Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд

Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн хүрээнд бүх хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу?

Үгүй. Зөвхөн Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах боломжтой.  Харин орлого буураагүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй.

Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан зээлдэгчид хэрэглээний зээлийн хугацааг дахин сунгах боломжтой юу?

Тийм.  Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан эсэхээс үл хамаарч хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 хүртэлх сараар сунгах боломжтой.  

Энэ удаагийн шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Энэ удаагийн шийдвэр 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хэрэгжинэ. Харин 2020 оны 12 дугаар сарыг дуустал Мөнгөний бодлогын хорооны 8 дугаар сарын шийдвэрийн дагуу хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 хүртэлх сараар сунгах боломж хэвээр байгаа. Тодруулбал, Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан бөгөөд өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулаагүй зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 хүртэлх сараар сунгах, өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан зээлүүдийн хувьд өмнө нь сунгасан хугацаа болон энэ удаагийн сунгах хугацааны нийлбэр нь 12 хүртэлх сар байх зохицуулалттай байгаа.

Хэрэглээний зээлд ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд багтдаг вэ?

Өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг.

Дээрх шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн хугацааг сунгахад зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орох уу?

Зээлдэгч банктайгаа тохиролцон зээлийн хугацааг сунгахдаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буй хугацаанд хүүний төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулсан тохиолдолд л хуримтлагдсан хүүний төлбөрийг үлдэгдэл хугацаанд тархаан байршуулах дүнгээр өсч болно. Бусад тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орохгүй.

Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

Орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоож ажиллана.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг зээлийн төлөлтийг зогсоох гэж ойлгох тал байна. Дээрх шийдвэрийн гол агуулга нь юу вэ?

Энэ шийдвэр нь хэрэглээний зээлийн төлөлтийг зогсоож буй шийдвэр биш. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саатах эрсдэл бий болж байгаа тул системийн тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулах шаардлага үүсч байна.  Иймд нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай хэрэглээний зээлийн хувьд хугацааг нь 12 хүртэлх сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байгаа шийдвэр юм.  

Монголбанкны зүгээс аль болох зээлдэгчдийн төлбөрийн чадварыг нарийвчлан харгалзан үзэж эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэхийг банкуудад зөвлөж байгаа. 

Хэрэглээний зээл авсан зээлдэгчийн орлого буураагүй ч өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй, орлогогүй болсон тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?

Боломжтой. Гэхдээ зээлдэгч нь нэгдүгээрт, ажилгүй эсвэл орлого тасалдсан иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, хоёрдугаарт, тухайн өрхийн гишүүн нь Ковид-19 цар тахлын улмаас орлого тасалдсан гэдгийг нотлох шаардлагатай.

Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу?

Үгүй. Зээлдэгч нь банктайгаа тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно.

Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өр, орлогын харьцаа нь 60 хувиас өндөр байгаа зээлүүдийн хувьд хугацаа сунгаж болох уу?

Болно. Ялангуяа өмнө нь өндөр өр орлогын харьцаагаар авсан зээлүүдийг 12 сараар сунгасан ч өр орлогын харьцаа нь 60 хувиас давах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу?

Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа (30 сар) болон өр, орлогын харьцааны (60 хувь) хязгаарлалтын хүрээнд боломжтой. Жишээлбэл, зээлийн хугацаа 10 сар, зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой юм. Харин дээрх хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой.

Зээлийн хугацааг 12 сараар сунгахдаа хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулсан тохиолдолд нийт 15 сараар зээлийн үлдэгдэл хугацаа уртасна гэсэн үг үү?

Үгүй. Макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгах нийт хугацаа 12 сараас хэтрэхгүй бөгөөд 3 сараар хойшлуулж байгаа нь 12 сардаа багтана.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …