Төмөр замын 15892 ажилтан шинжилгээнд хамрагджээ

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15956 хүнээс 15892 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа зэрэг шалтгаанаар 64 хүн хамрагдаагүй байна.

Төмөр замын хэмжээнд 963 ажлын байрны 38.534 м2 талбайд, гэрээт байгууллагаар 324 ажлын байрны 9702 м2 талбай, 75 зүтгүүр, 12 галт тэрэг, 600 чингэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.

Тээврийн бичиг баримт, зарим ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээгээр сөрөг зүйл илрээгүй бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгээс 42 байгууллагын 420 хүнд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, 17 байгууллагад хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байгаа аж.

Өнөөдрийн шуурхай бүлгийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд дараах үүрэг даалгавар өгөв.

-Сайдаас өгсөн шуурхай үүрэг даалгаврын биелэлтэд анхаарах,

-Хилийн гарцууд дээр ажиллах журмыг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж Улсын онцгой байдлын даргаар батлуулж мөрдүүлэх,

-Гаалийн баталгаат агуулахтай ачааны терминалууд дээр үйл ажиллагаа эрхэлдэг банкийг амралтын өдрүүдэд ажиллуулах санал тавих,

-Гаалийн баталгаат агуулахын тооцоо судалгаа гаргаж, шаардлагатай бол агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, шинээр баталгаат агуулах зарлуулах зэрэг үүрэг чиглэл өглөө.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …