“Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны киноны нээлт боллоо

Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулан МҮОНРТ-тэй хамтран хийсэн “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны киноны нээлт /2020.10.20/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг, М.Чинбат, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд,  МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, захирал Ч.Батцэнгэл нар болон тус киноны нийт уран бүтээлч, жүжигчид, Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурор, ажилтнууд  оролцлоо.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Прокурорын байгууллагын тухай өгүүлсэн бүрэн хэмжээний уран сайхны кино өмнө нь огт байгаагүй, МҮОНРТ салбар салбарын онцлогийг харуулсан олон кино хийсэн бол энэ удаа прокурорын тухай кино хийлээ. Энэ кинонд прокурор хэрхэн ажилладаг, прокурор хүний цаана ямар амьдрал байдгийг бодитоор харуулж чадсанд баяр хүргэж, нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлье” хэмээн онцлон хэлсэн юм.

Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, прокурор хүний ажил, амьдралын талаар өгүүлэх энэхүү арван ангит уран сайхны киноны зохиолыг чөлөөт уран бүтээлч А.Амарсайхан, МҮОНРТ-ийн найруулагч, СТА Н.Чингис нар бичиж, ерөнхий найруулагчаар Н.Чингис найруулагч өөрөө ажилласан ба гол дүрд МҮОНРТ-ийн дуу оруулагч, жүжигчин Э.Дэлгэрцэцэг тоглосон юм.

Киноны нээлтийн арга хэмжээний үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн ерөнхий продюсер Д.Ганчимэг, зохиолч А.Амарсайхан, МҮОНРТ-ийн дууны найруулагч А.Батбаяр, МҮОНРТ-ийн эвлүүлгийн найруулагч Б.Баасанбат, дуучин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Цогтдэлгэр, МҮОНРТ-ийн зураач М.Даваасүрэн нарыг Прокурорын байгууллагын 90 жилийн ойн Хүндэт тэмдэгээр;

МҮОНРТ-ийн найруулагч Н.Чингис, МҮОНРТ-ийн зураглаач Б.Чинбат, киноны гол дүрийн жүжигчин МҮОНРТ-ийн дуу оруулагч, жүжигчин Э.Дэлгэрцэцэг нарыг “Прокурорын Хүндэт тэмдэг”-ээр, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Оргил-Очирыг “Прокурорын тэргүүний ажилтан” тэмдэгээр тус тус шагнаж, киноны нийт уран бүтээлчдэд Улсын Ерөнхий прокурорын “Талархал”, гарын бэлгийг гардууллаа.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд кинонд мөрдөгчийн дүрд тоглосон МҮОНРТ-ийн дуу оруулагч, жүжигчин О.Бэлгүтэйг “Монгол Цагдаа” медалиар шагналаа.

Тус кинонд телевизийн дуу оруулагч, жүжигчдээс гадна прокурорын байгууллагын прокурор, ажилтнууд, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүхийн шинжилгээ зэрэг байгууллагын 200 гаруй хүн оролцож, тусалж дэмжсэн байна.

Санал болгох мэдээ

ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн …