Чинээлэг орнуудад шинэ үеийн вакцин эрэлттэй байна

Эм, вакцин үйлдвэрлэгч компаниуд цар тахлын эрсдэлийг даван туулах бүтээгдэхүүн боловсруулах өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна. Өрсөлдөөнийг “BioNTech”, “Pfizer”, “Moderna” компани тэргүүлж байгаа бол Швед-Британийн “AstraZeneca”, “Sanofi”, “Sinovac”, “Johnson & Johnson” зэрэг эмийн үйлдвэр вакцинаа сайжруулж, илүү боломжит нөхцөлийг худалдан авагчдад санал болгож эхэллээ. Үүний зэрэгцээ коронавирусийн эсрэг вакцин үнэхээр үр дүнтэй юү, өвчтөний нас, архаг өвчтэй эсэхээс хамаарч өөрөөр хэрэглэх үү, тариулсны дараа бие махбодод үүссэн дархлаа удаан хугацаанд хадгалагдах уу, явцын хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юу зэрэг асуулт урган гарч байна. “BioNTech”, “Pfizer” компанийн боловсруулсан “BNT162b2” вакциныг 95 хувийн үр дүнтэй гэж зарласан. “Moderna” 94.5 хувийн баталгаа өгч байна. Энэ бол ер бусын өндөр үзүүлэлт. Роберт Кохын хүрээлэнгийн мэдээлснээр 2018-2019 онд томуугийн эсрэг вакцины үр дүн Германд 21 хувьтай байсан. Энэ нь өвчний эсрэг вакцин хийлгэсэн таван хүн тутмын нэгийг л хамгаалж байсан гэсэн үг юм. Вакцинжуулалт нь халдвар авах эрсдэлийг бууруулдаг ч зуун хувь хамгаалдаггүй. Вирусүүд тогтмол өөрчлөгддөг байна. Тиймээс вакцины эсрэгтөрөгчийн найрлагыг вирусийн омгоос хамааран жил бүр өөрчилдөг. Тодорхой вакцины үр нөлөө нь тарьсны дараа бие махбодод үүсэх эсрэг биеийн концентрацаас шууд хамаарна. Үүнийг тодорхойлохын тулд эрдэмтэд хяналтын туршилт явуулж, оролцогчдыг хоёр бүлэгт хуваадаг. “Pfizer ба BioNTech” нь 43538 сайн дурынхныг III үе шаттайгаар туршилтад хамруулжээ. Оролцогчдод лабораторид ургуулсан шинэ коронавирусийг гурван долоо хоногийн давтамжтайгаар тарьсан байна. Тэдний 170 хүнээс вирусийн халдвар илэрчээ. Өөрөөр хэлбэл, сайн дурынхны 95 хувийг халдвараас хамгаалсан байна. “Moderna” вакцины клиник туршилтад 30 мянган сайн дурынхан оролцсоноос 95 хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ.Ташрамд дурдахад, эмнэлзүйн туршилтад хамрагдсан хүмүүс хоёр жилийн турш хяналтад байх ёстой аж.

 “ASTRAZENECA” ХЯМД ҮНИЙГ САНАЛ БОЛГОЖЭЭ 

Их Британийн “AstraZeneca” компани цар тахлын үед ашгийн төлөө бус ажиллахаа амласан цорын ганц вакцин хөгжүүлэгч бөгөөд бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр зах зээлд нийлүүлж байна. Хамгийн үнэтэй вакциныг “Moderna” үйлдвэрлэж байгаа бөгөөд захиалга өгсөн Засгий газрын чадамжаас хамааран нэг тун нь 25-37 ам.долларын үнэтэй. “BioNTech”, “Pfizer” компани АНУ-ын засаг захиргаатай вакцины нэг тунг 19.50 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцсон. Тэд Европын холбоонд арай бага өртгөөр буюу нэг тунг 15.50 еврогоор (ойролцоогоор 18 ам.доллар) нийлүүлнэ. Хоёр шатлалт “CureVac” вакциныг хөгжүүлэгчид Европын холбоонд хүргүүлсэн саналдаа нэг тунгаа 10-12 еврогоор үнэлжээ. Харин ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр “Спутник V” вакцины нэг тунгийн үнэ 10 ам.доллараас хэтрэхгүй аж. ОХУ-ын иргэдийг үнэ төлбөргүй вакцинжуулах юм. “AstraZenecа” вакцины нэг тунг дөрвөн ам.доллараар худалдаалж байна. Тус компани нь вакциныг бага орлоготой улс орнуудад тэгш хуваарилах олон улсын COVAX төсөлд нэгдсэн анхны хөгжүүлэгч. COVAX төслийнхөн “AstraZeneca”компанид 300 сая тунгийн захиалга өгчээ. “Pfizer”-ийн вакцин хадгалах болон тээвэрлэхэд тусгай нөхцөл шаардлагатай. Вакциныг Цельсийн -94 хэмийн хуурай мөс бүхий тусгай хайрцагт 30 хүртэл хоног хадгална. Харин “Moderna”-гийн вакциныг Цельсийн -20 хэмийн хүйтэнд ердийн хөргөгчинд нэг сар хадгална. Харин “AstraZeneca”-гийн хөгжүүлсэн вакциныг эмийн бүтээгдэхүүн хадгалах зориулттай ердийн мөргөгчинд зургаан сар хүртэл хугацаагаар хадгалдгаараа давуу талтай юм.Вакцин сонголтод үнээс гадна бусад хүчин зүйл болох бүтээсэн технологи шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. “AstraZeneca”, “Спутник V”, “Синофарм” вакциныг уламжлалт вектор аргаар бүтээжээ. “BioNTech–Pfizer”, “Moderna”, “CureVac” нарын хөгжүүлэгч шинэлэг мРНХ технологиор вакцин үйлдвэрлэж байна. Энэ нь дархлааны хариу урвалыг эсийн түвшинд үүсгэдэг генетикийн инженерчлэлийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилт юм. Шинэ үеийн вакцины судалгаа шинжилгээг биотехникийн компаниуд олон жилийн өмнө эхлүүлсэн ч хэрэглээнд нэвтрүүлээгүй байв. Германы хэвлэлүүдэд мэдээлж буйгаар “өндөр технологийн” мРНХ вакцинууд нь ихэвчлэн аж үйлдвэржсэн, чинээлэг орнуудад эрэлттэй байна. Тэр ч байтугай эмийн үйлдвэрүүдэд жинхэнэ хувьсал авчирна гэж тооцоолжээ.  

Х.ЗаяаЭх сурвалж: “Монголын үнэн” сонин

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.