Базархандаев Амгалан Ринчинович: Монголд анх төмөр замын хөтөч оюутнуудын удирдагчаар ирж байлаа

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)-ийн захирал Базархандаев Амгалан Ринчиновичтой ярилцлаа. Бага залуу наснаасаа удирдах албан тушаалд томилогдон ажилласан Базархандаев Эрхүүд танилцаж, нөхөрлөсөн монгол оюутнуудтайгаа одоо ч дотно харилцаатай байдаг, урлаг, хэвлэл мэдээллийн салбарт элэгтэй нэгэн юм. Мөн тэрбээр манай улсад дээрх албан тушаалуудад томилогдон ажилласан нэг жилийн хугацаанд ОХУ-д тэтгэлгээр суралцдаг монгол оюутнуудын тоог нэмсэн, орон нутагт Орос хэл судлалын 24 төв нээсэн зэрэг олон ажлыг хийж амжуулсан.

-Ярилцлагаа таны одоогийн албан тушаалд томилогдохоос өмнөх үеийн намтар түүхээр эхлэх үү?

-Тэгье ээ. Би ОХУ-ын Чита мужид төрж, өссөн. Бага нас минь тэнд өнгөрч ахлах сургуулиа төгсөөд Эрхүүгийн их сургуулийн Түүхийн тэнхимд элсэн суралцсан. Миний оюутан ахуй цагт КОМСОМОЛ(ЗСБНХУ-ын буюу Бүх холбоотын эв хамт залуучуудын эвлэл) маш өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг үе байлаа. Харин миний хувьд КОМСОМОЛ-ийн Эрхүү мужийн төв хорооны тэргүүнээр ажилладаг байсан. Мөн ЗХУ-ын хилийн цэргийн албыг хаасан.

Хожим даатгалын салбарт хөл тавьж, өөрийн компаниа байгуулж, 2000 онд намайг “АИСТ” телекомпанийн захирлын албанд томилсон. Манай “АИСТ” телекомпанийн салбар телевиз Монголд долоон жил “АИСТ Монголия” нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байсныг телевиз үзэгчид мэдэх байх. Телевизтэй холбогдож, “гал тогоо”-г нь ахалж ажилласан мөн Сибирийн бүс нутагт томоохонд тооцогдох баримтат киноны студийн тэргүүнээр ажиллаж байсан болохоор олон тооны баримтат кино бүтээсэн. Үүнээс цөөнгүй бүтээл олон улсын баримтат киноны наадмуудаас шагнал авсан.

Сэтгүүл зүйн салбарын тухайд гэвэл миний намтар дан ганц телевиз гэлтгүй сонинтой салшгүй холбогддог. Хэд хэдэн сонин эрхлэн гаргасан. Үүний нэг нь ОХУ-д борлуулалтаараа тэргүүлдэг долоо хоног тутмын “Аргументы и факты” сонин.

Мөн хэвлэл мэдээлэл, телевизийн салбарт ажилласан туршлагадаа үндэслээд Эрхүүгийн их сургуулийн олон улсын сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгчийн албанд томилогдож долоон жил хашсан.

-Та өдгөө зөвлөх, тэргүүн, захирал гэсэн гурван ч том албан тушаалыг зэрэг хашдаг юм байна?

-Оюутан байх үе, ажлын талбарт гарснаасаа хойш ч хоёр, гурван алба зэрэг хашиж ирсэн юм байна. Хоёрдугаарт, одоогийн албаа хашихад надад хэцүү зүйл гардаггүй. Учир нь би Монголд ирээд шинэ, мэдэхгүй ажил бус өөрийн дадсан ажлаа л хийж байгаа. Надад хэвлэл мэдээллээс гадна кино урлаг, энтертайнмент салбарт ажилласан туршлага бий.

Анх баг бүрэлдэхүүнд нь орж ажилласан уран сайхны кино гэвэл “Татар ажиллагаа” байна. Би тухайн үед Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү(“Татар ажиллагаа” МУСК-д гол дүр бүтээсэн)-гийн продюсер байлаа. Энэ ажил үүрэг маань ч нөлөөлсөн байх “Татар ажиллагаа” кино багийн ОХУ-ын талын ерөнхий продюсерээр ажилласан. Түүнчлэн “Татар ажиллагаа” киног ОХУ-ын нутаг дэвсгэрт өргөн дэлгэцээр үзэгчдэд үзүүлэх эрхийг авч байсан. Мөн монголын эстрадын ихэнх хамтлаг, дуучны тоглолтыг ОХУ-д зохион байгуулж байлаа. Үүнээс гадна “Монгол” киноны бэлтгэл ажлыг хангах хүрээнд “том” Сергей Бодров, Даши Намдаков нарын алдартай уран бүтээлчдийг анх Монголд урьж, авчирсан. Үүний дараа “Содура” монголын уран сайхны кинонд мөн ажилласан.

Харин телевизийн салбарт гэвэл 20 жилийн түүхтэй олон улсын “Загасан нүд” наадмын үндэсний шалгаруулалтыг өөрийн эртний анд урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн ерөнхий захирал Л.Балхжавтай хамтран Монголд зохион байгуулсан. “Загасан нүд” наадам Монгол, БНХАУ, БНСУ, Япон зэрэг таван орноор “аялсан” байдаг. Энэ хүрээнд Монголын телевизүүдээс гадна Өвөр Монголын “Одон”, БНСУ-ын “Arirang”, Японы “NHK” телевизийн удирдлага, уран бүтээлчидтэй танилцаж нөхөрлөсөн. Тэд өнөөг хүртэл ажил албаа хашиж байгаа учир зөвхөн кино наадмаар хязгаарлагдахгүй урлагийн салбарт янз бүрийн уран бүтээл, төсөл хөтөлбөрт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа.

-Монгол Улстай холбоотой анхны мэдрэмжүүдээ хуваалцаач?

-Эрхүүд оюутан байхдаа дотуур байрныхаа болон сургуулийнхаа олон монгол оюутантай танилцаж, өнөөг хүртэл сайхан нөхөрлөж явна. Тэр үеэс л танилцаж, нөхөрлөсөн Д.Намхай найзтайгаа өнөөдөр нэг газар хамт ажиллаж байна.

Би анх 1984 онд тухайн үеийн БНМАУ-д ирж байлаа. Мэдээж Монголд хөл тавих болсон гол шалтгаан минь миний монгол найзууд. Тухайн үед ЗХУ-ын оюутнууд зуны амралтаараа КОМСОМОЛ-ийн хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцоно. Би ч КОМСОМОЛ-ийн гишүүдээс бүрдсэн барилгын отрядын проводник(төмөр замын хөтөч) оюутнуудын удирдагчаар БНМАУ-д ирсэн.

Анх Монголыг Зөвлөлтийн нэгэн адил гэсэн төсөөлөлтэй л байсан. Өөрөө ирж нүдээр харж байж тэс ондоо ертөнц гэдгийг нь таньж мэдэж авсан даа. Мөн хөгжилтэй инээдтэй зүйл гэвэл оюутан байсан үеийн нэг дурсамжаа хэлье. Чита, Эрхүүд байдаггүй ховор орос бараанууд ЗХУ-ын худалдааны нэгдлүүдийн харьяа Монгол дахь СОТ дэлгүүрийн лангуунд өрөөтэй байдаг байв. Ганцхан би ч гэлтгүй Оросоос ирж буй оюутнууд Монголд ирэхдээ СОТ дэлгүүрээс баахан бараа авч буцдаг байлаа.

-Таны нүдээр одоогийн Улаанбаатар хот тухайн үеийнхээс хэр өөрчлөгдсөн бэ?

-Өнөөгийн Монголыг тэр үеийн БНМАУ-тай харьцуулвал богино хугацаанд асар том үсрэлт хийж чадсаныг би хувьдаа гайхаж биширдэг. Ялангуяа нийслэл Улаанбаатар хот сүүлийн 5-7 жилд огцом өөрчлөгдсөн. Тогтвортой хэмнэлтэйгээр хөгжиж, социалист үеийн өнгө төрхөө огцом өөрчилж байгаа. Хэдий Улаанбаатар хотод асуудлууд байгаа ч гэлээ ирээдүйд жуулчдын ирэхийг хүсдэг дэлхийд алдартай, үзэсгэлэнтэй нийслэлүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байдаг.

Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Хот соёлтой бол гоё” бүх нийтийн аян надад маш их таалагдсан. Тиймдээ ч “Соёлтой хот болгоё” уриан дор иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлах, хотынхоо дүр төрхийг өөрчлөх, хөгжлийн төлөө зүтгэх ажлыг дэмжих, Улаанбаатар хотын хот тохижуулалтын ажилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Энэ үүднээс Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамаарал бүхий гадаах ашиглагдаагүй газраа тоглоомын хотхон байгуулах ажилд үнэ төлбөргүй өгөхөөр болсон. Эрх авсан гүйцэтгэгч компани тухайн газарт нийслэлийн оршин суугчид, хүүхдүүдэд зориулж хүүхдийн тоглоомтой таван талбайгаас бүрдсэн хүүхдийн хотхон байгуулна. Удахгүй албажуулан гарын үсэг зурахаар бүтээн байгуулалт албан ёсоор эхлэх байх.

-Таныг ажлаа аваад удаагүй байхад Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиосон. Тэгвэл уг арга хэмжээг урьд өмнөх тэгш ойтой харьцуулахад хэр өргөн хүрээнд ямар онцлогтой тэмдэглэсэн бэ?

-Миний ирсэн онгоц ням гарагийн өглөөний зургаан цагт Улаанбаатарт газардаж, би маргааш нь буюу даваа гарагийн 10 цагт ажилдаа орсон. Тухайн үед ОХУ, Казахстан, Беларусь улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх тухай ярилцаж байхад ханцуй шамлаад л ажилдаа орсон.

Энэ тэгш ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилсныг уншигчид мэдэж байгаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд хоёр улсын Засгийн газар маш өндөр ач холбогдол өгсөн. Ойн хүрээнд хийгдсэн олон ажил, арга хэмжээнээс хамгийн том бүтээн байгуулалт нь ОХУ-ын “Роснефть” компанийн 8 сая еврогийн санхүүжилтээр Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжүүлсэн “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил. Халх гол сумыг шинэчлэх санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж, 2018 оны есдүгээр сард Владивостокт болсон уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулсан. Энэ санаачилгыг манай ОХУ-ын тал ч ихэд дэмжсэн. Ийн “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халх гол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж баригдсан. Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьсан.

Мөн ойн хүрээнд МҮОНРТ, ОХУ-ын Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн “Халхын голд байгуулсан гавьяа” дөрвөн ангит баримтат киноны нээлтийг манай ОШУСТ-д хийсэн. Түүнчлэн  “UBS” телевизтэй хамтран зохион байгуулсан “Наша песня” орос дууны уралдаан монгол үзэгчдийн таашаалд нийцэж, хаалтын гала тоглолтыг томоохон шоуны хэмжээд хийсэн.

-Улаанбаатар дахь ОШУСТ Кремлийн сүлд модны наадмыг сэргээн зохион байгуулсан нь хүүхдүүдэд маш том “бэлэг” болсон?

-Би Эрхүүгийн их сургуульд хамт сурч байсан олон монгол найз нөхөдтэй гэдгээ түрүүнд хэлсэн. “М-Си-Эс” группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, АПУ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Батсайхан зэрэг мундаг нөхөд бий. Мэдээж биднийг танилцаж, нөхөрлөх үед тэд одоогийнх шиг мундаг, том захирлууд байгаагүй л дээ. Одоо тэр найзуудтайгаа уулзахад хүүхэд байх үеийнх нь хамгийн гоё арга хэмжээ нь Кремлийн сүлд модны наадам байсан. Тасалбар нь олддоггүй, оролцохын тулд онц сурч, урлаг спортын авьяас чадвараа хөгжүүлдэг байснаа дурссан. Мөн олон хүн сэргээж дахин зохион байгуулаарай гэсэн хүсэлт хэлдэг. Ийн уг наадмыг 30 жилийн дараа сэргээн зохион байгуулсан. Мөн Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг 2001-2013 онд хугацаанд найруулсан найз Валерий Шевченкогоо урьж авчран, Улаанбаатар дахь Кремлийн сүлд модны наадмын ерөнхий найруулгаа хийлгэж, тайзны засал чимэглэлийг урлагийн гавьяат зүтгэлтэн, ДБЭТ-ийн ерөнхий зураач Г.Ганбаатар хийсэн байгаа.

Кремлийн сүлд модны наадам үзэхээр манай төвөөр өдөрт 500 гаруй хүүхэд, тэдний аав ээж, ах эгч нар гээд 1500 орчим хүн ирсэн. Уг наадмыг нийт 3000 орчим монгол хүүхэд үзсэн гэсэн нэгдсэн тоо баримт бий. Бид Кремлийн сүлд модны наадамд оролцсон, үзсэн хүүхэд бүртээ бэлэг өгсөн. Мөн Кремлийн сүлд модны наадмын нэг өдрийн тоглолтоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан зохион байгуулсан.

Энэ ташрамд хэлэхэд, сүлд модны наадмын бүх өдрийн тоглолтод идэвхтэй оролцсон Ж.Соронзон захиралтай Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдад талархал илэрхийлье.

-Удахгүй Дэлхийн хоёрдугаар дайны аугаа их ялалтын 75 жилийн ойн баярын өдөр тохионо. “COVID-19 халдвараас үүдэн та бүхний төлөвлөсөн ажлууд хойшилж байгаа байх?

-Тийм ээ. Хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш маш олон төлөвлөгөө нурж, зарим ажил хойшилсон. Мөн төлөвлөсөн арга хэмжээнийхээ заримыг цахим хэлбэрт шилжүүлсэн байгаа. Тухайлбал, Манай төв Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин хамтран орос хэлээр эсээ бичих уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулсан. Өмнө нь түрүүлсэн нэг хүүхдэд ОХУ-д сурах тэтгэлэг олгодог байсан. Энэ жил “Эх орны дайны ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулж, гурван ялагч тодруулан тус бүрт нь ОХУ-ын Засгийн газрын 50 сая төгрөгийн сургалт, амьжиргааны тэтгэлэг олгосон. Цаашлаад “Наша песня” орос дууны уралдааныг цахимаар зохион байгуулж, ирсэн бүтээлүүдийг интернет орчинд байршуулж байна.

Үүнээс гадна Дэлхийн хоёрдугаар дайны аугаа их ялалтын 75 жилийн ойн хүрээнд Монгол улсад байнга оршин суугаа Оросын эх орон нэгтнүүдийн зөвлөлтэй хамтран “Бидний эцэг өвгөдийн түүх” телевизийн төслийг Монголд хэрэгжүүлэхээр болсон.

Уг төслийн хүрээд иргэд эцэг өвгөд, хамаатан садныхаа дайны үеийн буюу фронтын болон ар талын дайчид, ахмад дайчдын гэрэл зургуудыг бидэнд илгээсэн. Ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдийн хувийн архиваас авсан гэрэл зургуудыг бид аугаа их ялалтын ойн клип, дүрс бичлэгт мөнхөлж Монголын телевизүүдээр үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

Ялалтын баярын өдрөөр цэргийн жагсаалаас гадна өөр олон арга хэмжээ болдгийн нэг  нь  “Бессмертний  полк”  буюу  “Үхэшгүй мөнхийн  хороо” нэртэй  олон нийтийн  жагсаал. “Үхэшгүй мөнхийн  хороо” жагсаалд Дэлхийн II дайнд оролцож, халуун амь, бүлээн цусаа өргөсөн дайчдын үр ач, төрөл төрөгсөд оролцож өвөг дээдсийнхээ алдар гавьяаг дурсдаг.  Өнгөрсөн жил “Мөнхөд дурсагдах дайчид” нэрийн дор Улаанбаатар хотод болсон.

Энэ жагсаалд аав, өвөөгийнхөө зургийг бариад үр хүүхэд нь оролцсоноороо тэр баатрууд өдгөө ч алдар гавьяагаар амьд мэнд бидний дунд алхаж байна гэдгийг илтгэдэг. Тус жагсаалыг Сибирийн бүс нутагт манай “АИСТ” телевиз анх зохион байгуулсан юм. Мөн би Москвад, Эрхүү мужид, Улаан-Үд хотод байхдаа уг арга хэмжээнд өвөөгийнхөө гэрэл зураг барин жагсаж, хүндэтгэл үзүүлж байсан. Тэр жишгээрээ энэ жил Улаанбаатар хотод өвөөдөө хүндэтгэл үзүүлнэ гээд маш их догдолж, гэрэл зургийг нь хэдийн бэлдчихсэн. Харин хорио цээрээс болоод олон нийтийн арга хэмжээ болох эсэх нь эргэлзээтэй байна.

Үүнээс гадна дэлхий нийтэд хүлээлт үүсгээд буй “Подольскийн сонсогчид” цэргийн түүхэн уран сайхны киног Россотрудничество агентлаг дэлхийн 81 оронд буй 98 суурин төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан, соёлын төвүүдээрээ дамжуулан анх удаа олон улсын үзэгчдэд үзүүлэхээр болсон. Мэдээж дээрх 81 орны нэг нь Монгол Улс. Гэвч цар тахлын улмаас мөн л хугацаа нь тодорхойгүй болчихсон байдаг.

-Танай төв телевизийн студи байгуулж байгаа гэсэн үү?

“АИСТ Монголия” оросын телевизийн контентууд болон кинонуудыг орос хэлээр монголын үзэгчдэд хүргэдэг цор ганц телевиз байсан. Харамсалтай нь техникийн асуудлаас болж, үйл ажиллагаагаа зогсоосон. Телевизийн урлаг хүнийг донтуулдаг. Тиймдээ ч би амьдралынхаа 20 гаруй жилийг телевизийн салбарт зориулсан болохоор одоо ч салж чаддаггүй гэх үү дээ. Хорио цээрээс үл шалтгаалан манай төв цахимаар үйл ажиллагаагаа явуулсаар байх болно. Бид өөрийн албан ёсны “Youtube” сувгаа удахгүй нээх гэж байгаа. Мөн “АИСТ Монголия” телевизээс хадгалагдаж үлдсэн тоног төхөөрөмжийг төвдөө суурилуулж, ОХУ-аас нэмэлт тоног төхөөрөмж захиалан авчруулснаар телевизийн студи байгуулах гэж байгаа. Уг студидээ орос хэл дээрх мэдээ мэдээлэл бэлдэхээс гадна ОХУ-ын төв телевизүүдэд Монгол Улсын тухай цаг үеийн болоод бусад мэдээ мэдээллийг нийлүүлнэ.

Бага залуу наснаасаа хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд албан журмаар болон хувиараа гүйцэтгэсэн үүрэг, хэрэгжүүлсэн ажил үйлс болгонд тань уншигчдынхаа өмнөөс гүнээ талархаж байна. Мөн манай урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 онд миний Орос, Монголын харилцаа холбоо, найрамдлыг өргөжүүлэн бэхжүүлэх ажилд зүтгэсэн өчүүхэн хувь нэмрийг үнэлж, Төрийн ордонд хүлээн авч Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасанд гүнээ талархдаг. Мөн Монгол орон минь намайг “Нийслэл хотын хүндэт иргэн” болон Халх голын байлдааны ялалтын ойн медалиудаар шагнаж байсан. Монгол, ОХУ өнө мөнхийн хөрш. Улс үндэстэн мөнхийн хөршөө шилж, сонгох боломжгүй. Тиймээс мөнхийн хөрш орнууд харилцан ойлголцож, харилцаагаа гүнзгийрүүлэхэд иргэн нэг бүрийн үүрэг оролцоо нэн чухал. Цаашдаа ч энэ эрхэм үүргээ биелүүлж, өөрийн хувь нэмрээ оруулсаар байх болно. Танд ч мөн баярлалаа.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. монгол says

    дажгүй хүн байна шүү

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.