Гадаадад суралцахыг хүсэж буй хүн бүрт тулгардаг 7 асуултууд

Гадаад улсад суралцахыг зорьж буй хүмүүсийн хувьд хамгийн завгүй улирал ирж байна. Сургуулиудын элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг хаврын саруудад хэлний шалтгалтад бэлдэх, сургуульдаа өргөдөл илгээх, эссэ бичих, тэтгэлэг судлах гэх мэт олон чухал үйл явцууд давхацдаг билээ. Иймээс бид гадаадад боловсрол эзэмшихээр зорьж буй хүмүүст тулгардаг түгээмэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх талаар “Ногоон Жэйд” боловсролын төвийн захирал, профессор Жое Чунгийн зөвлөгөөг хүргэж байна.

1. Гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшихийг хүсэж буй хүн хамгийн эхэнд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

Хүмүүс яаж өөртөө тохирсон сургуулиа олох вэ гэж их асуудаг. Энэ нь таны юу сурч, хэн болохыг хүсэж байгаагаас шууд хамаарна. Өөрөөр хэлбэл эхлээд хэн болохоо тодорхойлоод дараа нь түүндээ хүрэхэд чинь туслах тохиромжтой газрыг хайх хэрэгтэй. Хүмүүсийн түгээмэл гаргадаг нэг алдаа нь зорилгоо тодорхойлолгүйгээр шууд алхам хийдэг байдал. Юунд хүрэхээ шийдэлгүй хөдлөх нь маш буруу. Хийхийг хүсэж байгаа зүйл тань таныг амжилтанд хөтлөх болно

Хүмүүсийн түгээмэл гаргадаг нэг алдаа нь зорилгоо тодорхойлохгүйгээр шууд алхам хийдэг байдал юм.

2. Сургуулиа хэзээнээс хайж, судалж эхлэх ёстой вэ?

Шалгалт өгөхөөсөө өмнө сургуулиа хайж судалж чадвал цаг хугацаа их хэмнэдэг. Сургууль бүрийн элсэлтийн шалгуур харилцан адилгүй байдаг. Тиймээс эхлээд өөртөө тохирсон сургуулиа олсныхоо дараа тухайн сургуулийн зүгээс шаардаж буй оноо, шаардлагад хүрэхийн тулд зорилго тавин бэлдэх хэрэгтэй. Та төсөөлөөд үз дээ. Шалгалт өгөөд оноо авчихлаа. Дараа нь сургуулиа хайж, өөртөө тохирсон сургуулиа олтол таны авсан оноо тус сургуулийн шаардлагад хүрэхгүй байвал яах вэ? Дэлхий даяар хэдэн арван мянган шилдэг, сайн сургууль байна.Тэр олон сургуулиас өөртөө тохирох сургуулийг хайж олно гэдэг хугацаа шаардах зүйл. Тиймээс л эртнээс эхэл гээд байгаа юм. Гадаадад суралцахыг хүсэж байгаа хүн хамгийн багадаа нэг жилийн өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй.

Та төсөөлөөд үз дээ. Шалгалт өгөөд оноо авчихлаа. Дараа нь сургуулиа хайж, өөртөө тохирсон сургуулиа олтол таны авсан оноо тус сургуулийн шаардлагад хүрэхгүй байвал яах вэ?

3. Хэлийг богино хугацаанд сурах боломжтой юу?

Хэл сурна гэдэг зөвхөн тухайн хэлээр яриад зогсохгүй зөв бичих дүрэм судалж, академик түвшинд уншиж, бичихийг хэлнэ. Энэ бүгдэд хугацаа хэрэгтэй. Ялангуяа бакалавр, магистрт сурахыг хүсэж байгаа бол англи хэлний энгийн хэрэглээ бус академик түвшний хэл хэрэгтэй. Академик түвшинд уншиж сонсож ойлгон, академик түвшинд санаагаа зөв илэрхийлэн алдаагүй бичиж байж та гадаадад сурч чадна. Энэ түвшинд хүрэхийн тулд хугацаа шаардлагатай тул алхам алхмаар, системтэйгээр яаралгүй сурах хэрэгтэй. Хэл сурна гэдэг насан туршийн хичээл.

4. TOEFL, IELTS шалгалтууд юугаараа ялгаатай вэ?

– Ерөнхийдөө энэ хоёр шалгалт тестийн хэлбэрээрээ ялгаатай гэж хэлж болно. TOEFL илүү тест хэлбэртэй буюу 4 өгөгдлөөснэг хариултыг сонгох ёстой байдаг. Тиймээс заримдаа хүмүүс TOEFL өгөхдөө азаа үзэх үе байдаг. IELTS-ийн хувьд илүү уламжлалт хэлбэр рүү чиглэсэн. Тиймээс TOEFL-ийг бодвол арай уян хатан.

Австрали, Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий IELTS-ийн шалгалтыг өгдөг. Харин Академик IELTS-ийн шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг.

IELTS Академик (UKVI, Non UKVI) болон Ерөнхий гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Ерөнхий IELTS-ийн шалгалт нь гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм. Австрали, Канад, Шинэ Зеланд руу шилжин суурьшиж амьдрах, ажиллах хүсэлтэй байгаа хүмүүс Ерөнхий IELTS-ийн шалгалтыг өгдөг. Харин Академик IELTS-ийн шалгалт нь гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхүү шалгалтыг өгснөөрөө англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.

5. Олон жил судалсан ч хэлний мэдэлгээ гүнзгийрүүлж чадахгүй байгаа шалтгаан юу вэ?

Хэлийг сурч эхлэхээсээ өмнө яах гэж, юунд зориулж, ямар зорилготойгоор сурах гэж байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр таны сурах зүйл, сурах арга барил тань тодорхой болно. Үүний дараа системтэйгээр, зөв арга барилаар сурч эхлэх хэрэгтэй.

Хүмүүсийн гаргадаг гол алдаа нь дахин давтдаггүй байдал. Үнэхээр хэл сурмаар байгаа бол зөвхөн тодорхой нэг цагт сураад дуусах биш, амьдралынхаа нэг хэсэг болго.

Хүмүүс хэл сурах өөрт тохиромжтой арга барилаа олоогүйгээс бүтэлтгүйтэж, шантрахад хүрдэг. Англи хэл дүрэм ихтэй. Шинэ үг байнга гарч ирнэ. Тэр бүхнийг хараад цээжлээд өнгөрөх биш, хэрэглэж “эргэлтэнд” оруулж байх хэрэгтэй. Хүмүүсийн гаргадаг гол алдаа нь дахин давтдаггүй байдал. Үнэхээр хэл сурмаар байгаа бол зөвхөн тодорхой нэг цагт сураад дуусах биш, амьдралынхаа нэг хэсэг болго. Яг л монгол хэл таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг байдагтай адилаар. Шаардлагатай дүрэм, уншлагаа байнга давт. Англи хэл дээр мэдээ үз. Хүнтэй англиар ярихаасаа бүү санаа зов. Ярьж байж тухайн хэлээр сэтгэж эхэлдэг. Ярьснаар шинэ үгээ дүрэмтэйгээ хослуулан хэрэглэж, юу гэж ярихаа бодож эхэлдэг. Байнга ийм бэлтгэл хийснээр дүрэм, үгийн сан, яриа, сонсгол тэгш сайжрах боломжтой.

6. Сургуульдаа тэнцэж, гадаадад амьдрахаар болсон хүмүүс юуг анхаарвал зохих вэ?

Мэдээлэл дутмаг, бэлтгэл муутайгаас анх явсан зорилгоосоо буцаж, сургуульдаа ч сурсан зүйлгүй хэдэн жил хар ажил хийсээр буцах үе бишгүй тохиолддог.

Та эцэг эхтэйгээ ойрхон амьдардаг байхдаа ямар нэгэн асуудал тулгарах үед тэдэнтэйгээ хуваалцаж, хамтдаа даван гарах боломжууд бий. Ядаж л баяр гунигаа хуваалцаж, чамайг тайвшруулах дотны хүмүүс тань тантай ойрхон байна. Харин гадаад явсны дараа та бүх асуудлыг ганцаараа шийдвэрлэх хэрэгтэй болно. Ялангуяа залуу хүүхдүүдийн хувьд очоод удаагүй байхад иймэрхүү асуудлууд их тулгардаг. Тиймээс сэтгэлзүйн бэлтгэлтэй байж, очих гэж буй орныхоо соёлыг, хүмүүсийг сайн судал. Гадаадад очоод яаж ийгээд ажил олж хийгээд болгочих юм шиг санадаг. Гэтэл бакалаврын оюутнуудад гэхэд олон цаг ажиллах эрх зүйн орчин байхгүйн дээр олон цагийн кредит цуглуулах шаардлагатай. Тиймээс үнэндээ сургалтын төлбөрөө төлөөд байр хоол, амжиргааны зардлаа болгоод сард чадвал 100-200 ам.долларыг хадгалж чаддаг. Харин магистраар сурч байгаа хүмүүс харьцангуй бага цагийн хичээлтэй, илүү олон цагаар ажиллах боломж байдаг. Мэдээлэл дутмаг, бэлтгэл муутайгаас анх явсан зорилгоосоо буцаж, сургуульдаа ч сурсан зүйлгүй хэдэн жил хар ажил хийсээр буцах үе бишгүй тохиолддог.

7. Сургуулиа төгссөний дараа тэндээ үргэлжлүүлэн ажиллаж амьдрах боломж байдаг уу?

Гадаадад хараар бус, мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөж ажиллахыг хүсэж байвал хамгийн багадаа бакалаврын зэргээ дүүргэх хэрэгтэй. Бакалаврын зэргээ дүүргэсний дараа танд ажлын туршлага хэрэгтэй болно. Тиймээс оюутнууд дадлага хийхэд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй.

АНУ-д хоёр жил магистрт сурсан тохиолдолд нэг жил ажиллах эрх үүсдэг. Харин Австрали, Канадад гурван жил сурсан бол эргээд хоёроос гурван жил албан ёсоор ажиллаж амьдрах эрх үүсдэг.

Түүнчлэн ажлын байран дахь сургалт зайлшгүй шаардагддаг ба энэ нь багадаа гурван жил болдог. Шат дараатайгаар эдгээр зүйлийг гүйцэлдүүлснийхээ дараа та сурсан мэргэжлээрээ ямар нэг газар ажлын хүсэлт гаргах эрх үүснэ. Ажил олгогч танаас тухайн мэргэжлээр суурь боловсрол эзэмшсэн эсэх, хэр зэрэг ажлын туршлагатайг, магадгүй зарим шаардлагатай мэргэжлийн шалгалтуудыг өгсөн эсэхийг харах ба үүнийхээ дараа тантай ажлын ярилцлага хийдэг. Энэ бол ажилд орох ерөнхий зарчим.

Ихэнхи сургуульд төгссөний дараа ажилд зуучлах тусдаа оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв байдаг ба төгсөлтийн дараах ажилд ихээхэн санаа тавьдаг. АНУ-д хоёр жил магистрт сурсан тохиолдолд нэг жил ажиллах эрх үүсдэг. Харин Австрали, Канадад гурван жил сурсан бол эргээд хоёроос гурван жил албан ёсоор ажиллаж амьдрах эрх үүсдэг. Гэхдээ энэ нь зөвхөн магистраар сурсан хүмүүст хамаардаг.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.