Д.Нямхүү: Ачааны тэрэгний жолоочоос коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.10.23/ гаргасан коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулав. 

Тэрбээр “ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 1053 хүний сорьцод шинжилгээ хийхэд нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Энэ нь аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны тэрэгний жолооч, 35 настай Монгол Улсын иргэн байв. Монголд нийт батлагдсан тохиолдол 328-д хүрснээс 312 хүн эдгэрсэн. Эдгэрэлт 95 хувьтай байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 16 хүн эмчлэгдэж байгаагаас 12 нь хөнгөн, дөрвөн өвчтөн хүндэвтэр байна” гэв. 

БНСУ-д томуугийн вакцинд хамрагдсан 20 гаруй хүн нас барсан нь иргэдийн санааг зовоож, Монголд хийсэн вакцин эрсдэлтэй эсэхийг сонирхож буй. Тиймээс Д.Нямхүү эмч хэвлэлийн бага хурлын үеэр мөн томуугийн вакцины талаар товч мэдээлэл өглөө.

“Монгол Улс томуугийн эсрэг 509500 хүн/тун вакцин оруулж ирснээс 440 мянга гаруй нь хийгдсэн. Вакцинд хамрагдсан байдал өндөр байна, ямар нэгэн урвал, хүндрэл гарсан тохиолдол гараагүй. Вакцин хийлгэсний дараа хөндүүрлэх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эмчийн үзлэг маш чухал байдаг” гэдгийг тэр онцоллоо. 

Түүнчлэн “Тусгаарлалтад байсан нэг иргэнээс хяналтын 20 дахь хоног дээр нь халдвар илэрсэн гэдэг мэдээлэл бол үнэн. АНУ-ын Сиэтл хотоос аравдугаар сарын 1-нд ирсэн хүний эхний шинжилгээ сөрөг гарсан. Түүнээс 13 дахь хоног дээр авсан шинжилгээ мөн сөрөг гарсан бол 20 дахь хоног дээр буюу сүүлчийн шинжилгээ авахад эерэг гарсан. Тухайн өвчтөн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа” гэдгийг нэмж мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …