Жүжигчин А.Баярцэцэг “Кинцуги” богино хэмжээний кино бүтээж байна

Монгол Улсад хөл хорионы чанга дэглэмтэй энэ үед хүнсний салбараас бусад үйлчилгээний салбарууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон билээ.

Харин дэлхийн бусад улсуудад аль хэдийнээ Ковид-19 үүдсэн хөл хорионд тохируулан бизнес бүр өөр өөрийн шинэ арга барилыг олж урагшилсаар байна.

Түүний нэг нь кино урлагийн салбар бөгөөд энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлын үеэр алсын зайнаас хэрхэн хамтран ажиллаж, кино контент бүтээх технологийн инновацийг уран бүтээлчид эрэлхийлж байна.

Энэ нь кино урлагт маш том дэвшил болж, кино урлагийн түүхэн хөгжлийг нэгэн шат ахиулсан алхам болж байгаа юм.

Алсын зайнаас хамтран ажиллах шинэ арга барил нь олон улсын уран бүтээлчидтэй хамтран уран бүтээл туурвих цоо шинэ боломж, гарцыг нээж байна.

Үүний нэгэн жишээ нь Лондонд хөл хорионы чанга дэглэмийн үеэр коронавирусын сэдвээр хийгдсэн “Кинцуги” хэмээх 20 минутын богино хэмжээний кино юм.

14 орны 50 гаруй уран бүтээлчид дэлхийн сүүлийн үеийн технологийн дэвшил болоод, хамтын ажиллагааны онлайн арга барил, платформуудыг ашиглан киноны пре-продакшн буюу бэлтгэл ажлыг Англи, АНУ гэсэн хоёр улсаас хагас жилийн хугацаанд онлайн хэлбэрээр явуулсан.

Үүний үр дүнд Лондон хотноо хийсэн зураг авалтын өмнөх өдөр кино багийн уран бүтээлчид бие биетэйгээ анх удаа биечлэн уулзаж танилцацгаажээ. Зураг авалт таван өдөр үргэлжилж, одоогийн байдлаар пост продакшны ажил АНУ, Англи, Литва, Монгол улсуудад 100 хувь алсын зайнаас хамтран хийгдэж байна.

Олон улсын хамтарсан кино уран бүтээл хийх ко-продакшны шинэ үе “алсын зайны хамтрал”-ын амжилттай кейсийг бүтээж буй продюсер, жүжигчин Алтангэрэлийн Баярцэцэгийн “КИНЦУГИ” богино хэмжээний киноноос сэдэвлэн “Hollywood Professional Association”-ийн технологийн хэлтсийн захирал, Карибын Тэнгисийн Дээрэмчид, Blade Runner 2049, X-Men зэрэг кинонуудын өнгөний инженер Joachim Jochen Zell-ийн санаачилгаар дэлхийн 10 оронд коронавирусын сэдэвтэй өөр өөр жанрын, өөр өөр түүхийг өгүүлсэн богино хэмжээний кинонуудыг сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан хийж, нэгтгэж, креатив хамтын бүтээл болгохоор сайн дурын төслийн багууд бүрдэж эхлээд байгаа аж.

Англид хийгдэж байгаа “Кинцуги” дээр нэмэгдэж Америк, Мексик, Дубай, Египет, Хятад, Тайван, Австрали болон Монгол улсын багууд алсын зайнаас хамтран 10 богино хэмжээний киног хоёр сарын дотор хийхээр боллоо.

Улс орон бүр хэрхэн алсын зайнаас хамтран ажиллаж байгаа тухай баримтат кино мөн бүтээгдэх бөгөөд баримтат кино болоод эдгээр креатив хамтын бүтээлүүдийг 2021 оны 2-р сарын 18-нд АНУ-д зохион байгуулагдах 2021 оны Холливудын Технологийн Инновацийн үзэсгэлэн хуралд (HPA Tech Retreat 2021) танилцуулах юм.

Монгол улсын багт Баяр Энтертайнмент, Vast Mongolia post production, Lotus Pictures, GSS – Globalsmart Solution LLC, Хануй фильм зэрэг байгууллагууд, Ерөнхий найруулагчаар М.Аззаяа хамтран ажиллахаар болжээ.

Богино хэмжээний уран бүтээлийн пост продакшн Холливудад хийгдэх бөгөөд Монгол улсын хувьд коронавирусээс үүссэн онцгой нөхцөл байдалд уялдуулан кино уран бүтээлчид гэр гэрээсээ нэгдэн алсын зайнаас “анимейшн” төрлөөр 5-7 минутын уран бүтээл хийж оролцох гэж байна.

Монголын багийн уран бүтээлийн сэдвийг олон нийтийн дунд нээлттэй уралдаан зарлан шалгарсан зохиолоор бүтээлээ туурвих аж.

Бүтээн туурвих хүсэл эрмэлзэл нь ассаар байгаа Монголын багт нэгдэх хүсэлтэй, мөрөөдөлтэй уран бүтээлчид, хамтран ажиллах байгууллагууд Та бүхнийг холбогдохыг урьж байна.

Зохиолын санааны уралдаан

Удирдамж: Дэлхийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглан алсын зайнаас хамтран бүтээх 10 улсын нэгдсэн богино хэмжээний киноны креатив төсөлд Монголын багийг төлөөлөх уран бүтээлийн зохиолын санааны уралдааныг нийт мэргэжлийн уран бүтээлчид болоод сонирхогчдын дунд зарлаж байна.

Сэдэв: Нээлттэй

Шаардлага: Корона вирустэй холбоотой байх

Жанр: Анимейшн

Метраж: 5-7 мин

Зохиолын санаа авах хугацаа: 2020.11.25-нийг дуустал

1 нүүрэнд багтаасан зохиолын синопсис байна.

Бүтээлийг sales@lotuspictures.mn хаягаар авах болно.

Олон улсын наадамд оролцох бүтээлийн Эх зохиолч кредитийн эзэн болох алтан боломжийг бүү алдаарай.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …