О.Бэлгүтэй: Энэ хослол надад зохиж байна уу гэж асуутал худалдагч эгч “Та Бурхан багш мөн үү” гэсэн

MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Давхар цагаан шугам” онц сонирхолтой телевизийн олон ангит уран сайхны киноны Улсын мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, хошууч Сүхдоржийн дүрийг бүтээсэн МҮОНТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны Орчуулгын найруулагч, дуу оруулагч-жүжигчин О.Бэлгүтэйг “Редакцын зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр МҮОНРТ-ийн “Босго тотго” 60 ангит, “Нарны жим” 55 ангит сериал болон хэд хэдэн бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүр бүтээснээс гадна МҮОНТ-ийн үзэгчдийн дунд “тэсрэлт” хийсэн орчуулгын бүтээл “Бурхан багш” олон ангит киноны Сиддарт, “А” зэрэглэлийн “Брюс Лигийн домог” киноны Брюс Ли тэргүүтэй 13000 мянга гаруй дүрд дуу оруулсан юм.

-Манай сайтын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Багадаа кинонд их дуртай хүүхэд байсан гэсэн. Кино үзэх хобби тань таныг урлагтай холбосон уу?

-Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумынх. Мөрөнгийн I сургуульд элсэж, арван жилээ аймгийн төвд төгссөн. Тухайн үед Мөрөнд приставка (кассет тоглуулагч)-аар нэг киног 50 төгрөгөөр эсвэл ундааны шилээр үзүүлдэг байсан юм.  Манай өвөө, эмээ, ээж багш, хожим хичээлийн эрхлэгч, захирлаар ажилласан хүмүүс бий. Хэдий би багшийн гэр бүлд өссөн ч гэсэн заримдаа хичээлээ таслаад кино үзнэ. 100 төгрөгтэй болвол хоёр кино угсруулаад өдөржин үзээд суучихна. Жэки Чан, Ван Даммын тоглосон киног алгасалгүй үздэг байлаа. Тэр үеэс л кинонд дурлах, кинотой л холбоотой мэргэжил эзэмших хүсэлтэй болсон.

-Соёл урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалт гэж ирсэн хүүхдүүдийн тэн хагасыг заримдаа дийлэнхийг нь буцаадаг хүнд даваа бий. Та элсэлтийн ур чадварын шалгалтандаа хэрхэн бэлдсэн бэ?

-Би төгсөх ангийн сурагч байсан юм. 2003 оны гуравдугаар сард Хөвсгөлийнхөө “Далай ээж” телевизийг үзэж байтал “СУИС-д элсэх хүсэлтэй хүүхдүүдээс шалгаруулж дамжаа хичээллүүлнэ” гэсэн урсдаг зар явлаа. Тэр зараар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт очиход ирсэн хүүхдүүдээс шалгаад 30 гаруй хүүхдийг л дамжаандаа авсан. Тэр дамжааны багш нь “Гарын таван хуруу” киноны Шагдарын хүү Баярын дүрд тоглосон, соёлын тэргүүний ажилтан Нордовын Ганхуяг гэж хүн байлаа. Одоо тэр багш маань бурхны оронд оччихсон. Би тэр багшаасаа л жүжигчин хүний эзэмших ёстой анхан шатны мэдэгдэхүүнээс эхлүүлээд этюд, тайзны ярианы хичээл заалгасан. Тэгж байтал хотоос урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, одоо УДЭТ-ын Уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа Найдангийн Ганхуяг, сүүлд Армийн театрт ажиллаж байгаад бурхан болсон Д.Ганхуяг багш ирж шалгалт авлаа. Ингэж л би гурван Ганхуяг багшийн шалгаруулалтаар орж, намар нь СУИС-ийн жүжигчний ангид элсэж, Найдангийн Ганхуяг багшийнхаа удирдлага дор төгссөн.

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй ажил, амьдралаа холбосон үеээ дурсаач?

-Манай анги маш цөөхүүлээ төгссөнөөс уран бүтээл хөөж яваа нь соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Сөрөлт бид хоёр л байна. Төгсөх курсийн дадлага хийх үед Л.Сөрөлт “Би тайзны жүжигчин болно. “Шинэ үе” продакшнд дадлагаа хийнэ” гээд явсан. Би кинонд л дуртай, сонирхолтой хүн чинь оюутан байх үеэсээ л орчуулгын киноны дуу оруулагч-жүжигчин мэргэжилд дурласан. Энэ мэргэжлээр ажиллаж дадлагаа хамгаална гээд л Үндэсний телевиздээ ирсэн.

-Орчуулгын киноны дуу оруулагч-жүжигчин мэргэжлийн ноу-хау юу вэ?

-Дуу оруулагч-жүжигчин болохын тулд эхний ээлжинд сурах ёстой зүйл бол ажиглах. Ахмад үеийн мастеруудаа хараад дүрийн характерыг хоолойн өнгөөрөө хэрхэн илэрхийлж байна, сэтгэлзүйн темперамент дээр өнгө нь яаж өөрчлөгдөв, өөр өөр дүрд хэрхэн дуу хоолойгоо салгаж, хувиргав гэдгийг харж, сонсож, ажиглахад маш их цаг зарцуулсан. Дараа нь хоолойгоо зүгшрүүлэх гэж их хугацаа орсон. Тэр бүхний ард авсан дүрээ дотроо боловсруулаад студидээ ороод чихэвчээ зүүгээд, дэлгэцнээс текстээ уншаад тухайн дүрийг өөрийн дуу хоолойгоор гаргаж ирнэ.

Манай ах, эгч нар бидэнд студийн соёл гэдэг зүйлийг маш сайн зааж өгсөн. Наад зах нь студидээ гар утасгүй орох ёстой. Цаашлаад сэтгэлийн ямар ч тээшгүй, гадна болсон үйл явдал, баяр гуниг юу ч байлаа студийнхээ гадна орхиод л орно. Студид орж ирсэн л бол дуу оруулж буй дүрдээ өөрийн амьдралд буюу студийн гадна болсон үйл явдлын эмоцийг нялах эрхгүй гэдгийг анхнаас нь зааж сургасан.

Мэдээж нэг дуу оруулагч-жүжигчин олон дүрд “хоолой салгана”. Залуу хүнээс хөгшин рүү, гол баатраас эсрэг дүр рүү хоолой салгахдаа тоглохгүйгээр үнэн байх ёстой. Энэ үнэн байх, тухайн цаг мөчид тэр дүрээрээ амьдрах ёстой гэдэг зарчмыг СУИС-ийн оюутан байхад багш нар маань, Үндэсний телевизэд ирэхэд манай орчуулгын киноны дуу оруулалтын мастерууд ч сургасаар ирсэн. Мөн хоолой салгахад тухайн дуу оруулагч-жүжигчнээс маш их авхаалж самбаа шаарддаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …