Найруулагч С. Бямбын “Хэвтрийн Хүн” кино Таллины олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ

Зохиолч Г.Аюурзанын “Хэвтрийн Хүн” бэсрэг романаас сэдэвлэж, Гуру Медиа болон Номадиа Пикчерс нарын хамтран бүтээсэн уран сайхны кино дөрвөн өдрийн өмнө “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын нээлтийн киногоор шалгарч нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 20-ноос эхлэн бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ.

Тэгвэл уг киноны дэлхийн нээлт 24 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Хойд Европын хамгийн том бөгөөд дэлхийн “A” зэрэглэлийн нэр хүндтэй 14 кино наадмын нэг болох Таллины олон улсын кино наадмын албан ёсны уралдаант хэсэгт сонгогдсоныг дуулгахад таатай байна.

Уг наадмын хуудсанд Хэвтрийн хүн киног “…өөрийн хэмнэлтэй хайрын тухай яруу түүх… Энэхүү өвөрмөц монгол кино бидэнд хоромхон зуур амсхийн, хаана хэрхэн хүрч ирснээ эргэцүүлэн бодох боломжийг олгож буй бүтээл” гэж онцолжээ.

Үзэгчдэд соёлын шинэ орон зай өгч, хурц асуулт тавьж, тэднийг инээлгэж, гайхшруулж, жинхэнэ утгаар нь тав тухтай бүсээс нь гаргахдаа гарамгай тус наадмын олон улсын уралдаант хэсэгт Оскарын шагналт Унгарын нэрт найруулагч Ишван Сабо, Оросын кино академийн Ника шагналт Александр Миндадзе, 2015 оны Каннын Uncertain Regards ын шагналт Хорватын найруулагч Далибар Матанич (Dalibor Matanić), 2007 оны Сандансын кино наадмын шилдэг найруулагчийн шагналт Анна Меликоян зэрэг кино ертөнцөд нэр нь танигдсан уран бүтээлчдийн кинонууд шалгаран өрсөлдөж байна.

Хоёр жилийн өмнө зураг авалтыг нь хийсэн “Хэвтрийн Хүн” киноны зохиол нь 2017 оны Каннын кино наадмын Le Atelier хөтөлбөрт Монголоос анх удаа сонгогдон оролцож байсан.

26 настай залуу зохиолч болон түүний сүйт бүсгүйтэй холбоотой таван бэсрэг хайрын түүхийг, он цаг дамнасан хоржоонт ээдрээтэй үйл явдлаар илэрхийлэх уг киног Монгол, Швейцари , Германы 80 гаруй уран бүтээлчид хамтран бүтээж, пост продакшныг Берлин хотод байдаг Студио Миттед хийсэн.

Тус киноны гол дүрд авьяаслаг залуу жүжигчид болох Г. Баттулга, Т. Ариунчимэг нар тоглож, Ш. Доржсүрэн, Д. Оюунзул, Р. Баттогтох, Б. Оюун-Эрдэнэ, М. Тогтохжаргал, Б. Билгүүн, Б. Должинсүрэн, Г. Тэнүүн-Эрдэнэ, Х. Хулан нар туслах дүрийг чадварлаг бүтээжээ.

Уг бүтээлийн хөгжмийн зохиолчоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа С.Сансаргэрэлтэх, Ерөнхий зураачаар Германы Бабелсбергийн Кино Урлагийн Их Сургуулийн кино зургийн танхимын декан Д.Ариунсайхан, Ерөнхий зураглаачаар Өмнөд Солонгост кино зураглаачийн мэргэжил эзэмшсэн залуу зураглаач Б.Түвшинтөгс, ерөнхий продюсероор Гуру Медиа студийн Ц. Ариунаа, хамтрагч продюсероор Номадиа студийн продюсер Б.Наранбат тус тус ажилласан юм.

Санал болгох мэдээ

“Шар гэгээ” кино Бээжингийн кино маркетын үзвэрээр сонгогдож, тус улсад гарахаар болжээ

Оранж энтертайнмент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино …