Ц.Энхманлай: Арми бол нийгмийг манлайлж, зөв зүгт чиглүүлж явдаг

“Харанга” хамтлагийн ахлагч Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцлаа.

-БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд “Харанга” хамтлагийн уран бүтээлчид хувь нэмрээ оруулах үүрэг хүлээлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Иргэнийхээ, эцэг хүнийхээ хувьд бидэнд санаа зовж, сэтгэл эмзэглэж явдаг зүйл их байна. Юунд гээч, өнөөгийн залуусын дийлэнх нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд маш нялцгай байгаад, үндсэрхэг үзэл, эх оронч сэтгэлгээ дулимаг байгаад, хүнээс үг дуулах чадвар, аливааг хүндрэл бэрхшээлийг даван туулах тэвчээр хатуужил маруухан байгаад. Тийм учраас түүхэн ойн хүрээнд БХЯ, ЗХЖШ-тай хамтран ажиллах саналыг маш сэтгэл хангалуунаар, баяртайгаар хүлээн авч байна. Бидэнд татгалзах эрх байхгүй, нэг талаасаа энэ бол бидний үүрэг. Бид чинь энэ салбарын “бүтээгдэхүүн”, тушаал авсан “цэрэг”-үүд. Өөрсдийнхөө чадах чинээгээр, сэтгэл зүрхээрээ дэмжиж ЦДБЭЧ-тайгаа хамтран ажиллахад бэлэн байна.

-Энэ салбарын “бүтээгдэхүүн”-ий хувьд Та Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ талаар юу ярих вэ? 

 -Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин гэдэг бол улс үндэстний оршин тогтнолыг хамгаалж байдаг хамгийн том хүчин зүйл. Тэр утгаараа армид алба хаасан, армиар хүмүүжсэн хүмүүс эх оронч үзэлтэй, шударга, тэвчээр, хатуужилтай болж төлөвшдөг. Ингээд бодохоор Арми бол нийгмийг манлайлж, зөв зүгт чиглүүлж явдаг гэж би үздэг юм. Манай хамтлагийнхан бүгд цэргийн алба хаасан. ҮЖҮНХ-д хамгийн бага нь би байна уу даа, зургаан жил, зарим нь бүр 18 жил алба хаасан, бэлтгэл ахлагч нар шүү дээ.

Бидний өдий зэрэгтэй явах үндэс суурийг тавьсан гол тулгуур нь Зэвсэгт хүчин, түүнээс олсон хүмүүжил. Олон хүн биднээс нэг ч гишүүнээ хасалгүйгээр 30 жил оршин тогтносон нууц чинь юу вэ гэж асуудаг. Энэ ердөө л армийн хүмүүжил.

Буруугаа хүлээх, хариуцлагатай байх, цаг барих гэх мэт бүх талаар манайхан алдаа гаргадаггүй. Энэ чинь нөгөө л армиас олсон суурь хүмүүжил. Бидэнд бас маргах зүйл байна, дандаа инээгээд тэврэлдээд явж байна гэж юу байх вэ дээ. Энэ бүхнийг армиас олсон хүмүүжил, ёс зүйгээр шийддэг.

-“Харанга”-ын уран бүтээлүүдэд эх орны сэдэвтэй нь нэлээд жин дардаг. Энэ бас л Та бүхний зүрх сэтгэл Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй ямагт уяатай байдгийг илтгэх мэт…

-Тэгэлгүй яах вэ. Нэгдүгээрт урлаг өөрөө хатуу шүүлтүүртэй. Тэр дунд бид зүгээр нэг санаанд орж ирсэн шүлгээрээ, санаанд орж ирсэн аялгуугаараа уран бүтээл хийх сонин биш. Хүнд юу хүргэж, юу ойлгуулах вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулна. Тиймдээ ч эх орноо хайрлаач, үнэ цэнийг нь мэдрээч, бие биеэ хүндлээч, газар шороогоо хамгаалаач гэдгийг уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлж байгаа юм. Нэг ёсондоо ухуулах маягийн юм хийгээд байна аа даа.  Үүний нөгөө талд бас л бидний армиас олж авсан эх оронч сэтгэлгээ, үндсэрхэг үзэл оршиж байгаа юм.

-Байлдагч ахуй үеийнхээ дурсамжаас сөхвөл та юуг онцлох вэ, тэр үед хугацаат цэргийн алба хэр байсан бэ?  

-Би гурван жилийн байлдагч, 1978 онд тухайн үеийн Ардын Армийн 122 дугаар ангид “бүл нэмж” байв. Миний амьдралын хамгийн гэгээн дурсамжууд тэр цаг хугацаатай салшгүй холбоотой. Бидний үед цэргийн эрдмийг арай түлхүү үздэг, цэрэг гэж хэн болох, цаашлаад хүн байхад жинхэнэ сургаж “шахдаг” байлаа. Тэглээ гээд гоншигнож гулзганаад, оргож зугтаад байдаг байлдагч байгаагүй дээ. Ганц хоёр этгээд оргох оролдлого хийдэг л байсан. Гэвч бүх л аавын хүүхдүүд албаа нэр төртэй хаагаад, эр хүн болж төлөвшөөд халагддаг байв.

-Тухайн цаг хугацаагаар аялуулдаг зүйлс танд бий юу?

-Надад миний байлдагч байх үеийн гэрэл зураг олон бий. Тэр бүхнээс би маш их эрч хүчийг авдаг бас амталдаг. Шинэхэн байлдагч яаж шантарч явснаа, түүнийгээ даван туулсан хал цэрэг ямар их бардам байснаа олж хардаг. Үүнээс гадна надад тоглолтын нэг цэнхэр китель бий. Омголон залуу насаа, омог бардам уран бүтээлүүдийнхээ охь шимийг тэр кителиэсээ мэдэрдэг юм.

-Ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе…

-Хүн бүр зорьж тэмүүлсэн мөрөөдөлтэй. Түүндээ хүрэхийн тулд маш их хүндрэл бэрхшээл, саад нугачааг туулдаг. Тэр бүхнийг даван туулахад цэргийн албанаас олж авах бяр чадал, тэсвэр, хатуужил танд их тусална гэдгийг л залууст хандаж хэлмээр байна. Дээр нь энэ салбарынхаа түүхэн ойнуудын үеэр төдийгүй цаашид ч үргэлж хамтын ажиллагаатай байж, эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусаа эх оронч сэтгэлтэй иргэн болгож төлөвшүүлэхэд бүхий л сэтгэл зүрхээ зориулна. 

Эх сурвалж:Соёмбо сонин

Ахмад Д.МЭНДБАЯР

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …