“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг ТУЗ-д хүргүүллээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө өнөөдөр /2020.12.09/ Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ. Тус төлөвлөгөөнд дурдсанаар компани өнгөрсөн 2016-2020 оны хооронд 6 ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 2021-2025 он хүртэл 20 том ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд “А6-20” хөгжлийн хөтөлбөрт туссан, амжилттай хэрэгжүүлсэн 6 ажлыг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хурлын эхэнд танилцуулж, дараах ажлуудыг онцоллоо. Тодруулбал:

  1. Өргүй, алдагдалгүй, ашигтай ажилласан
  2. Нөөцийг нэгтгэн батлуулж, компанийн бизнесийн үнэлгээг хийсэн
  3. Ажилчдын нийгмийн асуудал, уурхайн хөгжилд анхаарсан
  4. Дэд бүтцийн төслүүдийг эхлүүлсэн
  5. Нийгмийн хариуцлагын томоохон ажлуудыг эхлүүлсэн
  6. 1072 хувьцааг амь оруулсан

Харин ирэх 2025 он хүртэл бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд: Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Нүүрс ачилтын нэгдсэн төв, Ханги мандал, Гашуунсухайт чиглэлийн авто зам, Тавантолгой цахилгаан станц, Нүүрс химийн үйлдвэр, гангийн үйлдвэр, Коксын үйлдвэр зэрэг төслүүд багтаж байгаа юм.  Мөн ажилчдын нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулж, 51000 хүн оршин суух бололцоо бүхий Эрдэнэсийн хот байгуулах ажлыг эхлүүлнэ гэдгийг хэллээ. Үүнээс гадна 1072 хувьцааг арилжих, өвлүүлэх боломжийг нээж, хувьцааны үнэлгээг бодит болгох,  компанид группын хэмжээний хөрөнгийн удирдлагын тогтолцоо бүрдүүлж ажиллахаар төлөвлөжээ.

Компанийн  “А6-20” Бизнес төлөвлөгөө болон холбогдох бичиг баримтыг ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэд  гардуулж өгөв. Мөн энэ үеэр компанийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийн талаар танилцуулж, нийт төсвийн 95 хувийг бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах бөгөөд үлдсэн хувийг өөрийн үйл ажиллагааны зардалд зарцуулахыг онцолж хэллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.