Б.Ууганбаяр: Бага насны хүүхдээ гэрт нь үлдээгээд тусгаарлалтад орсон хүмүүсийн гэрт нь очиж, анхаарал тавьсан

ХӨСҮТ, ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1753 иргэн байна. Нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлан ажиглах байр ажиллаж байна. Үүнд 1655 иргэн байна. Орон нутагт долоон тусгаарлах байранд 89 иргэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 70 иргэнийг нэмж тусгаарлалаа. 123 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн.

ХӨСҮТ-д төрсөн нярайг Эх, хүүхдийн үндэсний төв рүү шилжүүлсэн. Цэргийн төв эмнэлэгт байсан нэг иргэнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад байна. Сүүлийн байдлаар нийслэлд 81, орон нутагт 89, улсын хэмжээнд нийт 170 иргэн гэрийн ажиглалтад нэмж шилжиж байгаа. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад эдгэсэн иргэдийг Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II эмнэлэгт шилжүүлэн, ажиглалтад байлгаж байгаа. Тусгаарлалтаас гарсан иргэдийг орон нутгийнхан өөрсдийн зардлаар ирж аван, шууд гэрийн ажиглалтад шилжүүлж байна.

Бага насны хүүхдээ гэрт нь үлдээгээд тусгаарлалтад орсон хүмүүст маань хүндрэл гарч байгаа. Тухайлбал, өчигдөр “Зүчи” зочид буудалд гэр бүлээрээ тусгаарлагдсан хүмүүс гэртээ тав болон 16 настай хүүхдээ үлдээн, тусгаарлагдсан нь хүндрэлтэй байгаа талаар асуудал тавьсан. Үүн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагынхан Цагаан даваан дахь гэрт нь очиж, анхаарал тавьсан. Өнөөдөр мөн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Шат дараатай арга хэмжээг аваад явах болно.

Буяны ажилд оролцсон зургаан хүнээс халдвар илэрсэн

Иргэн О-гийн буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос болоод тусгаарлагдсан. Үүнээс зургаан хүн халдвар авсан нь нотлогдсон. Тиймээс иргэд буяны ажилд аль болох цөөн хүн оролцуулахыг бодолцоорой.

Нэг иргэн өөрийнхөө төрсөн өдөрт 20 гаруй хүн урьж оролцуулснаас болж халдвар тарж, нэг хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Баяр ёслолоос татгалзах хэрэгтэй.

Онлайн худалдаанд анхааралтай хандаарай. Нэг сэжигтэй хавьтал болсон иргэн онлайн худалдаа зохион байгуулсан байгаа.

Мөн нэг халдвартай иргэн хүн гурван найзыгаа дуудаж, уулзсан тохиолдол гарсан.

Халдварт өвчин тоглоом биш

“Нэг зүйлийг хатуу анхааруулъя. Олон нийтийн сүлжээнд марзан хошин зүйл яриад байдаг олны танил хэсэг хүмүүс Улсын онцгой комиссын нэр барьж найз нөхөдтэйгөө утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруугаар ашиглаж, буруу хэрэглэж, марзганаж байгаа бичлэг тавигдсан. Халдварт өвчин тоглоом биш. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ийм хүнд үед олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, ийм тоглоом шоглоом хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан тэр зургаан нөхрийг шалгуулна. Хуулийн хатуу хариуцлагатай. Тэд амны хаалтгүй, тойроод суучихсан, их сонин үйлдэл гаргаж байна лээ. Дэг журамтай байна шүү” гэж анхааруулав.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …