Ч.Жүгдэррагчаа: “Арван тавны цагдаа” шагналын эзэн болсондоо баяртай байна

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган 2020 онд хамт олноо хошуучлан ажилласан Завхан аймгийн Завханмандал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Чойрогийн Жүгдэррагчааг “Арван тавны цагдаа”-аар өргөмжилж, хантааз, малгай, энгэрийн тэмдэг таван сая төгрөгөөр шагналаа. Энэхүү шагналыг  2018 оноос сэргээн шилдэг алба хаагч нарт олгож байгаа бөгөөд энэ жил гурав дахь тэргүүний алба хаагч хүртлээ. Түүнийг шагналаа гардаж авах мөчид ярилцлаа.

Таныг Цагдаагийн ерөнхий газрын “Арван тавны цагдаа”- шагналын эзэн болсонд  баяр хүргэж байна. Шагналаа аваад ямар сэтгэгдэлтэй байна?

-Цагдаагийн ерөнхий газрын “Арван тавны цагдаа” гэсэн нэр хүндтэй шагнал авсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Мөрдэс нэгтэй олон нөхдийн маань дундаас миний ажил үйлсийг онцлон сайшааж, итгэл найдвар хүлээлгэн энэ сайхан нэр хүндтэй шагналыг хүртээж байгаа нь их урам өглөө. Намайг дэмжиж ажилладаг гэр бүлийнхэн, хамт олон, цагдаагийн байгууллагын болон сум орон нутгийнхаа удирдлагууд, сумынхаа иргэдэд маш их баярлалаа. 

Ярилцлагын эхэнд цагдаагийн алба хаагч болсон тухайгаа  хуучилна уу?

Би хүүхэд байхаасаа цагдаа болно гэж мөрөөддөг байсан. 2001 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээ аймгийн начин хэмээх эрхэм хүнтэй цолыг авч байсан юм. Аймгийн начин цол авсан маань хүүхэд наснаасаа цагдаа болно гэж мөрөөдөж бие даан бие бялдрын бэлтгэл сургуулилт  хийсний үр дүн юм. Багаасаа л цагдаа болно гэж мөрөөдөж, тууштай хичээж, суралцаад сайн сайхан, амар амгалангийн төлөө бие сэтгэлээ зориулан ажилладаг цагдаагийн алба хаагч болсон доо.

Та цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан алба хаагчийн хувьд суманд гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдтэй харилцах хандлагаа нэмэгдүүлэх, сум орон нутгийн удирдлага, байгууллагуудтай хамтран ажилладаг туршлагаасаа бидэнд ярина уу?

-Би цагдаагийн байгууллагад 18 жил тасралтгүй ажиллахдаа дандаа хөдөө орон нутагт ажилласан юм. Энэ хугацаандаа Завхан аймгийнхаа Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Түдэвтэй, Тосонцэнгэл, Дөрвөлжин, Завханмандал зэрэг суманд  ажилласан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутагтаа эрчимтэй зохион байгуулан ажиллахыг эрхэмлэдэг.

Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд хариуцсан сумынхаа айл өрхөөр нэг бүрчлэн орж цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулах нь их үр дүнтэй ажил гэж боддог. Гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулахад сум орон нутгийн удирдлага, байгууллагуудтай хамтран ажиллаж, хийж хэрэгжүүлэх ажиллаа зөв оновчтой танилцуулж дэмжлэг туслалцаа авч ажилладаг.  Ялангуяа намар идэшний цагаар сумын нутаг дэвсгэрт малын хулгайн гэмт хэрэг гарч болзошгүй ямар газрууд байна, урьдчилан сэргийлэх ямар ажил зохион байгуулбал үр дүнтэй байх талаар урьдчилан төлөвлөж, малын хулгайн гэмт хэрэг гарч болзошгүй газруудад морьтон эргүүл хийх нь “Мал хулгайлах гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх том арга хэмжээ байдаг юм.

Хэсгийн цагдаа хүний  жаргал, зовлон нь юундаа байдаг вэ?

Хэсгийн цагдаа гэдэг ажлаараа би үнэхээр бахархаж явдаг. Зарим нэг хүмүүс хөдөө суманд зэвэрлээ одоо төв орох болоогүй юу гээд их асуудаг юм. Цаг нь болохоор төв орно доо л гэж хариулдаг. Би 18 жил хэсгийн цагдаа хийхдээ хариуцсан сумандаа амьдардаг өнчин хүүхдүүд, өндөр настнуудад туслах сайн үйлсийг жил бүр санаачлан зохион байгуулж, тасгийн алба хаагч нарын хамт модыг нь хөрөөдөх, хагалж хураах, гэрийг нь давхарлаж дулаалах, хаяаг нь манаж өгөх,  эрүүл аюулгүй амьдрах талаар заавар зөвлөгөө өгдөг. Энэхүү ажил нь сумын иргэдийн сэтгэлд нийцсэн, итгэлийг хүлээсэн, цагдаагийн байгууллагын маань нэр хүндийг өргөсөн сайн ажил болдог.

Завханмандал сум нутаг дэвсгэрийн хувьд ямар онцлогтой вэ?

Манай Завханмандал сум нь Их Монголын элс, говь хээрийн хоорондын эргийн дагуу аймгийн төвөөс 158 км зайтай. Уур амьсгалын хувьд өвөлдөө 35-40 хэм, зуны улиралд 30-35 хэм дулаан ихэвчлэн хуурай уур амьсгалтай. Бол хярын элс, Аргалант хайрхан, Мандаат хайрхан, Гацаа, Хүүхдийн овоо, Шар хадны хуудас, Таван лам, Цагаан ботго, Хүнгүйн гол, Аргал, янгир, цагаан зээр, шилүүс, тарвага, үнэг, чоно зэрэг ан амьтан, байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар ажиллаж, амьдарч байгаадаа бахархаж явдаг.    

Таныг эрүүгийн мөрдөгч нартай хамтран олон гэмт хэргийг илрүүлсэн гэж хамт олон тань бахархан ярьж байна. Энэ тухай хуучилбал?

-Цагдаагийн газрынхаа эрүүгийн мөрдөгч болон тойргийн сумдын эрүүгийн мөрдөгч нартай тогтмол хамтран ажиллаж гэмт хэрэг илрүүлэх талаар мэдээ мэдээлэл солилцон үүний үр дүнд олон төрлийн хулгайн гэмт хэргүүдийг хамтран илрүүлж байсан.

Нэг хавар суманд 3 айл, 2 дэлгүүрт хулгай орж мөнгө, эд зүйл хулгайд алдлаа гэх мэдээлэл ирсэн тухайн үед хэсгийн төлөөлөгчийн хамт очиж би хэргийн газрыг нь хамгаалалтад авч, хэсгийн төлөөлөгч хэргийн газрын үзлэг хийж ажилласан юм. Дараалан гарсан 5 орон байрны хулгайн гэмт хэргийн газарт нэг хүний гутлын ул мөр давтамжтай гарсан байсан. Удалгүй сумын айл өрхөөр орж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг тараан явж байтал нэг айлын хашаанд ортол орон байрны хулгайн гэмт хэрэг гарсан газарт үлдсэн гутлын ул мөртэй адил төстэй гутлын мөр байсан юм.

Тэгээд айлд нь ортол зүс үл таних хоёр залуу байсан тэдний нэг нь тэр гутлыг өмссөн байсан.Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид танилцуулж, Б.Г нарыг тухайн үед гарсан 5 орон байрны хулгайн хэрэгт холбон шалгахад тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон. Энэ мэт цөөнгүй  хэргүүд илрүүлсэн дээ.   

Хүн болгонд ажил амьдралдаа хэрэгжүүлдэг зарчим байдаг. Таны баримталдаг гол зарчим юу бэ?

Цагдаагийн алба хаагчийн тэсвэр, хатуужил, уйгагүй хөдөлмөр, хийж хэрэгжүүлэх ажил нь бусдаас арай өөр. Тиймээс албандаа сэтгэл, зүрхтэй, үнэнч шударга, хоёргүй сэтгэлээр ажиллахыг эрхэмлэдэг. Иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох чухал албанд ажиллаж байгаадаа хувьдаа маш их баярлаж явдаг. Тэр дундаа хүний амьдралд хамт олон гэдэг амжилт гаргахад хамгийн чухал гэдгийг мэдэрсэн болохоор ажил албаараа бахархаж явдаг юм.

Чөлөөт цагаа хэрхэн гэр бүлдээ зориулдаг мөн урлаг спортын багагүй авьяастай гэж  гэж таныг хамт олон чинь магтаж байна. Энэ тухайгаа ярина уу?

Цагдаагийн алба хаагч нь гэр бүлдээ гаргах цаг зав бага, ажлын өдөр, амралтын өдөр гэсэн ялгаа байхгүй. Амарч байсан ч ажлаа бодоод сэтгэл амар байдаггүй хүмүүс чинь цагдаагийн алба хаагч шүү дээ. Ээлжийн амралтаа авсан үедээ гэр бүлээрээ байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялах дуртай. Спортоор хичээллэнэ гэдэг нь зорилгодоо хүрэх бас нэг гүүр болдог учраас үндэсний бөх, самбо, жудо бөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж аймгийн начин гэх эрхэм цолыг хүртэж байсан. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, хамт олонтойгоо гар бөмбөгөөр олон удаа уралдаан тэмцээнд оролцож багагүй амжилт гаргаж байсан.  

Залуу хүн бүхэнд ирээдүйгээ төсөөлөх хүсэл мөрөөдөл байдаг. Цаашид хийх бүтээх, бусдад туршлага болох ажлаасаа хуваалцана уу?

Энэ албандаа ажиллаж илүү туршлага хуримтлуулах, мэргэжлээ ахиулан суралцах зорилготой байна. Цагдаагийн алба хаагч харилцаа хандлага сайтай, хууль дүрмээ ягштал биелүүлдэг, бие бялдар сайтай, дүрэмт хувцсаа цэвэр өнгө үзэмжтэй өмсөхөөс гадна бусдын төлөө өөрийн амь, биеэ үл хайрлах зоригтой, өргөсөн тангарагтаа үнэн ч байх хэрэгтэй гэж боддог. Цаашдаа илүү их хичээх болно.  Баярлалаа.

Б.Төгсжаргал

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …