Х.Баттулга: Татвар төлөгчдийн 340 тэрбумыг зувчуулсан Б.Ундармаа торгуулж байхад 50 мянгыг хулгайлсан иргэн ял авч байна

Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийг төсөл санаачлагчид буцаасантай холбоотойгоор Ерөнхийлөгч эдгээр хуулийг татан авч байгаагаа илэрхийлээд үүнтэй холбоотой байр сууриа чуулганы танхимд илэрхийлж байна. 

Тэрбээр эрх баригч намын гишүүд хуулийн үнэ цэнийг харалгүйгээр намын байр сууриар хуулийн төслүүдийг буцаасан гэж үзэж буйгаа илэрхийлээд “Нийгмийн даатгалын мөнгийг цувчуулсан МАН-ын гишүүн торгуулж байхад, 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн хорих ял авч буй тогтолцоог өөрчлөхийн тулд хуулийн төслийг боловсруулсан гэдгээ хэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх ёстой шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээ татан авч байгааг Та бүхэнд мэдэгдье.

Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал мөн.

Тиймээс шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор үнэлэгдэж хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан, ажил хэрэгч санал, санаачилгыг хүндэтгэсэн, тус тусын эх оронтой мэт авирлахын оронд авах гээхийн ухаан зарж хамгийн оновчтой зөв бодлогыг олоход чиглэсэн, ийм ухамсар, соёл, хандлагад тулгуурласан байдлаар явагдвал зохих байлаа.

Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. Цаг байгааг учраас ийм жишээг бүгдийг нь дурдах боломж байсангүй. Үүнийг ярихгүй юм уу, шударга ёсыг хуулиараа тогтоохгүй юмуу, шүүхийн хэрэглэдэг хуулиудад шударга ёсоо суулгаж, хууль ёсыг шаардахгүй юм уу гэ жард түмэн Та бүхнээс хүлээж байгаа.

Харамсалтай нь Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна.

Төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна.

Өнгөрсөн хугацаанд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор ҮАБЗ нэг удаа зөвлөмж гарсан. Бүрэн эрхээ түдгэлзүүлэн шалгуулсан зарим шүүгч нар зохих ялаа авсан. Үүнийг улс төржүүлэх хэрэггүй. Би өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуульдаа ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг халж, сольж болох талаар заалтыг оруулаагүй бөгөөд шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлэх бодлого зохицуулалтыг тусгасан. Харамсалтай нь МАН-ын улс төрийн шийдвэрээр миний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байхаар шийджээ. 

Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Нэг ёсондоо ухралт хийсэн, олон нийт, судлаач мэргэжилтнүүдээр хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга шүүхийг хүлээж байгаа иргэдийн итгэлийг хөсөр хаясан хуулийн төсөл гэж дүгнэж байна. 

Хууль тогтоогч та бүхэн Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхдээ нийт ард түмний эрх ашгийн үүднээс харах шаардлагатай байна. МАН-ын бүлэг, УИХ-ын ажлын албанаас Шүүхийн тухай хуулийг илүү сайжирсан гэж хэлж байгаа боловч шударга бус байдлыг гааруулсан хуулийн төсөл байна.

Хоёр хуулийн төсөлд цэг таслал гэлтгүй бодлого зарчмын олон зүйл байна. Та бүхэн хүсэл эрмэлзэл байвал харна биз ээ. Шүүхийн тухай хуулийг хөл хорио тогтоосон үед цахим гэх хоосон дэлгэцний цаанаас яаран хэлэлцэж байгаа нь ямар ашиг сонирхол байгааг таашгүй нь.

Өнгөрсөн хугацаанд шударга ёс тогтох бодит боломж гараагүйг иргэд олон нийт мэдэж байгаа. ЖДҮ, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй банканд хийж, банкийг дампууруулдаг, авлига хээл хахуулийн мөнгийг барилга, газар ББСБ-аар угаадаг хэсэг бүлэг этгээд өнөөдөр шүүх хуулийн байгууллагад хяналтаа тавихаар увайгүйгээр дайрч байгаа нь ил тод болж байна. Хууль шүүхийн байгууллага ямар нэг шахалт дарамтгүйгээр ажиллаад эхэлбэл энэ бүхэн хэцүү болно.

Ерөнхийлөгчийн хувиар Шүүхийн тухай хуулийн төслүүдэд анхаарч, хүлээсэн үүргээ биелүүлнэ” гэлээ. 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.