Н.Наранбаатар: Үнэний талд илүү их зогсож чадаж байгаа хүнийг шударга гэж хэлж болох байх

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт  Н.Наранбаатартай ярилцлаа.

-Зөв зөвд шударга зөв, зөөлөн зөөлөнд эе зөв гэдэг үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд юуг санагдуулж байна вэ?

-Энэ үгийг өмнө нь сонсож байгаагүй юм байна. Гэхдээ ийм утгатай үгийг уран зохиол, эртний сургаалуудаас уншиж байсан. Данзанравжаа, Инжинаш, Күнзийн сургаалуудад ийм үг олон таардаг.

Энэ үг надад зөв аж төрөх ёсны тухай өгүүлсэн юм шиг санагдаж байна. Бид зөв аж төрж чадахгүй байгаагаас л уур бухимдал, хараал зүхэл хөврөөд байна уу даа гэж хардаг юм. Зөв аж төрөх ёс гэж арга билгийг чухалчилж амьдрахыг хэлээд байгаа юм шиг санагддаг.

Би арга билгийг “Зөв зөвд шударга зөв” гэдэг уриатай холбож ойлгоод байна л даа. Зөв зөвд шударга зөв гэдэг нь арга, зөөлөн зөөлөнд эе зөв гэдэг нь билэг болж таараад байгаа юм. Тэгэхээр энэ үгийг арга билэгтэй адилтгаж зүйрлэбэл бидний зөв аж төрөхийн гол утга учир болно гэж ойлгож байна.

Бид аливаа зүйлийг тэнцүүлж байдаг хорвоод амьдарч байгаа шүү дээ. Эерэг сөрөг, өдөр шөнө, гэрэл сүүдэр, үнэн худлын дунд бид амьдарч байгаа ч хэт нэг тал руу туйлширдаг болчихжээ. Тэгэхээр аливаад голчтой шийдвэр гаргаж, төв үзлийг чухалчлах тухай утга агуулга харагдаж байна.    

-Шударга ёс, шударга байхыг та юу гэж ойлгодог вэ. Хэн нэгнийг шударга гэж тодорхойлох боломжтой юу?

-Шударга ёсыг тэгш эрхийн тухай ойлголт гэж хэлнэ. Энэ ухагдахуун засаглал, шүүх, хууль цааз дээр илүүтэй яригдах байх.

Шударга байхын чанадын үзэл нь үнэний тухай ойлголт юм. Үнэний тухай яриад эхлэхээр төвөгтэй болох байх. Үнэн бол харьцангуй ойлголт, туйлын үнэн гэж байхгүй гэдэг ч юм уу.

Үнэн байхын тухай ойлголт хувь хүн дээр илүү яригдана. Үнэний талд илүү их зогсож чадаж байгаа хүнийг шударга хүн гэж ойлгож болох юм. Хэдийгээр үнэний талд байх ёстой гэж сургадаг ч амьдрал дээр нөхцөл байдал биднийг худлын талд байхыг шаарддаг.

Магадгүй өнөөгийн энэ цөвүүн цагт үнэнээс зугтаж, худлын талд гарснаар хожих үзэгдэл ч харагддаг. Бусдаас илүү байх, бусдаас илүүг хожихыг худал бидэнд олгодог. Заримдаа үнэн ялагдаж, худал дээшээ гарах үе байна. Худал хожиж ч болох юм.

Хэн нэгнийг шударга гэж тодорхойлж болох уу гэж байна. Шударга гэж хэлнэ гэдэг маш том хариуцлага. Тэгэхээр баримт дээр тулгуурлаж шударга гэж тодорхойлж болох юм. Цаг хугацаа үргэлж шударгыг эрхэмлэнэ гэдэг хэтэрхий өрөөсгөл ойлголт. Үнэн дотор худал бий, худал дотор үнэн бий.

Тэгвэл юуг үнэн гэх вэ. Нар тусаж байгаа нь, бид оршиж байгаа нь туйлын үнэн. Бусад нь харьцангуй тал руу хэвийх байх. Заримдаа шөнийг өглөө ч гэж үзэж болно шүү дээ. Өнөөдрийн нөхцөлд хамгийн шударга зүйл бол баримт.   

Сэтгэлийг худал өвчлүүлдэг. Түүнийг юу эмчилж чадах вэ. Түүнийг эдгээх, анагаах жор нь үнэн. Сонгодог уран зохиолуудад үхэхдээ үнэнээ хэлдэг үйл явдал цөөнгүй гардаг. Үнэнээ хэлж байна гэдэг нь сэтгэлээ эмчилж, тайвшралыг олж авч байна гэсэн үг. Нөгөө талаас үхэхээр хариуцлага хүлээхээ больчихож байна. Айдасгүй болж байгаа учраас үнэнээ хэлж байна. Тэгэхээр худал хуурмагаар өвчилсөн сэтгэл бидэнд мэдэгдэхгүй асар их зовнидог байх нь. Худал наанаа хожоод байгаа мэт боловч сэтгэлийг өвчлүүлж байдаг. Түүнийг анагаах ганц жор нь үнэн. Энэ бол миний философи.

-Та “Анна Каренина” жүжгийн нээлтийн үеэр “Анна бол шударга эмэгтэй” гэж хэлж байсан. Яагаад тэгж хэлсэн юм бол?

-Гэр бүлээс гадуурх харилцаа бараг хүн үүссэн цагаас хойш л байсан явдал шүү дээ. Хүн төрөлхтөн байгаа цагт энэ асуудал оршсоор л байна. Гагцхүү Анна үүнийгээ нуугаагүй. Үнэнээ л хэлсэн. Эр нөхөртөө “Би өөр хүнд сэтгэлтэй болсон. Чи намайг явуул” гэж хэлж чадсан учраас шударга эмэгтэй.

Төгсгөлд нь нэг зүйлийг хэлбэл миний ярьсан зүйл илүү ойлгогдох болов уу. Бурхан багшаас нэг хүн хорвоо ертөнцөд хэдэн зүйлийн хүн амьдардаг вэ гэж асууж л дээ. Тэгэхэд бурхан багш ертөнц дээр дөрвөн төрлийн хүн амьдарч байна. Хамгийн аймшигтайгаас нь эхэлж хэлье. Нэгдүгээрт, харанхуйгаас харанхуй руу гүйж яваа хүмүүс. Хоёр дахь нь бүр аймшигтай. Энэ бол гэрлээс харанхуй руу гүйж яваа хүмүүс гэж хэлж. Яг энэ гэрлээс харанхуй руу гүйж яваа нь манай нийгэм. Хүмүүсийн аливаад хандах хандлага, сошиал ертөнцийг харахад бид гэрлээс харанхуй руу гүйж яваа мэт санагддаг. Асар мунхаг болж, ёс  суртахууны доройтолд орж байна. Гадны соёлын довтолгоонд өртөж, соёлын дархлаагүй болсон.

Ингээд бурхан сайн хоёрыг нь хэлсэн. Энэ бол харанхуйгаас гэрэл рүү гүйж байгаа хүмүүс. Харанхуйгаас гэрэл рүү тэмүүлнэ гэдэг сайны тэмдэг. Бид гэрэл рүү гүйх ёстой. Бид аливааг тунгааж, эргэцүүлэхгүй байна. Шинжлэх ухаанд хамгийн түрүүнд эргэлзэх тухай асуудлыг ярьдаг. Тэр эргэлзээг баталж байж шинжлэх ухаан оршин тогтнодог. Яг тэр эргэлзэх зүйл манай ард түмэнд дутагдаж байгаа юм. Хүмүүс маань аливааг ухаж төнхөж бодохгүй юм.

Хамгийн сүүлд нь гэрлээс гэрэл рүү гүйж байгаа хүн гэж хэлсэн. Гэрэлд байгаа гэхдээ ахиад илүү тунгалаг, цэвэр ариун руу гүйх ёстой гэдэг үгээр энэ яриагаа төгсгөе.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …