А. Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна

Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой уурхай хүртэл 414,6 километр үргэлжлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан босгож буй түүхэн бүтээн байгуулалт юм. Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албаны шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Амартүвшин, цагдаагийн ахмад Г.Сэргэлэнбаатар нар анхлан оролцож, үүрэг гүйцэтгэсэн талаар бид өмнө нь мэдээлэл хүргэж байсан.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд оролцож, үүрэг гүйцэтгэсэн Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Сэргэлэнбаатартай ярилцлаа.

Төмөр замын бүтээн байгуулалтад Тээврийн цагдаагийн албанаас оролцсон анхны алба хаагчид  ямар үүрэг оролцоотой ажилласан талаар яриагаа эхлэе?

Монгол Улсын анхны төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо баяртай байдаг. Дуудлага бүхэн хариуцлагатай манай албанд томилолт бүхэн адилгүй байдаг. Тээврийн цагдаагийн албанаас хоёр алба хаагч 2020 оны гуравдугаар сард томилогдон ажилласан. Энэ удаагийн томилолт багагүй урт хугацаа байсан ч завгүй ажил өрнөсөөр нэг л мэдэхэд дараагийн алба хаагчид ажлаа хүлээлгэн өгөх хугацаа болсон байсан. Энэ бүтээн байгуулалтын ажилд маш олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр манай цагдаагийн байгууллагааас цагдаагийн хошууч Х.Амартүвшин бид хоёр томилогдон ажилласан. Энэ үед яг бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал талаас нь хяналт тавихад жолооч нарын хөдөлгөөнд оролцож байгаа байдалд давхар хяналт тавьж, зөрчлийн хуулиар шалгаж шийдвэрлэж ажилласан.

Яг бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа газар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их  байдаг уу?

Хөдөлгөөн бол тасрахгүй. Бид тээврийн цагдаагийн алба, жанжин штабын даргын тушаалаар шуурхай удирдлагын бүлэгт орж Дорноговийн Зүүнбаянгаас Өмнөговийн Цогтцэций хүртэлх 416 км төмөр замын бүтээн байгуулалтанд үүрэг гүйцэтгэсэн юм. Маш том бүтээн байгуулалтын ажил учраас 1000 гаруй тээврийн хэрэгсэл ажиллаж байсан. Ерөнхий гүйцэтгэгч болох Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлаганд 20 гаруй цэргийн анги, 52 аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон юм. Шуурхай удирдлагын харьяанд эхний ээлжинд 0-147км замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгсэл болон жолооч нарын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авна гэхээсээ илүү бүтээн байгуулалтын ажилд туслаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс оролцсон гэсэн үг. Одоо дараагийн ээлжний алба хаагч нар очоод үүрэг гүйцэтгэж байгаа.

Нийтлэг ямар зөрчил дутагдал гарах уу?

Бидний зүгээс бүх тээврийн хэрэгслийг  замын хөдөлгөөний хууль дүрмийг сахиулах болон бүрэн бүтэн байдал дээр нь байнга хяналт тавина. Мөн малчид малаа хариулгагүй байлгаснаас замын хөдөлгөөнд саад учруулж, осол гаргахаас урьдчилан сэргийлж хяналт тавина. Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл дугуй хагарах тохиолдол их гардаг учраас замын хөдөлгөөнд их саад учруулна. 8 метрийн өргөнтэй зам дээр нэг  тээврийн хэрэгсэл  саатаж, зогсоход  дараагийн автомашинуудыг гүйцэд түрүүлж, өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх эрсдэл  гардаг. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газраас бидний ажиллах,  амьдрах  орчныг бүрэн хангаж ажилласан учраас олон сарын томилолтод хууль дүрмийн дагуу үүргээ гүйцэтгэхэд ямар нэг хэцүү, хатуу асуудал гарсангүй. Хувийн 19 байгууллага, Зэвсэгт хүчний анги, салбарууд гээд аж ахуй нэгж дор хаяж 70-80 тээврийн хэрэгсэлтэй  ажилладаг юм.

Таны хувьд цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

Би цагдаагийн байгууллагад 18 жил ажиллаж байна. Анх Чингэлтэй дүүргийн замын цагдаагаар дэд ахлагч цолтой томилогдож байсан. 2012 онд буюу 10 жилийн дараа офицер болж, одоо ахмад цолтой ажиллаж байна. Миний эхнэр төрийн байгууллагад ажилладаг. Бид хоёр хүүхэдтэй. Энэ бүтээн байгуулалт бол Монгол хүний гараар бүтээж байгаа төмөр зам гэдгээр нь бусдын нэгэн адил баярлаж, бахархаж, энэ ажилд цагдаагийн алба хаагчийн хувьд үүрэг гүйцэтгэсэндээ маш их баярлаж байна. Анхны хүнээр томилогдож итгэл найдварыг нь аваад 40 градусын халуунд ядарч байсан ч, халуун байсан ч ажиллаад ирлээ. Энэ бол миний хувьд том боломж, үүрэг хариуцлага байсан. Анх очиход бол хээр тал, ганц нэг зэрлэг амьтан газар төмөр зам тавигдахыг нүдээр харна гэдэг бахархмаар сайхан юм билээ. Тэнд ажилласан инженер техникийн ажилтнууд, алба хаагч нар, цэргүүд гээд бүх л хүмүүсээр маш их бахархаж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.