Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээий хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Хөрөнгийг Дэлхийн банкнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжүүлж байгаа “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс гаргах болсон юм.

Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн зарим  сумын болон отроор яваа малчин өрхөд 1,200 тн тэжээл хүргэх эхний цуваа Улаанбаатар хотоос хөдөллөө.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон холбогдох бусад албаныхан оролцлоо.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тэжээлийн тусламж бага боловч дэм, тус болно гэдэгт итгэлтэй байна. Гол нь орон нутгийн удирдлагууд тэжээлийн хуваарилалт, зохион байгуулалтын ажлуудыг малчдад чирэгдэл, төвөг учруулахгүйгээр сайтар зохион байгуулах нь чухал” гэж хэллээ.

Говь-Алтай аймгийн 10 сумын 4,200 малчин өрхөд 1,1, Өвөрхангай аймгийн 19 сумын 16,300 малчин өрхөд 4,2, Баянхонгор аймгийн 20 сумын 1,200 малчин өрхөд 3.1, Өмнөговь аймгийн 10 сумын 4,000 малчин өрхөд 1,0, Дундговь аймгийн 15 сумын 7,200 малчин өрхөд 1,8 тэрбум төгрөгийн бүрэн найрлагатай тэжээл олгох юм. Тэжээлийг малчдад хүргэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцна. Малчин өрхөд тусламж хүргэсэн бүртгэлийг аппликэйшнээр дамжуулан тухай бүр баталгаажуулах бөгөөд Дэлхий банкны журам, дүрмийн дагуу хяналт тавихаар болжээ. Мөн  малыг нэмэгдэл тэжээлээр тэжээх шаардлага, тэжээлийн хэрэгцээг тооцох, тэжээх малаа сонгох, тэжээх зөвлөмжийг хүргүүлж байна. Хүчит тэжээлийг “Баялаг Фийд” компани үйлдвэрлэжээ.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …