Л.Халтар: Дарханы зам 2022 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орно

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа.

-Улаанбаатар Дархан чиглэлийн замыг өнөөдрөөс хэсэгчилж нээж байгаа. Аль аль хэсгийг нээж байгаа вэ?

-Есдүгээр сарын сүүлээр Дарханы замын ажилтай танилцаж байх үедээ сэтгүүлч нарт хоёр зүйл амласан. Нэгд, 2020 оны арваннэгдүгаар сарын 1- 15-ны хооронд Дарханы замыг нээнэ, хоёрдугаарт, нэгдүгээр хэсгийн замыг бүрэн дуусгах, гурав болон тавдугаар хэсгийг чадах чинээгээрээ явуулна, асуудалтай байгаа хоёр болон дөрөвдүгээр хэсгийг ямар ч байсан хөдөлгөөн нээх хэмжээнд хүргэнэ гэж амласан. Эдгээр ажлуудаа бид бүрэн хийж дуусаад өнөөдрөөс замын хөдөлгөөнийг бүхэлд нь нээж байна. Бага зэрэг дутуу ажлуудыг бид арваннэгдүгээр сарын 15 хүртэл хийнэ. Дарханы замын талаар янз бүрийн сөрөг мэдээллүүд их явж байгаа. Гэхдээ бид үүн дээр биеэ өмөөрч сайхан байгаа гэж хэлэхгүй. Өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл цаг агаарын нөхцөл байдал таагүй, ажил хийх боломжгүй өдрүүд олон байсан. Ялангуяа есдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж нийт нутгаар цас орж зам, даваа хаагдсан тохиолдлууд бий. Цаг агаар хүйтэн болоод ирэхэд замын хучилтын ажил зогсчихдог. Дунджаар ажлууд найман өдөр зогссон.  Гэсэн хэдий ч нэгдүгээр хэсгийн 37 км замыг бүрэн хучиж дуусгасан. Дарханаас гарч байгаа хэсэг бидний хувьд хамгийн хүнд байсан. Яагаад гэвэл Дархан хотоос хуучин тараасаар явахгүй Дарханы араар тойрч хуучин сангийн аж ахуй араас орж ирдэг түр зам байсан. Энэ нь иргэдэд их хүндрэлтэй байсан учир бид ярилцаж байгаад Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр барих дөрвөн урсгалтай замтай дүйцүүлэх хэмжээний дөрвөн урсгалаар нээж байгаа. Зам нээж байгаатай холбогдуулан жолооч нартаа хандаж хэлэхэд хурдаа багасгаж, аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулж байна.

-Хоёр болон дөрөвдүгээр хэсэг дээр Хятадын компани гүйцэтгэхээс татгалзаад гараад явсан байгаа шүү дээ. Тус хоёр хэсгийн тендер зарлагдсан уу, ямар төвшиндөө явж байгаа вэ?

-Тендер зарлагдана, тендерийн бичиг баримт боловсруулагдан төгсгөл шатандаа орж байна. Гэхдээ тендер зарлагдахын өмнө хуучин ажиллаж байсан гэрээлэгч компанитай хоёр талаас тооцоогоо бодож хаах ёстой. Энэ ажил явагдаж байна. Тус хоёр хэсгийн компанийн төлөөлөл Монголд орж ирсэн байгаа өнөө, маргаашгүй ажлаа баталгаажуулна. Ингээд ажлаа баталгаажуулж баталчихвал Азийн хөгжлийн банктай яам болон банктай тохирчих юм бол дараагийн тендер зарлахад бэлэн болно.

-Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийх замын барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Тус замуудын тендер зарлагдан таван багцын гүйцэтгэгч нар тодорчихсон, таван багцтайгаа гэрээгээ хийгээд дуусчихсан байгаа. Гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж энэ ажлууд эхэлнэ. Гэхдээ гуравдугаар сарын 15 хүртэл тус таван багцын хүмүүс зүгээр суухгүй. Өвлийн улиралд хоёр том ажил хийж явна. Нэгдүгээрт, хайрга болон замын далангийн материал бэлтгэх, хоёрдугаарт гүүр хоолойн ажлууд хийгдэнэ. Тэгэхээр 1500 орчим буюу 1,5 км урттай хоолойнуудын бэлдэцүүдийг хийж хоёрдугаар сарын 15 гэхэд түр замын засвар гарна. Мөн дугуй хоолойнуудын бэлдэцүүдийг буулгаад орхино. Ингээд гуравдугаар сарын 15- ны өдөр замаа энэ жилийнх шиг бүтнээр хаахгүй, хэсэгчилж хаагаад эхний ээлжид гүүр хоолойн ажлыг бүрэн дуусгаж, дараа нь далангийн ажлуудыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй явж байна.

-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил яг хэзээ дуусч, бүрэн ашиглалтад орох вэ?

-Дарханы замыг Азийн хөгжлийн банкны зээлээр буюу хуучин замаа сэргээн засварлах ажлыг ирэх орны аравдугаар сарын өдийд гэхэд дуусгана. Европын сэргээн босголтын банкны зээлээр баригдах дөрвөн эгнээтэй зам баригдах ажлыг 2022 оны арваннэгдүгээр сар гэхэд дуусгана.

-Замуудын өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг хангасан уу?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлууд дууссан. Манайхан сүүлийн үед энэ тэндгүй замын нүх тоолдог ажилтай болдог болсон, энэ ажлууд ерөнхийдөө дууссан. Өвөл зам даваа хаагдах үед шуурхай хэсгүүдийг ажиллуулах нөхцөл дээр орон байр болон давс, цас хайлуулах бодисуудаа бэлдсэн байгаа. Ерөнхийдөө замын өвөлжилтийн байдал хангагдсан.

-Улсын дугаарыг тэгш хүртээмжтэй, шударгаар олгох, бизнес болгохгүй байх асуудал яригдаж байгаа. Энэ ажил ямар төвшиндөө явж байгаа вэ?

-Энэ бол маш их хэл ам дагуулсан ажил, хүмүүс харддаг үүнийг нуух юм байхгүй үнэн. Азын гэгддэг дугаар дээр ил, далд янз бүрийн ашиг сонирхол асуудал зөндөө байдаг. Үүнээс болж авто тээврийн ажилчид янз бүрийн газар дуудагддаг зүйл байгаа. Тийм учраас одоогоор азын дугааруудыг блоклон нийтэд гаргахаа түр зогсоосон байгаа. Одоо шинэ сери зарлагдаж байгаач тэр хаалттай. Энэ асуудал дээр Монгол Улсын Ерөнхий сайд бидэнд чиглэл өгч “энэ зүйлийг боль, үнэхээр хүн сонирхоод байдаг бол түүнийгээ нийтийн жишгээр дуудлага худалдаанд оруул” гэсэн. Бид дуудлага худалдаанд оруулах журмаа боловсруулж Хууль зүйн яамд хүргүүлсэн байгаа. Өнөө маргаашгүй бүртгэгдээд гаргаад ирнэ. Ингээд журам батлагдсан цагаас эхлэн Авто тээврийн үндэсний төв азын дуугаараа дуудлага худалдаанд оруулдаг болгоно. Дуудлага худалдаанаас оруулж ирсэн мөнгийг бид дөрвөн зүйлд зарцуулахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт ахмад настнуудын асрамжийн газруудын засвар болон ахмадуудад чиглэсэн зүйлд зарцуулна. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг бий болгох бүтээн байгуулалтын ажилд нэмэр болно. Гуравдугаарт өндөр зэрэглэлийн эмнэлгүүдийн нарийн тоног төхөөрөмжийн асуудал дээр тусална. Дөрөвдүгээрт хүчирхийллийн эсрэг байруудыг барих асуудал дээр санхүүжилт болгон оруулна. Өөрөөр хэлбэл азын дугаарын дуудлага худалдааны мөнгийг нийгмийн сайн сайхан зүйлийн төлөө зарцуулна.

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал яг хэзээ ашиглалтад орох вэ?

-Уг нь энэ оны аравдугаар сарын 1-нд нэгэнд нээгдэнэ гэж ярьж байсан. Сая Засгийн газрын хуралдаанаар ороод 2021 оны тавдугаар сарын 1-ний дотор гэж шийдвэр гарсан. Хэрвээ тавдугаар сарын 1-ний өдрийн наана олон улсад коронавирусийн  эсрэг вакцин гараад олон улсын нислэг нээгдлээ бол бид шинэ нисэх буудал уруу шилжихэд бэлэн байгаа. Үндсэндээ шинэ нисэх онгоцны бэлтгэл ажил хангагдсан байгаа. Тэгэхдээ ирэх орны тавдугаар сарын 1-нд нээгдэнэ гэж яг таг ойлгож болохгүй. Тэр үед хил нээгдэхгүй бол  шинэ нисэх буудлын нээгдэх ажиллагаагаа тэр хэмжээгээрээ хойшлогдоно.

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …