Т.Билэгт: Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, үр дүнтэй явуулахад чиглэдэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгттэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 -Энэ жил Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой тохиож байна. Энэ 30 жилийн түүхийн нэг хэсэг болсон танд баяр хүргэе.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой  үндсэндээ 1990 оноос хойших Монгол Улсын 30 жилийн түүхтэй салшгүй холбоотой. Яагаад гэвэл Монгол Улсын төрийн тэргүүнд үйлчлэх алба. Монгол Улсын Төрийн тэргүүний үйл ажиллагаа нь Монголын Улс төрийн болон улс орны амьдралын чухал хэсэг байдаг.

1960 оны Үндсэн хуульд 1992 онд өөрчлөлт оруулснаар Монгол Улс Ерөнхийлөгчтэй болсон. Энэ бол Монголын төр барих ухаан, түүх уламжлалд суурилсан, чухал өөрчлөлт болсон юм. Ерөнхийлөгчтэй болсноор Тамгын газар бий болсон. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар Ерөнхийлөгчийн Тамгын газар байгуулагдаж, бүтэц, үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ажлын алба бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн” гэж заасан. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй, үр дүнтэй явуулахад чиглэсэн аппарат юм. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч улс орноо хөгжүүлэх, тусгаар тогтнолыг бэхжүүлэх зэрэг чухал үйл ажлыг манлайлан хийж ирсэн. Миний ажиллаж байх үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай 2005 оны зургаадугаар сарын 24-нд тангаргаа өргөөд үйл ажиллагаагаа эхэлсэн. Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын шинэ бүтэц бүрдэж, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулахаас ажлаа эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт Монгол Улсын эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх, хариуцлагатай засаг төрийг бий болгох, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд тайван амьдрах боломж нөхцөлөөр хангах зэрэг олон зорилтыг дэвшүүлсэн. Монгол Улсын Төрийн тэргүүнийг ажиллах нөхцөл боломжоор нь хангах үүргээ манай Тамгын газар хангалттай биелүүлсэн гэж би үздэг.

Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч дараах чиглэлүүдэд анхаарч ажилласан байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах зорилгоор гадаад харилцаанд идэвхтэй оролцсон. Гадаад харилцаа бол үе үеийн Ерөнхийлөгчийн чухал үүрэг байдаг шүү дээ. Хоёрдугаарт, хууль тогтоох, шүүх эрх мэдэл хэрэгжүүлдэг байгууллагуудын зүй зохистой харьцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, уялдуулахад анхаарах. Гуравдугаарт, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэхэд. Дөрөвдүгээрт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд олон хууль, тогтоомж санаачилж, зарим хуульд хориг тавьсан.

-Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед санаачлан батлуулсан, олны талархал хүлээсэн, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулсан ямар хууль байсан бэ?

-Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого бол Монголын хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон анхны стратегийн баримт бичиг байсан. Энэ баримт бичгийг боловсруулахад Монголын нэртэй эрдэмтэн судлаачид, ард иргэд өргөнөөр оролцсон. Миний санаж байгаагаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат академич Доржоор ахлуулсан эрдэмтдийн багт орж ажиллаж байсан. Олон төслийг уралдуулж, уялдуулаад, дараа нь ерөнхий редакц хийж Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулсан юм. Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлуулахад хариуцлагатай, ярвигтай асуудал. УИХ-аар батлуулахад улс төрийн намууд зөвшилцөл хийсэн. Ингээд анхны стратегийн цогц бодлого батлагдсан боловч дараагийн Ерөнхийлөгчийн үед энэ үйл ажиллагаа идэвхгүй байдалд шилжсэнд би харамсдаг юм. Хэн Ерөнхийлөгч байхаас үл хамааран Монголын төрийн бодлого залгамж чанартай үргэлжлэх ёстой. Ерөнхийлөгч өөрчлөгдлөө гээд УИХ-аар баталсан Үндэсний хөгжлийн бодлогыг орхигдуулсан нь улс орны хөгжилд хохирол учруулсан гэж би боддог.

-Таныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байх үед тулгарсан тухайн цаг үеийн, түүхэн хамгийн том сорилт юу байв?

-Түүхэн цаг үе болгон өөрийн өмнө тавьсан зорилттой, бэрхшээлтэй байдаг. Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд үндэсний соёл, ёс уламжлалаа хөгжүүлэх асуудалд манлайлж ажилладаг хүн. Энэ талаар би илүү дэлгэрүүлэн ярина. Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар анхаарч ажилласан. Ерөнхийлөгчийн Тамгын газар бол хүнээс бүрддэг, хүмүүсийн л үйл ажиллагаа. Бид Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны залгамж чанарыг хүнээр дамжуулж хадгалах бодлого барьсан. Иймээс өмнөх Ерөнхийлөгчийн зөвлөх байсан доктор профессор Я.Долгоржав, Академич Л.Лхагваа, Дэслэгч Генерал Ц.Дашзэвэг, Доктор В.Намхайжанцан, Ш.Цэдэндамбаа, дипломатч Д.Цогтбаатар болон бүр анхны Ерөнхийлөгчийн үеэс ажиллаж ирсэн ажилчид гэх мэт тулгуур том эрдэмтдийг үргэлжлүүлж ажиллуулсан. Ю.Цэдэнбал даргын үед ажиллаж байсан техникийн ажилчид ч байсан. Төрийн мэргэшсэн гол цөмийг хадгалаж үлдээсэн. Дээр нь АНУ, Англи, Япон зэрэг хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн залуусыг шинээр авсан. Ингэж ахмад болон шинэ залуу боловсон хүчний хослолыг бүрдүүлж ажилласан юм. Хойш хойшдоо нэг хүн гараад л бүгдийг нь сольдог биш, нэгэнт Ерөнхийлөгч нь намын харьяалалгүй, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч учраас Монголын шилдэг тэргүүний хүмүүсийг ажиллуулах зорилт үргэлжлэн хэрэгжих ёстой болов уу гэсэн бодол надад байдаг.

-Бусад төрийн байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой ажилладаг байсан бэ?

-Бусад төрийн байгууллагатай уялдаа холбоог хангаж ажиллах бол чухал шүү дээ. Ялангуяа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд ЗГХЭГ, УИХТГ гээд Төрийн ордонд байрладаг гурван том газрын ажлын уялдаа холбоог хангах асуудал дээр ямар нэг зөрчил гарч байсан удаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр төрийн бодлогын гол асуудлуудаа яриад санал нэг шийдвэр гаргадаг. Хэн нэгэн татгалзвал ҮАБЗ-ийн шийдвэр гарахгүй. Тиймээс энэ зөвлөл дээрээ зангидагдаад салбар хоорондын эдийн засгийн асуудлууд, тэр байтугай бүтээгдэхүүн хуваах гэрээ гэх мэтийг ч ярьж тодорхой саналд нэгддэг учраас хоорондын уялдаа холбооны асуудал бага гарна. Бидний ажиллаж байх үед гадаад харилцаанд нэгэн үлэмж дэвшилтэй үйл явдал болсон нь 2005 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монголд анх удаагаа айлчилсан. 1944 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Г.А.Уэльс Маршал Х.Чойбалсангийн үед айлчилснаас хойш АНУ-аас манай улсад ийм дээд хэмжээний айлчлал хийгээгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд би айлчлалын ажлын хэсгийг ахалж нарийн төлөвлөгөө гаргасан. Жишээлбэл, тагнуул, ёслол хүндэтгэл, гадаад харилцаа, нисэх, байрлах буудал зэрэг бүх ажлыг хооронд нь уялдуулж ажилласан. Энэ бол онцгой анхаарал татсан айлчлал байсан. Айлчлалын хамгийн том үр дүн нь Мянганы сорилтын сангийн Ерөнхий хэлэлцээрт 2007 онд хоёр Ерөнхийлөгч Цагаан ордонд гарын үсэг зурсан юм. Маш их яриа хэлэлцээр хийсний эцэст 285 сая ам.долларын буцалтгүй тусламж Монголд анх удаа үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хамгийн том гуравдагч орноос анх удаа мөнгөн тусламж үзүүлсэн. Энэ үед Ерөнхийлөгч, Их Британи, Франц, Япон, ОХУ гээд олон оронд ажилласан. Олон гадаад айлчлал хүлээж авсан. Энэ дотроос хамгийн онцлох нь Бушийн айлчлал гэж тэмдэглэмээр байна.

Бидний үед хийсэн бас нэг өөрчлөлт нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Юугаараа онцлог хууль вэ гэвэл төрийн албан хаагчид улс төрийн намын харьяалалгүй байх гэсэн өөрчлөлт байсан юм. Мөн “мерит” зарчмаар сонгон шалгаруулалт явуулна гэж оруулсан. Энэ бол Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан хууль. Тухайн үедээ маш их хэл ам дагуулсан. Нам дотроо ч, улс төрийн хүрээнд ч, УИХ-д ч тэр нэлээн том асуудал болж байж батлагдсан. 2009 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хоёр дахь сонгуульдаа өрсөлдсөн. Харин миний бодлоор энэ хууль батлагдсан нь сонгуульд сөргөөр нөлөөлсөн гэж боддог юм. Яагаад гэвэл тухайн үеийн МАХН нь төрийн байгууллагуудад л тулгуурлан ихэнх үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Гэтэл төрийн алба бүгд улс төрийн намын харьяалалгүй болчихлоор шилжилтийн бэрхшээлтэй үйл явц бий болж байгаа юм. Би тэр үед нийслэлийн намын хороог удирдаж байсан. Нийслэлийн төрийн албаныхныг сонгуульд дайчлах ямар ч бололцоогүй болсон. Нөгөө хууль маань хэрэгжиж эхлээд зөвхөн улс төрийн албан тушаалтнууд л сонгуулийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй болсон. Гэхдээ энэ үйл явцыг хууль боловсруулах үедээ Ерөнхийлөгч болон албаны хүмүүс өөрсдөө тооцоолж байсан ч эргэлтийн шинж чанартай алхам учраас зоригтой хийх ёстой гэж үзсэн юм. Энэ хуулийг ноднин дахин боловсруулж баталлаа.

Монгол Улсын гадаад нэр хүндийг өсгөсөн бас нэг чухал ажил бол энхийг сахиулах үйл ажиллагаа. НҮБ-ын мандатын дор Сьерра Леон, Ирак, Афганистан гэх мэт орон сэргээн босголт, цэргийн үйл ажиллагаа явуулах, энхийг сахиулахад монголчууд оролцдог болсон нь дэлхийд манай улсын байр суурийг бэхжүүлэхэд их хувь нэмэр болсон. Энэ үйл ажиллагаа бол өргөн агуулгаараа монголчуудыг дэлхийд таниулсан маш том ажил. Мөн манай батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлсэн. Манай залуучууд, тэр дундаа эмэгтэйчүүд оролцсоноор юм үзэж, нүд тайлж, дэлхийн түвшинд ажиллах чадвар, туршлага суусан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байх үедээ энэ байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлд таны оруулсан хувь нэмэр юу байсан бэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаа бол Ерөнхийлөгчийн нэр дор л явдаг. Энэ миний санаачилсан, энэ тэр зөвлөхийн санаачилсан ажил гэж ялгахад хэцүү. Мэдээж хүмүүсийн санаачилга, үзэл бодол, боловсруулсан бичиг баримт гээд зөндөө юм бий. Гэхдээ ажил хэрэг болоод, шийдвэр гарахаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэдэг нэр дор явдаг болохоос биш хэн нэгэн албан тушаалтны ганцаарчилсан үйл ажиллагаа гэж байдаггүй юм.

Бидний ажиллаж байх үед санаачилж хэрэгжүүлсэн ажлуудын чухлаас нь цухас дурдвал “Үдийн цай”, “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр зэрэг байна.

Түүх, төрт ёсны уламжлал, соёл боловсролыг хөгжүүлэх үйл ажиллагаанд Ерөнхийлөгч бүр ихээхэн анхаарч манлайлдаг юм байна. Жишээлбэл Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг санаачилж, Монголдоо тэмдэглээд зогсохгүй, энэ санаачилгын хүрээнд НҮБ-аас дэлхий дахинд хандаж Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэхийг уриалсан. Хүмүүс сайн мэдэхгүй нэг мундаг ажил хийсэн юм. Түүний үнэ цэнийг яваандаа ойлгох болов уу. Их үнэтэй эд л дээ. Бараг бүх улсын төрийн тэргүүнээс Их Монгол Улсын 800 жилийн ой, Чингис хааны байлдан дагуулалтыг та юу гэж бодож байна вэ гэсэн илгээлт ярилцлага авч ном гаргасан байгаа. Гол редактор хийсэн хүн нь тухайн үед Гадаад бодлогын зөвлөх хийж байсан, Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар. Сайн яривал Төрийн шагнал хүртэхээр л бүтээл.

Бусад ажлаас дурдвал, “Хөөмэйн урлагийг хөгжүүлэх тухай” зарлиг, “Үндэсний нэвтэрхий толь”, “Дэлхийн утга зохиолын дээжис” 50 боть хэвлүүлэх ажлыг хэрэгжүүлсэн. Өмнө нь бидний бага залуу үед ихэвчлэн социалист орнуудын болон Зөвлөлтийн зохиолчдын зохиол бүтээлийг дэлхийн сонгодог бүтээл гэж уншдаг байсан бол энэхүү 50 боть номын ажилд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцож, зохиол бүтээлүүдийг сонгож, орон орны сор бүтээлүүдээс оруулсан байдаг юм. Мөн Очирваань бурхны аварга том зээгт наамал дүрийг О.Пүрэвбат ламаар ахлуулан, аймаг бүрээс урчуудыг урьж ажиллуулан бүтээлгэсэн. Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гаргаснаас гадна ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргааны асуудалд ихээхэн анхаарал хандуулж, ахмад дайчдад 1 өрөө байр, түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох тухай санаачилж ажил хэрэг болгосон юм.

-Ажлын албаны 30 жилийн ой болж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах тухай өөрийн бодлоос хуваалцаач.

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай зарлиг гарч байсан. Бидний үед нэг чухал санаачилга гарсан нь үйл ажиллагаагаа эрдэм шинжилгээний агуулгатай болгох. Ингээд Стратеги судалгааны хүрээлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулж байсан юм. Академич Б.Чадраа агсан бид хоёр хамтран дүрэм, журам, бүтцийг нь баталж байлаа. Энэ байгууллагын гол үүрэг бол Ерөнхийлөгчийн Тамгын газрыг судалгаагаар хангах, эрдэмлэг болгох. Одоо ажиллаж байгаа энэ байгууллагыг боловсон хүчнээр бэхжүүлэх нь их чухал юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд өөрийн санаачилгаар ажиллах бол нэг хэрэг, гэтэл тэр болгон бүгдийг мэдээд байх боломжгүй учраас дэлхий ертөнцийн нийгмийн амьдрал, эдийн засгийн өөрчлөлтийн асуудалд суурилсан шийдвэрийг судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэн гаргахад анхаарах нь зүйтэй байх гэж бодож байна.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Монгол хүн says

    Манай нутгийн бахархалт хүний нэг. Төрийн албанд чөмгөө дундартал ажилласан найз даа эрүүл энх, аз жаргалыг хүсье. Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгчдийг үргэлж доош нь хийж байдаг хүмүүсийг нэр, нүүртэй нь ил гаргаж хариуцлага тооцох цаг болсон. Тэд монголын төрийн нэр хүндийг унагаах цаашлаад улс эх орны тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэлд цав суулгах аюултай тул магадгүй гадаадын гар хөл байж болох тул тийм үзэгдлийг тухай бүрт нь таслан зогсоож, хариуцлага тооцдог баймаар байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.