Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Катарын Дохаг зорино

Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны анхны тэмцээн Катар улсын Доха хотноо эхлэх гэж байна.

 “Doha-2021 World Masters” тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдөнө.

Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагчын хамт эх орноосоо мордох гэж байна.

Баг тамирдыг гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, Чимэд-Ёндонгийн Болдбаатар нар удирдан оролцоно.

Манай тамирчдаас “Мастерс”-ийн урилга ирсэн тамирчдаас -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар оролцох байсан ч бэртлийн улмаас тэмцээнд зодоглох боломжгүй болжээ.

“Doha-2021” World Masters тэмцээнд түрүүлсэн жүдоч 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медальтан 900 оноогоор чансаагаа ахиулна.

Манай баг тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу өнөөдөр коронавируст “Ковид-19” /PCR/-ийн хоёр  дахь шинжилгээгээ өгөөд энэ сарын 8-нд “Хүннү Эйр” компанийн нислэгээр яваад 14-ний өдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.

“Doha-2021 World Masters” тэмцээнд оролцох тамирчид:

Эрэгтэй

-60кг МУГТ Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/

-60кг ОУХМ Л.Өнөболд /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/

-66кг ОУХМ Г.Хэрлэн /World Masters-ийн алт, мөнгөн медальт/

-66кг ОУХМ Ё.Басхүү /World Masters-ийн хүрэл медальт/

-73кг ОУХМ Ц.Цогтбаатар /Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/

-73кг МУГТ Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/

-81кг С.Моллай /ДАШТ-ий алт, хүрэл медальт/

-81кг ОУХМ О.Ууганбаатар /Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/

-90кг ОУХМ Г.Алтанбагана /Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт/

+100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр /ДАШТ-ий хүрэл медальт/

Эмэгтэй

-48кг МУГТ М.Уранцэцэг /ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/

-48кг ОУХМ Г.Наранцэцэг /World Masters-ийн мөнгөн медальт/

-52кг ОУХМ Л.Сосорбарам /Залуучуудын олимпийн мөнгө, залуучуудын дэлхийн аварга/

-52кг ОУХМ Б.Хорлоодой /Дюссельдорфын Гранд Слам тэмцээний хүрэл медальт/

-57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа /Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт/

-63кг ОУХМ Б.Ганхайч /Гранд Слам тэмцээний хүрэл медальт/

Сүүлийн Мастерс БНХАУ-ын Чиндао хотноо 2019 оны 12 сард болоход манай тамирчид 2 мөнгө /Г.Наранцэцэг, Г.Хэрлэн/, 1 хүрэл медаль /Ё.Басхүү/ хүртсэн билээ.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …