Өмнөд Солонгос улсад 1 нас 4 сартай охин үрчилж авсан эцэг эхдээ зодуулж амь насаа алджээ

Өмнөд Солонгос улсад 1 нас 4 сартай бяцхан охин үрчилж авсан эцэг эхдээ зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэрэг явдал гарахаас өмнө тэдний эргэн тойрны хүмүүс цагдаад хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэсэн гурван удаагийн дуудлага өгсөн боловч цагдаагийн байгууллагаас ямар ч арга хэмжээ авалгүй орхисон нь ийм байдалд хүргэсэн байна.

Нас барсан бяцхан охины нэрийг Жон Ин гэдэг байсан бөгөөд түүний үхлийн талаарх мэдээллийг өнгөрсөн Бямба гарагт Солонгосын “SBS” телевизээр олон нийтэд ил болгожээ. Жон Ин охин Сөүлийн баруун урд байрлах нэгэн айлд үрчлэгдсэнээс хойш ердөө 271 хоногийн дараа ийнхүү харамсалтайгаар хорвоог орхилоо.

Охиныг үрчилж авсан эцэг эх нь Солонгосын EBS телевизээр хүүхэд үрчилж авахад хүмүүсийг уриалсан сэдэвтэй нэвтрүүлэгт өргөмөл охиныхоо хамтаар эгэл жирийн аз жаргалтай гэр бүлийн дүрээр оролцож байсан байна.

Жон Ин охин хүчирхийлэлд өртөж байж болзошгүй талаар нийт гурван удаагийн дуудлага ирж байсны эхнийх нь өнгөрсөн 5 сард ирсэн байна. Тухайн үед өдөр өнжүүлэх төвийн ажилтан Жон Ины бие хөх няц болсон байхыг хараад цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн боловч эцэг эх нь түүнд хэтэрхий чанга массаж хийсэн юм шиг байна гэсэн тайлбар өгснөөр хэрэгсэхгүй өнгөрч байжээ. Дараа нь хосууд охиныг өдөр өнжүүлэхэд өгөхөө больж гэртээ харах болсон. Үүнээс хойш 6 сард Жон Ин охинтой холбоотой “бага насны хүүхэд машинд ганцааранг нь үлдээсэн дуудлага” цагдаад ирж байсан. Хамгийн сүүлд хүүхдийн эмч охиныг үзээд хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай гэж цагдаад мэдэгдсэн ч тухай бүрт нь нотлох баримт олдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй өнгөрөөж байжээ.

Жон Ин 2020 оны 10 сарын 13-нд эмнэлэгт нас барсан байна. Охиныг нас барах үед түүний бие нь хөх няц болсон, хэд хэдэн яс хугарсан, болон толгойдоо олон тооны шархтай байжээ. Эмнэлэгт байхдаа түүний зүрх гурван удаа зогссоноор эмч нар охиныг аварч чадаагүй байна. Эмнэлгийн ажилчид тухайн үед нь тэр даруй хүүхдийн хүчирхийлэл байх болзошгүй талаар цагдаад мэдэгдсэн бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүнгээс харахад охин гадны нөлөөтэй нас барсан тогтоогджээ.

Охин өргүүлэхээсээ өмнө 7 сартайдаа 9 кг жинтэй байсан бол нас барах үедээ буюу 1 нас 4 сартай байхдаа ердөө 8 кг жинтэй болсон байна.

Уг хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн арваннэгдүгээр сард Сөүлийн прокурорын газраас эхийг нь хүүхэд хүчирхийлж санамсаргүйгээр амь насанд нь халдсан хэргээр, харин аавыг нь хараа хяналт тавиагүй хэргээр тус тус буруутгасан. Тэдний шүүх хурал энэ сарын 13-ны өдөр болохоор болсон аж.

Өмнөд Солонгост хүүхэд хүчирхийлж санамсаргүйгээр амь насанд нь халдсан хэрэгтнүүд дээд тал нь 15 жилийн ял авдаг. Харин иргэд энэ хэрэгт аллагын ял оноох ёстой хэмээн үзэж 12-р сарын 20-ны өдөр нийт 230 мянган хүний гарын үсэгтэй өргөх бичиг Цэнхэр ордон руу илгээжээ. Түүнчлэн охиныг амиа алдахаас өмнө дорвитой арга хэмжээ аваагүй цагдаа нар болон тухайн дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар хариуцлага алдсаныхаа төлөө ажлаасаа халагдах ёстой гэсэн өргөх бичигт нийт 110 мянган хүн гарын үсэг зурж засгийн газарт илгээсэн байна. Тухайн цагдаагийн албан хаагчдад оногдуулах шийтгэлийг ирэх долоо хоногоос тодорхой болгоно хэмээн эрх баригчдын зүгээс мэдэгджээ.

Одоогоор хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хэрхэн шийдэгдэх нь хүмүүсийн анхаарлын төвд байна.

Солонгосын одод болон иргэд, ээжүүд “Уучлаарай Жон Ин” гэх хаштаг хэрэглэж цахим орчинд эмгэнэл илэрхийлж байна.

Жишээ нь BTS хамтлагийн Жи Мин гэх зэрэг одод “Үнэхээр ийм харгис хэрцгий ертөнцөд чамайг хамгаалж чадаагүйд уучлаарай” гээд #정인아미안해 буюу “Жон Ин уучлаарай” гэсэн хаштаг ашиглан эсэргүүцлийн аян өрнүүлж, эмгэнэл илэрхийлж байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …