Дэлхийн хамгийн үнэтэй цүнх 3.8 сая ам.доллароор үнэлэгджээ

Дэлхийн хамгийн үнэтэй цүнх

Италийн Болонья хотын “Boarini Milanesi” компани 7 сая ам.долларын өртөг бүхий дэлхийн хамгийн үнэтэй цүнх урласнаа зарлав. “Parva Mea” цувралын энэхүү цүнхийг ногоон туяатай усан цэнхэр өнгөтэй, хагас гялтгар болгож боловсруулсан аллигатор матрын арьсаар хийжээ. Мөн 10 цагаан алтан эрвээхийгээр чимэглэж, дөрөвт нь очир эрдэнэ, гуравт нь нийт 130 гаруй каратын жинтэй индранил болон ховор төрлийн үнэт чулуу болох парайба турмалин шигтгэжээ. Мөн алмаз ч орсон байна.

“Boarini Milanesi” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Маттео Родолфо Миланесе энэхүү гар цүнхийг өсвөр насандаа хагацсан аавдаа зориулжээ. Тэрбээр байгаль орчныг хамгаалахад олны анхаарлыг хандуулах зорилгоор далай тэнгисээс санаа авч цүнхний загвараа гаргасан байна. Маттео Родолфо Миланесе ийм гурван цүнх урлах бөгөөд зарагдсаных нь дараа тус бүрээс 950 мянган ам.долларыг далай тэнгист хөглөрч буй асар их хуванцар хогийг цэвэрлэх ажилд хандивлахаар төлөвлөжээ.

Дизайнер Каролина Боаринигийн хэлснээр чулууны сонголт ч бас далайтай холбоотой аж. “Цэнхэр индранил нь далайн гүнийг, турмалинууд нь бохирдоогүй Карибын тэнгисийг, харин очир эрдэнэс нь бороо болон унах тунгалаг усыг бидэнд санагдуулдаг” гэж тэрбээр хэлсэн байна.

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-д бичигдсэн хамгийн үнэтэй цүнх бол “Mouawad 1001 Nights Diamond Purse” юм. Энэхүү цүнхийг урлахад мэргэжлийн 10 уран дархан 8800 цаг зарцуулжээ. Зүрх хэлбэртэй энэхүү цүнхэнд 18 каратын алт, 56 ширхэг ягаан өнгийн очир эрдэнэ, 105 ширхэг шар өнгийн очир эрдэнэ болон 4356 ширхэг тунгалаг алмааз шигтгэжээ. Цүнхэнд орсон нийт очир эрдэнийг нийлүүлбэл 381.92 карат болох бөгөөд 3.8 сая ам.доллароор үнэлэгдсэн аж.

Эх сурвалж: DAILY MAIL, REPORT

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.