Монголд үйлдвэрлэсэн гэх цахилгаан автобусууд араасаа гомдол дагуулсаар байна

“LIVE” телевизийн “Факm чек” нэвтрүүлгийн сүүлийн дугаар үзлээ.

Олон нийтэд цахилгаан Жаргалсайхан гэж нэрлэгдэх болсон Монгол улсын зөвлөх инженер Д.Жаргалсайхан гэдэг хүний хийсэн, зохион бүтээсэн гэх автобусны тухай баримт түшин тодорхой өгүүлжээ.

Товчхондоо үндэсний хэмжээнд цахилгаан автобус, троллейбус үйлдвэрлэж байгаа гэдэг ч үнэндээ урд хөршөөс батарей тэргүүтэй эд ангийг нь оруулж ирэн монголд угсарсан, ингэхдээ чанар стандарт, энгийн хэрэглээний шаардлагад нийцэхгүй байгааг, олон улсад үйлдвэрлэж байгаа ижил хэмжээний цахилгаан автобус, троллейбусаас өндөр өртөгтэй байгааг баримт түшин илэрхийлжээ.

Юу үнэн гэвэл Д.Жаргалсайхан гэдэг хүний монголд үйлдвэрлэсэн гэх цахилгаан автобус, троллейбус стандартад нийцэхгүйн зэрэгцээгээр ашиглалтын хугацаанд эвдэрч, гэмтэж, сул зогсож байгаа нь үнэн. Бодит байдал тийм атал энэ хүн үндэсний үйлдвэрлэлээ төрөөс дэмжихгүй байна гэж хэвлэл мэдээллээр ярьсаар байгаад Монгол Улсын ерөнхий сайдыг авто үйлдвэр /угсардаг газар гэвэл онох байх/ дээрээ дагуулж очин, цахилгаан автобусаа жолоодуулаад, эдгээр автобусыг төрд “шахах” нөхцлөө бүрдүүлсэн байна. Харамсалтай нь түүний үйлдвэрлэсэн МОН-30 гэх хоёр шинэ цахилгаан автобусыг бараг 1 тэрбум төгрөгөөр улс нийтийн тээвэрт ашиглахаар худалдан авсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтын шаардлагад нийцэхгүй, эвдрэл гэмтэл гарч, норм нормативаа хийж чадахгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл өдөрт 10-12 цаг явж, 150-250 км зам туулж иргэдэд үйлчлэх ёстой атал тус автобусууд өдөртөө 40-60 км яваад батерей нь суучихдаг, бааздаа эргэн ирж 3-4 цаг цэнэглэдэг, дээр нь ашиглалтын хувьд асуудал ихтэй, өвлийн нөхцөлд автобусны заалны дулаалгын хүчин чадал сул зэрэг олон асуудалтай нүүр тулсан байна.

Зүй нь бол Монголчууд бид Үндэсний үйлдвэрээ дэмжмээр байна. Гэвч үйлдвэрлэж байгаа нэрээ урд хөршөөс эд ангийг нь авчираад угсарчихдаг, тэгсэн атлаа илүү үнэ өртөгтэй, стандартын шаардлагад нийцэхгүй атал түүнийг “Үндэсний үйлдвэрлэл” нэрээр төрд болон аж ахуйн нэгжүүдэд зальжин аргаар “шахаж” болохгүй гэдгийг Д.Жаргалсайхан гэдэг хүнд сануулах нь зүйтэй биз. Ташрамд дурдахад энэ хүн шинээр хосолсон хөдөлгүүртэй троллейбус зохиосон оюуны өмчийн эрхийн төлбөр гээд шүүхдэж байгаад төрийн байгууллагаас 2 тэрбум орчим төгрөг авчихсан байдаг сүйхээтэй эр дээ.

“LIVE” телевизийн “FACTCHECK” эрэн сурвалжлах нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …