Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна

Засгийн газрын ээлжит хуралдаан  өнөөдөр /2020.11.25/ боллоо. Энэхүү хуралдаанаар  2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав.

Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов. Өөр аймаг, сумдын малчид отроор өвөлжиж байгаа нутагт малын хулгайн гэмт хэрэг гарах, нийгмийн хэв журам алдагдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагын болон аймгуудын дарга нарт даалгалаа. 

Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Отроор очсон малчдыг нутаг орноосоо буцаахгүй, татвар, хураамж авахгүй байх, бэлчээрээ ашиглуулах, тухайн бэлчээрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор чөлөөлөхөөр зохицуулах юм. Аймаг, нийслэл, сум, дүүргүүд аюулгүйн нөөцдөө 60 мянган тн өвс, 16,5 мянган тн тэжээл бэлтгэх ёстой бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Тухайлбал Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймаг, нийслэл хот 50-иас дээш хувьтай. Архангай, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сүхбаатар аймаг нөөцөө бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ.

Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн малчид өөрсдөө хэрэгцээт өвс, тэжээлээ 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Ховд аймгийн малчдынх 50 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь дээрх аймагт зуншлага тааруу байсантай холбоотой юм. 

Говь-Алтай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн 15, Өвөрхангай аймгийн тав, Дундговь аймгийн хоёр, Өмнөговь аймгийн тав, нийт 31 сум зуншлага муу байлаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтай аймгийн зүүн, Өвөрхангай, Дундговь аймаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутагт эрсдэл их гэж гарчээ.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …