Г.Ёндон: Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал авсан

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-т ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ төлбөрийг үйлдвэрээс төлүүлсэн баримт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ.

Тэрбээр энэ асуудалд өнөөдөр /2020.10.26/ тайлбар өглөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “ Олон хэвлэлээс хандаж байгаа учраас тайлбар хийж байна. Нэгдүгээрт, “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй ямар ч хамаагүй, ашгийн төлөө байгууллага байдаг.

Та бүхний сонирхож байгаа журам нь “Монголросцветмет” ТӨҮГ-т 2000 оны эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн. Уг журамд компанийн гүйцэтгэх удирдлага, менежментийг урамшуулж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалтуудтай. Хэрэв компани ашиггүй ажиллаж, зорилтот түвшиндээ хүрэхгүй бол энэ урамшуулал, хөнгөлөлтийг олгодоггүй. Тэр ч утгаараа 2012 оноос таван жилийн хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ ашиггүй ажиллаж, энэ урамшууллыг олгож байгаагүй.

Би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд гэрээ байгуулж, томилогдон ажилласан. Би өмнө нь “Монголросцветмет” ТӨҮГ-т 1999 оноос ажиллаж байсан. Дунд нь нэг жил гаруй хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байсан.

Ер нь “Монголросцветмет” ТӨҮГ шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Одоо яригдаж буй баримтыг 2019 онд нээлттэй мэдээлсэн байсан. Өнөөдөр миний хашиж буй албан тушаалтай холбоотой энэ жил цацагдсан байх. Үүнийг дөрөв дэх засаглалын сэтгүүлчид олж харсан нь нэг талаасаа зөв.

Өндөр урамшуулал, цалин мөнгө өгснөөр Төрийн өмчийн удирдлагаас зөрүүлээд, компанийн менежментийг зөв хийж, ашигтай ажиллуулах, улсад төлдөг татвар, ногдол ашгийг нэмүү байлгахад авч буй арга хэмжээ гэж үздэг. Тодорхой журам, хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг. Би хувь хүнийхээ үүднээс болохгүй зүйл хийгээгүй. Энэ бол бүрэн нээлттэй байсан мэдээлэл. “Монголросцветмет” ТӨҮГ нь 2019 онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ талаар тухайн газраас очиж, тодруулсан нь дээр биз. Ганц би биш олон ажилтан авдаг гэж ойлгодог. Одоо тухайн байгууллагад харьяалагдахгүй байгаа учраас мэдээлэл өгөх нь илүүц болов уу.

Журамд сургалтын төлбөрийн хөнгөлөлт, орон сууцны хөнгөлөлт байсан. Тухайн үед Бор-Өндөрийн ажилчид орон сууцаа хувьчилж авч байсан. Миний хувьд сургалтын төлбөрөөс өөр урамшуулал байхгүй. Мөн эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах мөнгөн урамшуулал байсан”гэж тайлбарлалаа.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …