“Хөх тэнгэрийн хязгаарт” кино ирэх онд Япон улсад нээлтээ хийнэ

“Ай Фай” продакшн, “Номадиа пикчерс”, Японы “Магнетайз инк” продакшний хамтран бүтээсэн “Хөх тэнгэрийн хязгаарт” кино Япон улсад 2021 оны хоёрдугаар сарын 26-ний өдөр нээлтээ хийхээр болсон байна.

“Хөх тэнгэрийн хязгаарт” киноны зохиолыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан бичиж продюсероор Г. Уран, П.Эрхэмбулган нар ажиллажээ.

Харин киноны гол дүрд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан , Каннын фестивалиас “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг хамгийн анх Ази тивээс хүртсэн Японы алдарт жүжигчин Ягира Юуяа, Монгол Улсын Соёлын тэргүүн ажилтан, жүжигчин Б.Цэцэг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин М.Бямбаа нарын уран бүтээлчид тогложээ.

Уг киноны зураг авалтын 80 хувь нь Монголд, 20 хувь нь Японд хийгдэж, пост продакшн нь Франц улсад хийгдсэнээр онцлогтой.

Ташрамд дурдахад 2019 оны арваннэгдүгээр сарын 14-24-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Манхайм хотноо зохиогдсон 68 дахь удаагийн Манхайм-Хайдельбергийн Олон улсын кино наадамд жүжигчин Б.Амарсайханы зохиол “Хөх тэнгэрийн хязгаарт” кино өрсөлдөж наадмын нэр хүндтэй хоёр шагналыг хүртсэн билээ.

Тодруулбал тус киноны уран бүтээлчид Манхайм-Хайдельбергийн Олон улсын кино наадамд нийт оролцсон 50 киноноос шилдгээр шалгарч “Talent awards” буюу Шилдэг уран бүтээлийн шагнал, “FIPRESCI Awards-Олон улсын мэргэжлийн кино шүүмжлэгчдийн холбооны нэрэмжит шагналыг тус тус хүртсэн юм.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.