Сара Портелл: Монгол бол манай гэр бүлийн хоёр дахь эх орон

Сара Портелл Монголд 10 дахь жилдээ амьдарч буй Канад эмэгтэй. Үүний найман жилийг тэрбээр Баян-Өлгий аймагт өнгөрүүлсэн юм. Монголд амьдарсан энэ хугацаанд Сара хоёр охинтой болж, амьдралынхаа хамгийн дурсамжтай, аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлжээ. Монгол Улстай хэрхэн холбогдсон түүний амьдралын сонирхолтой түүхийг хүргэж байна.   

ТӨВӨДӨД УЧИРСАН ХОЁР  

“Хэрэв би нөхөртэйгөө Төвөдөд танилцаагүй бол өдийд Монголд биш Канад дахь төрөлх хотын сургуульдаа багшилж байх байсан” гэж Сара хэлээд инээмсэглэв. Түүний энэ үг тоглоом наргиа хийх гэхээсээ амьдралд талархсан, хором мөч, учрал тохиол бүрийн үнэ цэнийг таньж мэдсэн уужуу сэтгэлээс гарч байх шиг санагдав.  

Сара 2000 оны эхээр БНХАУ-ын Төвөдийн нийслэл хот Лхаса хотын нэгэн дунд сургуульд англи хэл заахаар очив. Нэгэн удаа Төвөдөд зохион байгуулагдсан англи хэлний багш нарын олон улсын хурлын үеэр тэрбээр Крейг Портелл гэх өндөр, туранхай, Америк залуутай танилцсан нь хожим нь түүний нөхөр болж, Монгол гэх агуу түүхтэй оронтой танилцуулах гол гүүр нь болохыг мэдээгүй хэмээн Сара дурсав.  

Крейг 1998 онд анх Монголд иржээ. Түүний ажиллаж байсан олон улсын ELIC байгууллагаас Крейгийг англи хэлний багшаар Баян-Өлгий аймаг руу илгээсэн байна. Тэднийг анх танилцахад Крейг Баян-Өлгий аймагт ажиллаж амьдраад аль хэдийн таван жил болчихсон нутгийнхан дунд “Казахаар ярьдаг Америк залуу” хэмээн дууддаг алдартай нэгэн гэж хэлж болохоор байлаа.  

Крейг, Сара хоёр Түвдэд ажиллаж байхдаа

Крейг, Сара хоёр Түвдэд ажиллаж байхдаа

“Ер нь хүн амьдралд хань болох хүнтэйгээ учирвал шууд л мэдэрдэг гэж би боддог. Анх Крейг бид хоёр бие биенээ хараад л эртний танилууд шиг дотно мэдрэмж мэдрэгдсэн. Олон улсын хурлын дараа Крейг Монгол руу буцаж би Төвөдийн сургуульдаа хичээлээ заан үлдсэн. Хоёулаа өөр өөр улсад ажилладаг байсан болохоор эхний хугацаанд бид хоёр е-мэйлээр харьцдаг байв. Гэхдээ хоёр жилийн дараа Крейг Төвөд дэх салбар руу шилжин ирсэн. Үүнээс хойш жинхэнээсээ болзож эхэлсэн дээ” гэж Сара хэллээ. Ингээд Крейг, Сара хоёр 2007 онд хуримаа хийсэн бөгөөд тэд гурван өөр улсад хуримын ёслолоо хийжээ. Төвөд анх танилцсан тухайн үед хоёулаа тэнд ажилладаг байсан болохоор Төвөд дэх найз нөхөд, хамтран ажиллагсаддаа зориулан хуримын хүлээн авалт хийсэн. Энэ үеэр хосууд Төвөд ёс заншлаар хуримын ёслолын арга хэмжээгээ зохион байгуулж, үндэсний хувцсыг нь өмссөн. Үүний дараа Канад болон Америкт бас хоёр өөр хуримын арга хэмжээ болсон талаар Сара дурсан ярив. 

Крейг Сарад Монголын онгон зэрлэг байгаль, нүүдэлчин уламжлал, заншил, бөө мөргөл, бүргэдийн ан, хоёр бөхт тэмээ зэрэг урьд өмнө нь түүний харж байгаагүй сонирхолтой зүйлсийн талаар нүдэнд нь харагдтал ярьж өгдөг байв. Хэдэн жилийн дараа үлгэрийн юм шиг энэ бүхэнтэй танилцах боломж бүрдсэн хэмээн Сара өгүүллээ. 

ГЭР БҮЛЭЭРЭЭ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ РУУ НҮҮВ  

Сарагийн хувьд Төвөдөд зургаан жил харин Крейг гурван жил ажилласны дараа тэдний гэрээ дуусгавар болж цаашид хаана амьдрах вэ гэсэн асуулт гарч ирэв. Тэдний хувьд шинэ улс руу нүүхүү эсвэл Канад, Америк хоёрын нэгийг сонгох хэрэгтэй байсан юм. Харин энэ үеэр Крейг Сарад Монголын Баян-Өлгий аймаг руу нүүж тэнд амьдрах санал тавьжээ. Ийнхүү тэд 2010 оны хоёрдугаар сард Төвөдөөс Монгол руу нүүж ирсэн юм. Энэ талаар Сара “Биднийг анх ирэхэд Цагаан сарын баяр болж байсныг санаж байна. Нөхөр маань өмнө нь олон жил Баян-Өлгий аймагт ажиллаж амьдарч байсан учир найз нөхөд, танилын хүрээллээ аль хэдийн үүсгэчихсэн байсан. Энэ нь намайг Өлгийд нийгэмшихэд надад маш их тус болсон” хэмээн дурсан ярилаа.  

Баян-Өлгий аймагт амьдарч байх хугацаандаа Крейгийн гэр бүл хоёр охинтой болов. Хэдий охидоо Канад улсад төрүүлсэн ч тэд амьдралынхаа дийлэнх хугацааг Монголд өнгөрөөсөн сэтгэлгээ нь монголжсон хүүхдүүд хэмээн Сара шоолонгуй хэллээ. Түүний охид хөдөө гарч хурга, ишигтэй тоглох дуртай. Мөн ааруул, шар тос, зөөхий, тараг зэрэг цагаан идээнд нугасгүй дуртай. Цэцэрлэг, сургуулийн найзууд нь бүгд казах хүүхдүүд болохоор багаасаа англи хэлнээс гадна казахаар ярьж сурчээ.  

“Баян-Өлгийд амьдарсан найман жилийн хугацаанд миний сэтгэлд хамгийн их хоногшсон гурван зүйл гэвэл байгаль, хүмүүс, ёс заншил. Ёлтын сав газар, Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар, Бага Түргэний хүрхрээ, Толбо нуур зэрэг заавал очиж үзэх байгалийн маш олон дурсгалт газрууд тэнд бий. Эндэхийн хүмүүс ээж аав, ах эгч зэрэг гэр бүлээ хүндэлж дээдэлж байгаа нь их сайхан бахархмаар байдаг. Мөн их цагаан сэтгэлтэй хүмүүс. Уул ус, ёс заншлаа дээдэлж хойч үедээ өвлөн уламжлуулах, зааж сургахад маш их ач холбогдол өгдөг. Хамгийн гол нь байгаагаараа байгаа нь их сайхан” гэж Сара хэллээ. 

Крейгийн гэр бүл Баян-Өлгий аймагт найман жил амьдарсан байна. Энэ хугацаанд тэд Nova Lingua гэх англи хэлний сургалтын төвөө 2011 онд үүсгэн байгуулав. Энэ талаар Сара “Биднийг анх Өлгийд ирэхэд англи хэлээр ярьдаг хүмүүс миний төсөөлж байснаас их байсан шүү. Найзуудынхаа саналаар анх англи хэлний сургалтын төвийн үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Найман жилийн хугацаанд 1000 гаруй хүүхэд, томчуудад англи хэл зааж сертификат олгосон байна лээ” гэв.  

Баян-Өлгий аймгийн дийлэнх хувийг казах ястан эзэлдэг болохоор нутгийн иргэд ихэнх нь багаасаа хоёр хэлээр ярьдаг. Энэ нь аливаа гадаад хэлийг амархан сурахад түлхэц болдог юм шиг байгаа юм. Манай сургалтын төвд бэлтгэгдсэн хүүхдүүд ЭЕШ-д өндөр оноо авдаг байсан. Энэ нь манай сургалтын төвийн гавьяа гэхээсээ илүү казах хүүхдүүдийн хэл сурах авьяастай холбоотой байх гэж бодож явдаг тухайгаа Сара өгүүлэв. Гэхдээ алслагдсан аймагт унаган хэлтэй багш битгий хэл ахисан шатны англи хэлтэй багш олоход хэцүү бөгөөд Сара, Крейг нарын гараар дамжсан шавь нар дундаас TOEFL, IELTS-ийн оноогоо авч улмаар Турк, Унгар, Польш, Солонгосын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүд зөндөө байдаг аж.  

Ийнхүү Баян-Өлгий аймагт найман жил амьдарсны дараа Крейгийн гэр бүл нийслэл Улаанбаатар хот руу нүүх шийдвэр гаргав.  

УЛААНБААТАРТ ХАМГИЙН ТААЛАГДДАГГҮЙ НЬ ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДОЛ  

Крейг, Сара хоёрын хүүхдүүд өсөж том болохын зэрэгцээ охидоо хаана сургуульд оруулах вэ гэдэг асуудал хөндөгдөж эхлэв. Баян-Өлгий аймагт амьдралын хэмнэл тайван, өртөг бага, илүү аюулгүй гээд давуу тал олон боловч хүүхдэдээ чанартай боловсрол олгох зорилгоор 2018 онд Улаанбаатар хот руу нүүж иржээ. Мөн үүнтэй зэрэгцэн нөхөр Крейг хотод ажлын санал авсан нь Улаанбаатар руу нүүхэд бас нэгэн түлхэц болов.  

Өдгөө түүний том охин Аннелис Элит олон улсын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. “Улаанбаатар хотод надад таалагддаг. Энд ирээд олон найз нөхөдтэй болж байна. Манай гэр бүл Өлгийд амьдарч байхдаа нутгийн иргэдтэй харьцахын тулд казах хэл сурах шаардлага гарч байсан бол одоо монгол хэл сурах хэрэгтэй болсон. Охидын маань хувьд сүүлийн хоёр жил Улаанбаатар хотод байгаа болохоор казах хэлээ мартах гээд байх шиг байна. Мөн сургуульдаа зарим хичээлээ монгол хэлээр үздэг найзууд нь бүгд монгол хүүхдүүд болохоор монгол хэлийг амархан сурч байна. Харин миний хувьд монгол сурах гэж хичээж л байна. Хүний нас явах тусам гадаад хэл сурахад хүндрэлтэй байдаг гэдэг. Надад ч гэсэн энэ хүндрэл тохиолдож л байна” хэмээн Сара хэллээ. Улаанбаатарт нүүж ирсэний дараа Сара Гэгээ сургалтын төвөөс англи хэлний багшаар ажиллах ажлын санал авч, одоогийн байдлаар тэнд ажиллаж байгаа юм. 

Их хотын амьдралд аажим аажмаар дасаж буй Улаанбаатарт Крейгийн гэр бүлд таалагдсан зүйл маш их байгаа аж. Тэд гэр бүлээрээ цана, чаргаар гулгах дуртай бөгөөд их хотын утаа, чимээ шуугианыг хэсэг ч болов мартан гэр бүлээрээ нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд цанын бааз ордог байна. Канад улстай харьцуулахад Улаанбаатарын цанын баазуудын үнэ маш хямд болохоор долоо хоног болгон очихыг хичээдэг байна. 

Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр Улаанбаатар хотын түгжрэл болон агаарын бохирдол Сарагийн хамгийн их санаа зовоосон асуудал гэв. Крейгийн гэр бүл хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуультай ойролцоо газар байр түрээсэлж амьдарч байгаа нь нийтийн тээвэрт суухгүй байхад тус болдог ч амралтын өдрөөр зайлшгүй тохиолдолд нийтийн тээвэрт суухдаа түгжрэлийн цагийг зайлшгүй тооцоолдог болжээ.  

ИРЭЭДҮЙД БИ КАНАДАД СУУРИН АМЬДАРНА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА 

Крейгийн гэр бүлийг жинхэнэ олон соёлт гэр бүл гэж хэлж болохоор. Сара Канад, Крейг Америкийн иргэн. Гэхдээ тэд Төвөдөд танилцаж тэнд гэр бүлийн гал голомтоо бадрааж байсан. Охид нь Канадад төрсөн ч зургаан сараас илүү хугацаанд тэнд амьдарч байгаагүй. Тэд амьдралынхаа дийлэнх цагийг Баян-Өлгий аймагт өнгөрөөсөн. Манай гэр бүлийн хувьд Монгол хоёр дахь эх орон маань юм гэв. 

Сара “Охидын маань сэтгэхүй монголжсон. Тэд Канадад төрсөн ч гэсэн ихэнх хугацаагаа Монголд өнгөрөөсөн. Мөн манай гэр бүл аялах дуртай учир боломжоороо жилдээ 1-2 удаа Азийн орнууд руу аялдаг. Бид Азийн орнуудаар аялах дуртай. Охид маань ухаан орсон цагаас нь аялалд хамт авч явдаг. Тийм болохоор охид маань Ази сэтгэлгээтэй болсон байх. Тэд ч аялах дуртай. Заримдаа том охин маань бид хэзээ Вьетнам явах вэ гэж асуудаг“ гэж хэллээ.  

Сара полиглот буюу олон хэлээр ярьдаг. Канад улсын албан ёсны хэл нь англи, франц. Үүнээс гадна Сара сургуульд байхдаа грек, еврей хэл давхар сурч байсан. Төвөдөд ажиллаж байхдаа Төвөд хэлнээс гадна хятад хэлийг маш идэвхтэй сурчээ. Баян-Өлгийд амьдарсан найман жилийн хугацаанд казах хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн хэмээн нутгийн иргэд түүнийг магтана. Харин Сара одоо Монгол хэл сурч байгаа. Сарагийн бас нэг хобби аялах бөгөөд одоогийн байдлаар тэрбээр 30 гаруй орноор аялжээ.  

Цаашдын зорилго, ирээдүйд аль улсад амьдрах талаар тэрбээр “Манай гэр бүл маш их аялдаг. Олон жилийн турш гадаадад ажиллаж амьдарч байгаа болохоор ойрын ирээдүйд би Канад юмуу Америкт суурин амьдарна гэж бодохгүй байна. Манай гэр бүлийн хувьд Казахстан улс руу нүүх талаар төлөвлөж байсан. Учир нь бид казахаар ярьж чаддаг учир тэнд очиж амьдрахад хүндрэл гарахгүй гэж бодож байна. Гэхдээ энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ дэлхийн аль ч улсад амьдарсан ч ирээдүйд хүүхдүүд маань дэлхийн иргэн болоосой гэж хүсдэг. Олон ургалч бусад хүний эрх үүргийг хүндэтгэдэг тийм хүнлэг хүн байгаасай гэж хүсч байна“ гэв.  

эх сурвалж:gogo.mn

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …