүтээлч Ребека Борн болон алдарт Марина Абрамович нарын шавь билээ. 1996 онд Кёото Сэйка Их сургуулийг төгссөний дараа Австралийн Үндэсний Их сургуулийн Урлаг Дизайны сургууль, Германдаа 2-т ордог Брауншвейг хотын Урлагийн коллеж (Hochschule für Bildende Künste), Европдоо хамгийн том урлагийн сургуульд тооцогддог Берлиний Урлагийн Их сургууль (Universität der Künste, Berlin) -д тус тус суралцсан байдаг. Үүгээр ч зогсохгүй 2010-13 онд өөрийн төгссөн Кёото Сэйка Их сургуульд, 2011 онд Калифорнийн Урлагийн коллежид зочин профессор хийж байжээ. Hangzhou Fiber Art Triennial 2019-д оролцсон “Hand to Hand” нэртэй өрөг бүтээл нь Венецийн Биеннальд оролцсон бүтээлтэй адил улаан өнгийн утас ашигласан боловч түлхүүрний оронд хүмүүсийн хүсэл бичсэн цаас байлаа. Түүний бүтээлийн тайлбарт “Би бид бүгд хоорондоо холбоотой гэдэгт итгэдэг, улаан утас нь харилцааг илэрхийлнэ. Энэхүү утас зарим хэсэгтэй зангиларсан, уясан, сунасан, бүр тасарсан ч байж болно. Бүтээлийн маань бас нэг чухал хэсэг бол – the presence in the absence. Хачин юм шүү – хүн байгаа үед тэдний оршихуй нь байхгүй байх үеийнх шиг хүчтэй байдаггүй ” хэмээн бичсэн нь оршихуйн асуудлыг ч мөн хөндсөн байлаа. Үзэсгэлэнгийн дараа бүтээлээ хураахдаа бүх утсыг хайчлан тасалж буулгахад өөр нэг бүтээл хийж байгаа мэт мэдрэмж төрдөг, том хэмжээний өрөг урлаг биетээр удаан оршдоггүй ч хүний дурсамжинд үүрд үлддэг, энэ л надад чухал хэмээн хэлж байлаа. Тэрээр асуулт бүрт товч, тодорхой хариулна. Түүний яриагүй үлдээсэн хэсгийг бүтээл нь хүүрнэн гүйцээх мэт. Харин жинхэнэ бүтээл артист үг дуугараагүй байхад аль хэдийн ярьж эхэлдэг.

Улмаар тэр “үгс” зүрхэнд мөнх үлддэг. Х. ЭнхриймааУрлаг судлалын магистрантХятадын Урлагийн Академи (China Academy of Art)2020.01.10

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.