Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.10.28/ боллоо. Энэхүү хуралдаанаар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив.

2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаны хүмүүс танилцуулав.

ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр 13 дахь удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ.

Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19,611, газраар 6,581, нийт 26,192 иргэнийг авчраад байна. Эдгээрийн 12,465 нь эрэгтэй, 13,727 нь эмэгтэй юм. Ирэх сард Сөүл хот руу зургаа,  Токио хот руу хоёр, Алматы, Франкфурт хот руу тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэж  2,000 орчим иргэнээ авчрах юм.

Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална

Цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийн талаар сайд Л.Халтар танилцуулав.

Үүнтэй холбогдуулан олон улс болон орон нутагт хуваарьт нислэг үйлддэг “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр”, “Аэро Монголиа” ХХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлж, ажлаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх талаар судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн даргад  даалгав. Олон улсын нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор “МИАТ” компанийн 1370 нислэг цуцлагдсан бөгөөд 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 75 удаа тусгай үүргийн нислэг хийгээд байна.

Оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ. Хэдийгээр бусдад төлөх төлбөрөө эцсийн шат хүртэл нь хойшлуулж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа танаж, хүний нөөц, цалингийн зохицуулалт хийж байгаа ч байдал хэвээр үргэлжилбэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсээд байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …