БНСУ-д 14 хүргэлтийн ажилтан хэт ачааллаас болж нас баржээ

Өмнөд Солонгост коронавирусийн цар тахлын улмаас хүргэлтийн үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж, он гарснаас хойш 14 хүргэлтийн ажилтан хэт их ачааллын улмаас нас бараад байгааг тус улсын Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Хамгийн сүүлд “CJ Logistics Corp”-ийн нэгэн хүргэлтийн ажилтан өнгөрөгч мягмар гарагийн орой түр завсарлага авч байгаад ухаан алдаж унаад, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. Талийгаачийн гэр бүлийн гишүүдийн хэлснээр тэрээр ням гарагийн 14:00 цагаас даваа гарагийн 12:00 цаг хүртэл ажилласан байна. Гэвч тэрээр үүнээс тавхан цагийн дараа эргээд ажилдаа очсон бөгөөд мягмар гарагт ухаан алдах хүртлээ үргэлжлүүлэн ажилласан аж.

Амиа алдсан ажилчдын үхлийн шалтгааныг гэр бүлүүд нь “Гваруса” гэж тодорхойлсон байгаа юм. Энэ нь хэт их ажлын улмаас гэнэт зүрх нь зогсож эсвэл цус харваж нас барах гэсэн утгыг илтгэдэг үг аж. Үүний дээрээс “CJ Logistics”-ийн өөр нэгэн ажилтан хэт хүнд нөхцөлд ажиллаж байсан тухайгаа гэрээслэлдээ бичээд, амиа хорлосон явдал энэ сард гарсан билээ.

Таван ажилтан нь нас бараад байгаа “CJ” компани өнгөрөгч пүрэв гарагт олон нийтээс уучлалт гуйж, хүргэлтийн ажлын нөхцөлөө сайжруулахаа амласан юм. Арай жижиг хүргэлтийн компани болох “Hanjin Transportation” ч мөн энэ долоо хоногт нэг хүргэлтийн ажилтныхаа үхэлд уучлал гуйж, ажилчдынхаа ачааллыг бууруулахаа амласан байна.

20 мянга гаруй ажилтантай “CJ Logistics” компани түүнчлэн хүргэлтийн хайрцгийг ялгадаг ажилчдын тоогоо 3,000-аар нэмэгдүүлж, бүх ажилчдаа үйлдвэрийн ослын даатгалд хамруулна хэмээн мэдэгдсэн. Гэвч ойрын үед ар араасаа тохиох болсон хүргэлтийн ажилчдын үхэл тус улсын олон нийтийн дунд ихээхэн бухимдал үүсгээд байгаа юм.

Эх сурвалж: The Korea Times, Yonhap News Agency

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …