Б.Ганбат: “Баян Монгол” чуулга бол Монголын эстрад урлагийн дээд сургууль юм

Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн тэрбээр хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болоод байгааг уран бүтээлчид дуулгалаа.

Хандивын данс:

Хаан банк: Ганбат Бадамдорж 5007039592

Голомт банк: Ганбат Бадамдорж 3405110803

Урлагт хайртай эрхэм уншигч танд жилийн өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойн өмнөхөн эрхэм хүмүүн ZINDAA.MN сайтад өгсөн ярилцлагыг дахин хүргэж байна.

Удирдаач Б.Ганбат: “Баян Монгол” чуулга бол Монголын эстрад урлагийн дээд сургууль юм

Монгол Улсын филармонийн гурван чуулгын нэг болох, Монголын жазз хөгжим, эстрад урлагийн үндэс суурийг тавилцаж, хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлж яваа “Баян Монгол” чуулгын 50 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан тус чуулгатай цэл залуухан 21 настайгаасаа амьдралаа холбосон, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын удирдаач, СУИС-ийн хүндэт профессор Бадамдоржийн Ганбаттай ярилцлаа.


-Таныг “Баян Монгол” чуулгаас салгаж ойлгох аргагүй. Анх чуулгадаа яаж орж байв. Энэ түүх тань олон хүнд сонирхолтой байна байх гэж бодож байна. Энэ дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлэх үү?

-1974 оны намар “Баян Монгол” чуулгын ахмад гитарчин Баатарсүх багш сандарчихсан, дугуй унаад  над дээр яваад ирлээ. За юу болсон бэ гэсэн “Би Свердловскын дээд сургуульд явахаар болчихлоо. Чи “Баян Монгол” чуулгат гитарчнаар очихгүй бол болохгүй нь ээ. Намсрайжав гуай намайг нот мэддэг гитарчин авчир. Үгүй бол чамайг явуулахгүй гэлээ” гэдэг юм байна. Би тэр үед “Барилгачдын соёлын ордон”-д  500 төгрөгийн цалинтай, дууны багш, хөгжмийн багш, хөгжимчин гэсэн гурван ажил хийдэг, том байлаа шүү дээ. Гэрийнхэн ч “Өө миний хүү улсын мэргэжлийн газар оч, оч” гээд  дэмжиж байна.

Тэр үед чуулгын “Боловсон хүчин” Б.Дамдинсүрэн гэж хүн байлаа. Одоо манай филармонийн уран бүтээлчид буурал Даниа гээд андахгүй, валторна гэж хөгжим тоглодог хүн байсан. Түүнтэй уулзах гээд үүдэнд нь сууж байтал нэг сахалтай залуу яваад ирлээ.

“Сайн байна уу? Та “Баян Монгол” чуулгад орох гэж байгаа юм уу?, Тийм ээ би гитарчнаар бүртгүүлэх гээд сууж байна” гэсэн “Би Говь-Алтай аймгаас ирсэн “Говь-Алтай” чуулгын бүжигчин Төмөрбаатар гэж хүн байна” гэнэ. Одоо манай гавьяат жүжигчин, дуучин Хайдавын Төмөрбаатар байсан юм билээ. Ингэж Төмөрбаатартайгаа танилцаж, 1974 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улсын Филармоны “Баян Монгол” чуулгын гоцлол гитарчнаар анх ирж байлаа.  Тэр цагаас л миний хувь заяа чуулгатайгаа холбогдож, өнөөг хүртэл явж байна. Өөрөөр хэлбэл Улсын филармонид 46 дахь жилдээ ажиллаж байгаа ийм л хүн дээ, ахмад уран бүтээлч.

-Та чуулгынхаа талаар олон түүхийг ярих байх. Монголын эстрад урлагийн гол төлөөлөл гэхээр яалт ч үгүй “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” гэж санаанд буудаг.

-“Баян Монгол”-д анх орсон үеэс өнөөдрийг хүртэлх түүхийг ах нь бараг цээжээр мэднэ. Анх чуулга байгуулах санаачилгыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж гаргаж, хүмүүсээ цуглуулан 1967 онд тэр үеийн “Мэдээлэл, радио, телевиз улсын хороо”-ны дэргэдэх “Цахилгаан хөгжмийн чуулга”-ыг байгуулаад, 1968 онд Польш улсад Радио, телевизийн дэргэд жазз, оркестртоо гурван сар гаруй хугацаанд мэргэжлийн дадлага хийлгэсэн гэдэг. Ингээд буцаж ирээд, 1969 оны долоодугаар сарын 10-нд Үндэсний телевизээр анх шинэ эстрад концерт сонирхуулж, Монголын ард түмэнд мэдсэн ийм түүхтэй.

“Баян Монгол” чуулгын гавьяаг бол яриад баршгүй их ээ. Энэ чуулгыг Монголын эстрад урлагийн дээд сургууль гэж болох юм. Яагаад гэхээр энэ чуулгаас Монголын эстрад урлагийн алдартай удирдаач нар, хөгжмийн зохиолчид, хөгжимчид, дуучид төрөн гарсан. Тухайлбал, хөгжмийн зохиолчид гэвэл Чимэддорж, Уртнасан, Д.Бэхбат, Лунжгайн Батаа, бөмбөрчин Нямбар, органчин Даваа гэх мэт ард түмэн андахгүй. Бүгдийг нь нэрлэвэл дуусахгүй. Энэ хүмүүсийн 60, 70 онд зохиосон дуунууд одоо ард түмний дуулах дуртай, хит дуунууд болчихсон. Тийм сайхан хүмүүс энэ чуулгаас л төрсөн. Дуучдаас мэдээж Гавьяат жүжигчин Дамчаа гуай, “Таксийн цоохор”-ын Цэнд-Аюуш гуай, “Аяны шувууд”-ын Төмөр, Гэрэлт-Од, Т.Ренцэнханд, Цэцэгээ, том Л.Оюунчимэг, Х.Галхүү, жижиг Н.Оюунчимэг, М.Янжиндулам, Б.Нандинцэцэг, Д.Эрдэнэцэцэг, Ж.Уранчимэг, Чогсомын Алтанцэцэг гээд олон сайхан дуучин байна. Мөн Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн Д.Жаргалсайхан зэрэг олон сайхан алдартай дуучид “Баянмонгол” чуулгаас ажил, амьдралынхаа гарааг эхэлж байсан. Удирдаач гэхэд Т.Чимэддорж, н.Уртнасан, Б.Нямдорж, аргил гитарчин Ж.Батсайхан гээд сайхан хүн байсан /Одоо манай Никитоны Батчулууны аав шүү дээ/. Тэгээд миний бие Б.Ганбат. Одоо залуу үе С.Саруул-Од гэж удирдаач төрөн гарсан ийм сайхан чуулга.

Энэ чуулгын хөгжимдсөн бүтээл, зохиосон дуу хөгжмийг ард түмэн андахгүй сайн мэддэг. Гадаад оронд тоглоход тэнд амьдардаг, нутгаа санасан монголчууд тэр дууг тоглоод өгөөч, үүнийг тоглоод өгөөч гэнэ. Ийм сайхан чуулгаараа би бахархаж явдаг. Бүгдийг нь нэрлэнэ гэвэл үлдээх гээд байна. Одоо чуулгат СУИС-ийг төгссөн шавь нараас эхлээд олон сайн залуу уран бүтээлчид бий. Би чинь одоо СУИС-д 1997 оноос өнөөг хүртэл багшаар ажиллаж байна. Их сургуулийн хүндэт профессор цолыг урам хайрлаж надад өгсөн.

-“Баян Монгол” чуулгыг өдий зэрэгтэй авч явахад амар байгаагүй л байх. Хамтлаг тарж, нийлэх зэрэг асуудал гарч байв уу?

-Би 2013 оноос тэтгэвэрт гараад залуу хүүхдүүдэд өвлүүлж үлдээсэн. С.Саруул-Одод энэ чуулгын хойчийн хувь заяаг даалгаж, бүрэн бүтнээр нь хүлээлгэж өглөө. Чуулга дардан замаар 50 жил яваад ирээгүй юм. Зах зээлийн давалгаанд тарч бутарч, байхгүй болох шахсан. 1993 оны үед бүр ганцаараа үлдэж байлаа. Нэг өдөр Д.Ухнаа даргатай чуулгаа дахиж байгуулахгүй бол болохгүй нь гэдгийг ярилцлаа. Амьдрахын эрхээр зарим нь хамтлагаас гарч, үргэвч үүрээд ийм тийш явчихсан. Тэгээд 1993 онд дахин бүтэн бүрэлдэхүүнээр байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэтэл 1996-1997 оны зааг дээр бас хэсэг нөхөр “аа машин өгнө, байртай болгоно, ийм ядуу газар ингэж байж байх хэрэг юу байгаа юм” гээд Соёлын болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Баян Монгол” чуулгыг бүрэлдэхүүнээр нь Батлан хамгаалах яам руу аваад явчихсан. Гэтэл хэдэн сарын дараа “Цэрэг шиг дэглэж, суниалгаад болохоо байлаа. Больё мастер аа, буцаж ирье” гэнэ. Ингэд баахан хөөцөлдөж, хоёр сайдын тушаалыг цуцлуулж, тэднийгээ буцааж авч ирээд Д.Ухнаа дарга зургаан сарын цалинг нь нөхөж өгч, тогтвортой ажиллахыг сануулан авч байлаа. Тийм байгууллага байхгүй шүү, хорвоо дээр. Ингэж “Баян Монгол” чуулга маань өнөөг хүртэл өсөж өндийгөөд хөгжөөд явж байна. Магтаж хэлэхэд өнөөдөр орчин үеийн дэлхийн хэмжээний жазз хөгжмийг бүгдийг нь чадварлаг тоглож байгаа манай чуулгын хөгжимчид дэлхийн хэмжээний жишигт хүрэхүйц хамтлаг, чуулга болж чадсан гэж бахархаж явдаг юм.

-Сая та 1993 онд дахин байгуулсан гэлээ. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байв?

-Анх 1968 онд есөн хүний бүрэлдэхүүнтэй Польш руу явж байсан гэнэ билээ. Намайг “Баян Монгол” чуулгад ирэхэд цөөхөн, 10 гаруйхан хүний бүрэлдэхүүнтэй байсан. Ер нь бүрэн бүрэлдэхүүн бол дөрвөн труба, дөрвөн тромбон, таван саксафон байдаг. Дээрээс нь цахилгаан групп дөрөв байна. Тэгэхээр 17, 18 хүний бүрэлдэхүүнтэй байж Жазз Биг Байнд “Big band” байх ёстой. 17-30 хүний бүрэлдэхүүнтэй оркестр байдаг. Чуулгыг 1993 онд дахин байгуулахад бүрэн бүрэлдэхүүнээрээ болсон. Мөн л төсөв мөнгө хүрэлцэхгүйгээс болоод дөрөв байх ёстой юмыг гурав болгох жишээтэй. Өнөөдөр манай чуулга 18 хөгжимчин, хоёр удирдаачтайгаас гадна дууны инженертэй, дэлхийн жишигт нийцсэн жааз оркестрын хэмжээнд хүрсэн байна.

-Хөдөө орон нутаг болон гадаад орнуудад тоглолтоор явдаг байсан үеэсээ яриач. Ололт, амжилт их л байх даа?

– Хошиг шог шиг юм болно оо. Жил бүр улсын төлөвлөгөө биелүүлэх гээд хөдөө орон нутгаар бригад явна. Өвлийн хүйтэнд бол хэцүү дээ. Тах дэгтий өмсөөд, ачааны машин, паз автобус, аавын цээж /53/ машинаар баруун, зүүн аймгууд, хилийн хязгаараар сэгсчүүлээд л явна. Яах вэ, Соёлын яам байсны буянд “Баян Монгол” чуулга маань гадаадын 10 гаруй улсад тоглолтоо хийж, Монголын ард түмнийхээ дуу хоолойг амжилттай хүргэсэн. Тухайлбал, бид 1978 онд Унгар, Румын, хуучны ЗХУ-д очиж тоглож байлаа. 1986 онд Чех, Оросын чиглэлд мөн явсан. Чех, Прага, Москва, Улаан-Үд, Эрхүү, 1988 онд Герман, Оросын чиглэлд мөн явж, тоглолтоо хийсэн. 1999 онд Хятад оронд хоёр сар гаруй хугацаанд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явж фестиваль хийсэн. Үүний дараа 2000 онд Оросын Новокузнецк явж, олон улсын жазз фестиваль болсон. Тэнд манай чуулга найман орны 13 хамтлагтай өрсөлдөж, дэд тэргүүн байрыг эзэлж байсан. Мэдээж жаззын эх орон Америк нэгдүгээр байранд орсон. Тэр уралдаан дээр Америкийн үндэсний хөгжмийг нүүдэлчин монголчууд тоглож байгаад гайхаж байсан. Белгиэс үүссэн саксафоныг үлээх үлээхдээ манай гавьяат жүжигчин Сүхбаатар гуай битүү амьсгаагаар үлээсэн. Үзэж байсан эрчүүд нь ч яах вэ гайхан биширч олилдоод, хүүхнүүд нь бүр болиоч, болиоч наад хүн чинь тагларч үхлээ гээд сандралдаж байлаа. Би цагаа хараад “өө болоогүй, болоогүй, 20 мин болно” гэж жаахан хөөргөсөн. Ингэж явж байлаа. Тэгээд 2005 онд БНСАУ-д “Хаврын баяр” гэж маш том баяр болдог. Үүнд 39 орны 39 хамтлаг оролцсон. Бид мөн л тэргүүн байр эзэлж, номинацийн шилдгүүдийг нь бүгдийг нь авч, 11 алтан цом, медалийг нь аваад ирж байсан. Үүнээс хойш Монголын эстрадыг гадаадад сурталчлах ажил сулраад явчихсан.

-Тухайн үед төр, засгийн зүгээс урлагаа бодлогоор их дэмждэг байжээ дээ?

-Яамгүй болчихсон учраас урлаг соёлыг гадаадад сурталчлах ажил муудаад байна. Одоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэж болсон. Урлаг гэж байхгүй байгаа биз дээ. Ингээд урлаг жаахан гээгдэх шатандаа орчихсон.

Энд бас нэг тодорхойлж хэлэх юм бол 1977 оноос 2004 оныг дуустал олон улсын эстрадын дуучдын “Монгол дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдаант тоглолт Монголд болдог байсан. Үүнийг манай Ардын жүжигчин Д.Ухнаа гуай зохион байгуулсан.

Энэ уралдаанд оролцогчдын хөгжмийг манай чуулга бүтэн бүрэлдэхүүнээрээ тоглодог байлаа. Олон улсын дуучид нисэх дээр нотоо бариад, нэг монгол дуу, нэг гадаад дуутай орж ирнэ. Олон улсын эстрад дуунын уралдаанд эхэн үед Социалист 14 орон ордог байсан. Америк, Япон, Итали, Франц орохгүй. Сүүлдээ нөгөө баруунууд нь орж ирээд өргөн наадам болдог болсон. Эдийн засгийн боломжгүйгээс одоо тэр наадам хаягдсан. Үүнд би үнэхээр гэмшиж явдаг. Яам байсан учраас түрүүчийн арга хэмжээнүүд явагддаг байлаа. Яамтай учраас бид жилд хоёр удаа гадагшаа явж, Монголынхоо эстрад урлагийг сурталчилдаг байв. Тэр битгий хэл энэ цахилгаан хөгжмийн апертуруудыг төсвийн мөнгөөр, үнэгүй өгдөг байсан. Бүх улс ардын аж ахуйн салбар болгон, цэцэрлэгээс бусдад сургууль, их дээд сургууль, авто баззууд, сум нэгдэл бүгдэд нь цахилгаан хөгжмийн апертуратай байлаа. 1990-ээд оноос амьд хөгжим багасаж, фонаграм руу орчихсон, дуучид ам барьдаг боллоо. Одоо буцаад жинхэнэ хоолой, амьд хөгжмийг нь сонсъё гэдэг болж байна.

-Удирдаач хүн ямар байх ёстой вэ. Хамгийн гол үүргийг та юу гэж тодорхойлох вэ?

-Мэргэжил талаасаа удирдаач хүн хөгжмийн онол, нот унших, хөгжмийн зэмсэг судлал, зохиомж, гоо зүй зэрэг таван мундаг боловсролыг эзэмшсэн байх ёстой. Өнөөгийн зарим удирдаач эдгээрийн хоёрыг нь ч эзэмшээгүй байдаг. Энэ бол буруу. Удирдаач гэхээр зөвхөн сэтгэж гэгээрээд гоё хөгжим тоглуулаад байж байдаг юм биш. Нийгмийн шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Хөгжимчин, дуучдынхаа, ар гэр, ахуй амьдрал, үр хүүхэд, байр сууц гээд нарийн зүйлүүдийг нь мэддэг байх хэрэгтэй. Гаднаас нь харахад янзын гоё хүмүүс, хөгжимдөж, дуулаад л явна. Ар гэртээ ядарсан, зовлон бэрхшээлтэй хүмүүс олон шүү дээ.

-Үнэхээр хариуцлагатай ажил юм. Энэ бүх хугацаанд зовлон баяр, гунигтай олон зүйл тохиолдож байсан байх даа?

-Д.Ухнаа даргын санаачилгаар 1989 онд анх байгуулагдсан “Эстрадын ахмад дуучид” дуучдын хамтлаг маань гурван цаг концертоо гурван цаг тоглодог байлаа. Тэр үед концерт 1 цаг 30 минут л тоглодог байсан. Хаана ч очсон ард түмэн биднийг халуун дотноор хүлээж авдаг. Дамчаа гуай мөн байна, тэр Нандинцэцэг, Оюунчимэг, Галхүү мөн байна ямар сайхан юм бэ, амьдаар нь харлаа гээд нөгөө бор дарсыг чинь бариад ирнэ. Тэгээд бид онгоц дүүрэн халамцуу улсууд явна биз дээ.

Дандаа баяр хөөртэй юм гэж юу байх вэ. 1995 оны намар харамсалтайгаар Төмөр маань зүй бусаар амь үрэгдсэн. Эстрадын ахмад дуучид маань бор дарс гэж гайтай эдийн уршгаар цуварсаар цуварсаар одоо ингээд ганц, хоёрхон хүн үлдсэн дээ. Би үүнд их харамсаж явдаг юм. Тэдэнтэй бид нэг эгнээнд явж, тэднийгээ удирдаж, зохион байгуулж, тэднийхээ дуунд чадах ядахаараа найруулга хийж, тэд нартайгаа байсан үе миний жаргалтай үе. Манай ахмад үе их сайхан хамт олон байсан. Мундаг ч хүмүүс байсан даа. Гэхдээ манай залуу үе өөрсдийн үе тэнгийнхэндээ эвтэй найртай сайхан хамт олон байгаа. Ах нь энэ сайхан хамт олон дунд олон жилийн турш явсаар байгаад сүүлдээ миний залуу нас, халуун цус, бүлээн амьсгал тэр бүгд энэ чуулгатай л холбоотой. Би чинь 1974 21 настай байсан. Одоог хүртэл 60 гартлаа хамт байна. Нэг л сайхан өөрийн, миний хувийн зүйл шиг санагддаг. Даан ч улсын чуулга, улсын статустай болохоор өмчлөөд авчиж болохгүй юм. Ийм л сайхан хамт олон юм даа. Миний өөрийн амьдрал уран бүтээлийн түүх гээд ярихад Баян Монголгүй юм байхгүй. Тэр чигээрээ байж байгаа юм. Энд эхнэр маань төрж байхад би Увсад явж л байсан. Гадаадад явж л байна. Тэгээд ирж болохгүй. Нэг л хүнээр дутах юм бол болохгүй. Одоо бол манай боловсон хүчин тэр үетэй харьцуулахад хангалттай байна. Авьяастай залуус олон болсон байна. Тухайн үед ийм байсангүй.

Нэг онигоотой түүх ярья. Би энийг ярих их дуртай юм байгаа юм. Эрдэнэт, Дарханаар явж байгаад нэлээд больцгоочихсон улсууд Сэлэнгэд тоглох гээд очсон Сэлэнгийн театрын нэг эмэгтэй “Пээ, энэ оройны тоглолтыг боль, боль. Ийм хачин хүмүүс яаж тоглох вэ” гэнэ. /Нөгөө улсууд чинь бүгдээрээ хүртээд, нэлээн муудчихсан./ Тэгэхээр нь би хэллээ. “За эгч ээ, та тайван байж бай. Та бас ээж хүн байна. Нэг сайхан сүүтэй цай чанаад сууж бай. Та тоглолтын өмнө хараарай. Хэрвээ энэ тоглолт муухай болох юм бол би таны үгийг хүүлээж авч, тоглолтыг хаана” гэлээ. Би чинь удирдаач хүн шүү дээ. Д.Ухнаа гуай тэр үед айлд уригдаж яваад байгаагүй юм. Тэгсэн нөгөө авгай чинь цайгаа бариад ирж байна аа, ашгүй. За та нэг, нэг аяга сайхан халуун цай өгчих гэсэн их дурамжхан хийж өгөөд, дуугарч ядаад л байна. Тэгээд л зритель дүүрчихсэн. Нөгөө авгай чинь тоглолтын дараа “Ёстой чаддаг юм байна. Дуулдаг юм байна. Ямар гоё юм бэ, баярлалаа гэчихсэн хоёр шил архи барьчихсан, бүгдийг нь  тэвэрч үнсээд сүйд. Яахав жаахан хувьсгалч хүн байж л дээ. Тэр үед чинь нам нэг номерт байлаа. Ард түмэн радиогоор сонсоод байдаг хүмүүсээ амьдаар нь харахын хүслэн болчихсон, тэр Дамчаа гуай, Нандинцэцэгийг харах л гол нь байлаа. Тийм сайхан хүмүүс байхгүй юу. Тэднийгээ дурсан ярихад их сайхан байдаг юм.

Тэгээд яах вэ удирдаач хүний нэг зовлон байна. Та бүхэн ойлгоорой. Аливаа сайн сайхан зүйлийн төлөө явж л байдаг. Гэтэл бидэнд чинь уй гашуу, үхэл зовлон элдэв юм тохиолдоно шүү дээ. Тэр бүгдэд нөгөө удирдаач нь л явж байдаг.

1999 онд “Баян Монгол” чуулгын 30 жилийн ой болж байхад Нандиа, Оюунчимэг хоёр маань ирээгүй. /Хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлгэнэв/ Тэгээд бид хэдэн билет ийш тийш өгчихсөн, тэрнийхээ мөнгийг авах гээд толгойтод явж байтал Гэмтлийн эмнэлгээс утасдаад “Хүрээд ирэхгүй юу. Харамсалтай юм болоод байна” гэдэг. Манай саксафончин Сүхээ, Цолмонжаргал бид машинтай явж байсан. Шууд жолоочоо эргүүлээд л давхиад ирсэн Оюунчимэг маань нас барчихсан байсан. “Нэг од харвачихлаа. Бид тал бүрээр оролдоод дийлсэнгүй ээ” гээд эмч нь өөрөө хачин болчихсон угтсан. Тэгээд Оюунчимэгийгээ “Цэцэгт нугын эрвээхэй” гэж нотлоод чулуун дээр нь бичээд оршуулж байсан.

Олон ийм уй гашуу, зовлон, жаргал дундуур явж. Харин ч би ярьсаар байгаад арай сэтгэл онгойж, нулимс цийлгэнээд өнгөрч байна. Гэхдээ дотор огшоод эвгүй байна. Өмнө нь уйлаад ярьж чаддаггүй байлаа…

Ийнхүү бид яриагаа өндөрлүүллээ. Зарим хөгжимчид маань шинэ бүрээнийхээ амсарт ч уруулаа хүргэж чадалгүй өөд болсон доо хэмээн халаглаж, журмын нөхдийнхөө тухай хоолой зангируулан, нулимс мэлтэлзүүлж өгүүлэх дурдатгалаас энэхэн эгэл, бас энгүй хүний зүрх сэтгэл ямархан ихээр шархирч байгааг мэдэрч, бас дагаж урсах дөхлөө. Их хайр, их авьяас түгээсэн Бадамдоржийн Ганбат хэмээх энэ эрхэм хүнийг нэгэнтээ хэвлэлд “Гитарын генерал” хэмээн цолложээ. Энэ ч үнэхээр л оносон нэр санагдана. Учир нь тэрбээр өдгөө гитарчдын цензур болсон “Харанга”-ын Ц.Энхманлай, “Өргөө”-ийн И.Болоож, “Хар чоно”-ын Д.Отгонбаяр, “Никитон”-ы Д.Өлзий-Оришх буюу Өөжгий нарыг урлагт төрүүлсэн багш билээ. Цааш олныг нурших нь илүүц биз ээ.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …