Д.Сумъяабазар: Засгийн газар, УИХ-тай нэг бие сэтгэлээр хамтарч ажиллана

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэхийг дэмжсэн. Тэрбээр өчигдөр 18:30 цагт нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэл хотын ажил нэг өдөр, нэг цаг ч саатаж болохгүй хэмээн үзсэн учир түүнийг өчигдөр батламжилсан болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын тамга тэмдэг, Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хамт гардуулан өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Төрийн үйл хэрэг, залгамж чанар тасралтгүй явах ёстой. Улаанбаатар хотод өвөлжилтийн бэлтгэлээс авахуулаад хийж хэрэгжүүлэх ажил шил шилээ дараад хүлээж байгаа. Улаанбаатар хот бол эдийн засгийн 68 хувь, мөнгөний эргэлтийн 85 хувь, нийт хүн амын 50 хувь байдаг учир энэ их айлын ажил тасралтгүй явагдах учиртай. Цаашид нийслэлд тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хүрээнд нийслэл Засгийн газар, УИХ-тай нэг бие сэтгэлээр хамтарч ажиллана. Хотын хөгжил улсын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох болно” хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.