Ч.Ундрам: Монгол Улс анх удаа Музейн тухай хуультай болно

Засгийн газраас өргөн мэдүүлээд буй Музейн тухай хуулийн талаар уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа. 

-Музейн үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуулийн төслийг анх удаа УИХ-аар хэлэлцэх гэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад хэдэн музей, ямар нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна вэ?   

-Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг томилогдсон. Энэхүү ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. 

Өнөөдрийн байдлаар улсын 36 музей байдаг. Үүн дотроо 12 нь төрийн өмчит, 24 нь орон өмчит гэдэг статустай. Дээр нь орон нутгийг сурталчлах танхим 56, хувийн өмчийн музей болон галлерейн чиг үүрэг хэрэгжүүлж байгаа 20 гаруй байгууллага, 10 гаруй бэсрэг музей байдаг. Эдгээрээс музейн зориулалтаар барьсан зургаан барилга байдгаас гурав нь нийслэлд, гурав нь орон нутагт бий. Дээр нь музейн ажилчид маш бага буюу дунджаар 590 мянган төгрөгийн цалинтай. 

Музей бол ашгийн бус байгууллага. Мөн түүх, соёлын эд зүйлсийг судлахад эрдэм шинжилгээний ажилд хувь нэмэр оруулдаг байгууллага юм. Тийм учраас ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж буй музейнүүдийг дэмжих бодлогыг энэ хуулиар зохицуулж байгаа. 

Одоо байгаа музейнүүд Соёлын өвийн тухай хууль, Түүх соёлын дурсгалт зүйлийн тооллого явуулах журам, Улс, орон нутаг, байгууллагын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах журам, Улс, аймгийн музейд үзмэр худалдан авах журам, Монгол Улсын музейн сан хөмрөгийн дүрэм зэргийг мөрдөн ажилладаг. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь зохицуулах тусгайлсан хуульгүй байсан. 

-Хуулийн төсөлд музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа найман жил байна гэж заасан байсан. Тэгэхээр музейн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр эрхлэнэ гэсэн үг үү?

-Энэ хуулиар хувийн музейн үйл ажиллагааг дэмжих ёстой гэж үзэж байгаа. Монголд байгаа хосгүй үнэт, үнэт соёлын өвүүдийн зарим нь хувь хүний гар дээр байдаг. Тийм учраас хувь хүнд байгаа соёлын үнэт өв, дурсгалыг аль болох сурталчилж, олон нийтэд таниулах, жуулчдыг татах үйл ажиллагаанд оролцуулах нь зөв юм. Ингэхийн тулд тодорхой зохицуулалтаар тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эрхлэх нь зөв гэж үзэж байгаа. 

-Музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлыг энэ хуулиар шийдэх үү? 

-Түүх, дурсгалын зүйл музейн сан хөмрөгт худалдаж авахад шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгадаг. 

Соёлын өвийн тухай хуульд музейн сан хөмрөгт үзмэр худалдаж авах, хандиваар авах асуудлыг тусгасан байгаа. Үүнтэй холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд уяж өгнө. 

Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа Соёлын тухай хуульд хувь хүн музейд үзмэр хандивлах юм бол тодорхой хэмжээнд татвараас чөлөөлдөг ч юм уу санхүүгийн хөшүүрэг болохуйц заалт оруулах талаар ярилцаж байгаа. 

-Хуулийн төсөлд тусгасан шинэлэг заалтуудын талаар танилцуулахгүй юу? 

-Энэ хуулийн төслөөр музейнүүдэд зэрэглэл тогтоож байгаа. Үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоохоор заасан. Үндэсний болон улсын музейг төрийн хамгаалалтад, бүс нутгийн болон орон нутгийн музейг орон нутгийн хамгаалалтад авах ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл музейд байгаа үзмэрүүд соёлын хосгүй үнэт, үнэт гэсэн ангилалд ордог учир хамгаалалтад авах ёстой. 

Олон улсын стандартад музей нь дэргэдээ сэргээн засварлах үйл ажиллагаа эрхэлдэг газартай байдаг. Өнөөдрийн нөхцөлд орон нутгийн музейнүүдээ чадахгүй юм гэхэд бүс нутгийн музей сэргээн засварлах төвтэй байна гэдэг асуудлыг ярьж байна. 

-Үндэсний гэдэг ангилалд ямар музей багтах вэ? 

-Монгол туургатныг хамарсан түүх, соёлын үзмэртэй музейг энэ ангилалд хамруулж байгаа. Жишээ нь, Их Монгол Улсын түүхтэй холбоотой үзмэрүүд байх юм. Харин улсын музей ангилалд манай улсын түүхтэй холбоотой, жишээ нь, Богд хааны ордон музей байна. 

-Хуулийн төсөлд музейн сан хөмрөгч, музейн ажилтны чиг үүргийн нарийвчлан заасан байна. Үүний ач холбогдол нь юу вэ?

-Өнөөдөр манай улсад ажиллаж байгаа музейн ажилчдын нэлээд хувь нь мэргэжлийн биш хүмүүс байна. Уг нь музейд нарийн ур чадвар, өндөр мэдлэгтэй хүмүүс шаардлагатай. Сан хөмрөгч гэхэд тухайн үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг хариуцдаг. Мөн куратор байх шаардлагатай. Энэ хүн нь музейн бодлого дэглэлт, гадаад, дотоодын үзэсгэлэнг хариуцдаг. 

Бид музейн үйл ажиллагааг олон улсын жишиг рүү ойртуулъя гэж байгаа юм. Тиймээс музейн ажилтнууд дахин давтагдашгүй үнэт зүйлтэй харьцдаг учраас хариуцлагыг нь өндөржүүлэх зорилгоор музейн ажилтны ёс зүйн талаар тусгасан. Тухайлбал, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдтэй хамт ажиллахгүй байх, хувьдаа цуглуулгатай хүн ажиллахгүй байх зэрэг заалтуудыг оруулсан. 

-Энэ хуулийн төсөлд музейн үзмэрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахтай холбоотой ямар заалт орсон бэ? 

-Музейн сан хөмрөгийн бүртгэлийг цахим болгох бодлого барьж байгаа. Техник технологийн дэвшил ашиглан үзмэрүүдээ 3D болон бусад хэлбэрээр баримтжуулж, нэгдсэн цахим санд оруулах юм бол аль музейд ямар үзмэр байгааг харж, хянах боломжтой болно. 

Дээрээс нь Төрийн өмчийн тухай хуулиар жил бүр тооллого явагддаг. Тооллого хийгдээд Төрийн өмчийн хороогоор баталгаажсны дараа Үндэсний архивийн санд бүртгэл мэдээллийг нь оруулахаар санал аваад явж байна. 

-Хуулийн төсөл дэх онцлох заалтуудаас дурдвал?

-Улсын музейг хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй үзнэ гэдэг заалт оруулж байгаа. 

Галлерейн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын асуудлыг тодорхой хэмжээнд тусгасан. 

Мөн сан хөмрөгт байгаа соёлын өвийн эд зүйлсийг хасахгүй байх заалтыг оруулсан. Тийм учраас сан хөмрөгөөс ямарваа нэгэн зүйл алдагдахаас сэргийлж чадна гэж үзэж байгаа.

Музейн аюулгүй байдлыг хангах үүднээс ойр орчимд нь тэсэрч дэлбэрэх аюултай шатахуун түгээх станц байгуулахыг хориглосон. 

Дээрээс нь музейд дөрвөн жил тутамд үнэлгээ хийж, зургаан жил тутамд тухайн үеийн соёлын тухай бодлоготой уялдуулан дотоод зохион байгуулалт, дэглэлтээ өөрчилж сайжруулах асуудлыг тусгасан. Тэгэхгүй бол 2000 онд орж үзсэн музей өнөөдөр ч гэсэн яг тэр хэвээрээ байдаг. Тиймээс байнгын танхимыг зургаан жил тутамд дэглэлтийг нь өөрчилж байх заалт оруулсан. 

-Музейн дотоод зохион байгуулалтыг тодорхой хугацаанд өөрчилнө гэж байна. Гадаад орнуудын жишиг ямар байдаг вэ?

-Ажлын хэсгийн хувиар 20-иод улсын музейн тухай хуулийг судалж үзсэн. 5-10 жил тутамд байнгын танхимуудаа шинэчилдэг юм билээ. 
Манай улсын хувьд нийт сан хөмрөгийн 20-иод хувь нь л ил байдаг. Бусдыг нь хадгалаад байж байдаг учраас эргэлтэд оруулах зорилгоор энэ заалтыг оруулсан.

-Энэхүү хуулийн төсөл дэх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд төсөв санхүүгийн бэрхшээл тулгарах уу. Жишээ нь, музейн дэргэд сэргээн засварлах төв байна гэж байна. Ийм төв байгуулахад санхүүгийн эс үүсвэр шаардагдана шүү дээ? 

-Олон улсын жишгээр музей нь эрдэм шинжилгээний байгууллага. Тиймээс ч музей нь эрдэм шинжилгээний, ашгийн төлөө бус байгууллага байна гэж тодорхойлсон. 

Судлаач, их, дээд сургуулийн багш нар өөрсдөө судалгааныхаа төслийг олчихдог. Тэр төслийнх нь хүрээнд судалгаа хийх боломжийг бид нээж өгөх шаардлагатай байгаа юм. Хамаг юмаа хав дарчихаад суугаад байхаасаа илүүтэй судалгаа, шинжилгээний эргэлтэд оруулах нь зөв. 

Бас нэг шинэлэг зүйл нь музей нь үйлчилгээ эрхэлдэг байж болно гэж тусгасан. Улсын төсөв хараад байлгүй өөрсдөө орлого бий болгоод явах боломжтой. Музей дотороо дэлгүүр, үйлчилгээ эрхлэх боломжийг нээж өгсөн. Зарим музей цар тахал гарахаас өмнө тодорхой хэмжээний орлоготой байсан юм байна. Үндэсний түүхийн музей гэхэд 2019 онд 750 сая төгрөгийн орлого бүрдүүлж байж. 

Музейн үйл ажиллагааны чиглэлд боловсрол, танин мэдэхүйн сургалт зохион байгуулах асуудлыг тусгасан. Энэ чиглэлийн дагуу үзмэр үзүүлэхээс гадна жишээлбэл түүхийн холбогдолтой сургалт зохион байгуулж, орлого олох үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлсэн. Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, үр дүнг нь хэвлүүлэн түгээх зэргээр чиг үүргийг нь нэмэгдүүлсэн.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.